Бидний сайн мэдэх аккумлятор ашиглалтаас гарсны дараа хаачдаг талаар та бодож байсан уу? Монголын нөхцөлд аккумлятор энгийн нэг хог хаягдал шиг хогийн саванд орох нь элбэг ч энэ нь байгальд ихээхэн хохиролтой. Учир нь аккумляторт агуулагддаг хар тугалга нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөлтэй хаягдалд тооцогддог. Мөн аккумлятор нь бүхий л төрлийн тээврийн хэрэгсэлд агуулагдаж байдгаараа онцлог юм.
Нэгдсэн Үндэсний Байгууллагын судалгаагаар дэлхий даяар жил бүр 4 сая гаруй тонн хар тугалганы хаягдал үүсдэг төдийгүй аккумляторын 90 гаруй хувийг дахин боловсруулах боломжтойд тооцогддог. Гэвч бодит байдал дээр хөгжиж буй орнуудад энэ түвшин дөнгөж 50–60 хувь орчимд хүрдэг бол Монголын нөхцөлд ердөө 20 орчим хувь нь зориулалтын байдлаар хаягдаж, дахин боловсруулагддаг байна. Нэмээд Монгол Улсад нэг жилд ойролцоогоор 1.6 сая аккумлятор хаягддаг ба дийлэнх аккумлятор байгальд шууд хаягдаж байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх болжээ.
Хорт хаягдлыг дахин боловсруулагч “Электрокем Монгол ХХК”

Энэхүү асуудлыг шийдэхэд чиглэн ажиллаж буй анхны үйлдвэр бол “Электрокем Монгол” ХХК юм. Улаанбаатар хотын Баганхангай дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж буй тэдний хувьд АНУ-ын Battery Services International LLC-ийн технологийн дагуу аккумляторыг дахин боловсруулах үйлчилгээг 2018 оноос эхлэн дотоодын зах зээлд нэвтрүүлээд байна.
Рио Тинто, Инвескор ББСБ-ын хамтран байгуулсан “Ри Сайкл” нөлөөллийн хөрөнгө оруулалтын сангийн тусламжтайгаар үйлдвэрлэлээ жилд 800,000 ширхэг буюу 12,000 тонн хар тугалганы батарейг 98% дахин боловсруулах хүчин чадалтай болгон өргөжүүлж, дэлхийн жишигт нийцүүлээд байна. Улмаар Монгол Улс ашиглалтаас гарч буй бүх аккумляторыг дахин боловсруулах боломжтой болоод буй юм.
“Электрокем Монгол” ХХК авто засварын газар, дахивар цуглуулах цэгүүдээс хуучирсан аккумляторыг цуглуулан, тусгай тээвэрлэлтээр үйлдвэртээ хүргэдэг. Эхлээд батарейг задлан, доторх материалыг ангилж, хар тугалгыг хайлуулан дахин ашиглах хэлбэрт оруулдаг. Дараа нь хүчил бодисыг байгальд хоргүй болгож, үлдсэн эд ангиудыг дахин боловсруулан хог хаягдлыг багасгадаг байна.
● Факт #1: Нэг ширхэг аккумлятор дахин боловсруулснаар 10–12 кг хар тугалга байгальд шингэхээс сэргийлж, 2–3 литр хүчил хөрс болон усанд шингэхээс хамгаалдаг байна.

Дахин боловсруулалт ба эдийн засгийн үр өгөөж
Аккумляторыг дахин боловсруулснаар олон төрлийн түүхий эд, бүтээгдэхүүн гарган авах боломжтой. Жишээлбэл, хуванцар поддон, гөлтгөнө үйлдвэрлэж болдог. Хуванцар поддон нь модон поддоныг орлосноор ашиглалтын хугацаанд дунджаар олон мянган нарс модыг тайрахаас хамгаалах боломжтой юм.
● Факт #2: Нэг жилд 5,000 тонн хар тугалганы батарейг дахин боловсруулснаар 360 тонн полипропилен хуванцар гарган авах боломжтой бөгөөд үүгээр 36,000 ширхэг хуванцар поддон үйлдвэрлэж болно.

Нэмээд батарейн шон, холбоос, хавтан болон шаваасыг дахин боловсруулж, 99.97 хувиас дээш цэвэршилтэй цэвэр хар тугалга үйлдвэрлэж, олон улсын зах зээлд экспортод гаргах боломж бий. Цэвэр хар тугалгаар нэмүү өртөг шингэсэн рентген туяа тусгаарлах хавтан, катодын зэсийн үйлдвэрлэлийн технологийн хавтан үйлдвэрлэж чадах боломж бүрдээд байна.
Та бүхэн энэ мэт байгаль орчин, нийгмийн сайн сайхны төлөө хийж буй нөлөөллийн хөрөнгө оруулалтын тухай илүү ихийг “Ри Сайкл” нөлөөллийн сангийн фейсбүүк хуудаснаас аваарай.
“Ри Сайкл” нөлөөллийн сангийн фейсбүүк хуудас
https://www.facebook.com/RicycleFund
