Хүйтний эрч чангарч, өвлийн улирал ирэх цагт хот хөдөөгүй агаарын бохирдол Монголчуудын хамгийн том асуудал байсаар олон жил өнгөрлөө. Энэ хугацаанд агаарын бохирдлын эсрэг тэр дундаа утааг бууруулах олон арга замыг туршсан ч амжилтад хүрсэн тохиолдол тун цөөхөн. Улаанбаатар хотын агаар дахь PM2.5 тоосонцрын жилийн дундаж агууламж сүүлийн 10 жилд 2.5 дахин буурсан ч энэ нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 8 дахин, үндэсний агаарын чанарын стандартаас 1.6 дахин их хэвээр байна. Түүнчлэн Монгол Улсад гадаад болон дотоод орчны агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралтын түвшин 100 мянган хүн амд 215, буюу дэлхийн дунджаас 2 дахин өндөр байна.
Улаанбаатарын агаарын бохирдлын гол эх үүсвэр нь нүүрсэн галлагаатай гэр хорооллын яндан, тээврийн хэрэгсэл, хог хаягдал бөгөөд хамгийн аюултай нь хүний биед гүн нэвтрэх чадвартай PM2.5, PM10 тоосонцор юм. Харин сүүлийн жилүүдэд асуудлыг “утаа” гэхээс илүү шинэлэг шийдлээр хандсан дотоодын инновац, стартапуудын санаачилга олширч байна.
Агаарын бохирдлын эсрэг гарааны “Эйрий Фэлт ХХК”
Энэхүү асуудлыг шийдэхээр үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн нэг бол Эйрий Фэлт ХХК юм. 2021 оны 9 дүгээр сард үүсгэн байгуулагдсан тус гарааны компани нь инновацаар дамжуулж Монгол хонины ноосоор хийсэн агаар шүүх 3 бүтээгдэхүүнийг оюуны өмчөөр баталгаажуулж, дотоод орчны агаарыг цэвэршүүлэх замаар агаарын бохирдлын эсрэг үр нөлөөтэй шийдэл болж байна.

Эйрий Фэлт ХХК нь Рио Тинто, Инвескор ББСБ-тай хамтран байгуулагдсан “Ри Сайкл” нөлөөллийн хөрөнгө оруулалтын сангийн дэмжлэгээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, хонины ноосон фильтер бүхий, байгальд 100% задрах агаар шүүгч бүхий цэвэршүүлэгч төхөөрөмжийг дотоодын зах зээлд амжилттай нэвтрүүлээд байна.

Факт #1: Агаар цэвэршүүлэгч төхөөрөмж гэхэд хорт хавдар үүсгэгч дэгдэмхий органик нэгдлийг (VOC, volatile organic compounds) шингээж, РМ2.5 тоосонцрыг 99 хувь шүүж чаддаг.
Агаар цэвэршүүлэгч төхөөрөмжид түгээмэл ашиглагддаг HEPA шүүлтүүр нь синтетик материалаар хийгдсэн бөгөөд тоосонцрын 99.97%-ийг шүүж чаддаг ч байгальд задрахад 30 ба түүнээс дээш жил шаарддаг. Харин хонины ноосон шүүлтүүр нь ижил түвшинд тоосонцорыг шүүхийн зэрэгцээ 100% байгалийн гаралтай тул хэдхэн сарын дотор бүрэн задарч, байгальд хоргүй байдгаараа давуу талтай юм.
Хонины ноосон шүүлтүүрийг хэрхэн үйлдвэрлэдэг вэ?
Эйрий Фэлт ХХК нь хонины ноос болон полимер хөвөнгөөр хиймэл эсгий үйлдвэрлэдэг. Нэн түрүүнд түүхий эдийг хөвөнжүүлж, дараа нь 80:20 харьцаагаар холино. Уг хольсон эсгийг автомат шугамаар самнаж, зулж, эсгийрүүлж, дараа нь бүтээгдэхүүний зузаанаас хамаарч 170-190 хэмийн халуун булаар индүүднэ. Эцэст нь индүүдэн нягтаршуулсан бүтээгдэхүүнийг савлан агуулахад хадгалдаг байна.

Факт #2: Хонины ноосон шүүлтүүрийн үйлдвэрлэлийн шугам нь нэг жилд 20 тонн рулон материал үйлдвэрлэх хүчин чадалтай.
Нийгмийн хариуцлагын хүрээнд Эйрий Фэлт ХХК нь өөрсдийн үйлдвэрлэж буй агаар цэвэршүүлэгчийг хүүхдийн цэцэрлэгүүдэд хандивладаг байна. Түүнчлэн байгууллагуудтай хамтран агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, тэдгээрээс урьдчилан сэргийлэх тухай сургалтууд зохион байгуулж, цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч суурилуулдаг.
Түүнчлэн бизнесийн санаа, төслөөрөө дэлхийн болон Монголын тэмцээн уралдаан, хөтөлбөрүүдэд амжилттай оролцсоор иржээ. Жишээлбэл, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас зохион байгуулсан “Start.Up! Germany Tour 2024”-т Ази тивээс сонгогдсон гурван гарааны компанийн нэг төдийгүй гарааны ТОП-10 компанийн нэг болжээ.

Факт #3: Эйрий Фэлт ХХК нь олон улсын болон дотоодын 10 орчим тэмцээнд оролцож, тэмцээн бүрд шилдэг компаниудын жагсаалтад шалгарчээ.
Хонины ноосон шүүлтүүр нь синтетик материал шиг микро пластик үүсгэдэггүй, байгальд бүрэн задрах боломжтой. Мөн Монгол хонины ноос нь байгальд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг тул ногоон тогтвортой хөгжилд чиглэсэн экспортын бүтээгдэхүүн болох бүрэн боломжтой. Үүний хүрээнд Эйрий Фэлт ХХК нь хонины ноосон шүүлтүүрийг Герман, Турк зэрэг улсад нийлүүлэхээр хэлэлцээ хийж байна.
Түүнчлэн энэ өвөл өөрсдийн шинэ бүтээгдэхүүн болох Airee 3.0 загвараа танилцуулж байгаа бөгөөд “Өлзий” хээгээр чимэглэсэн Airee 3.0 нь өмнөх загвараасаа 33%-иар илүү хүчин чадалтай. Энэхүү “АВДАР ДҮҮРЭН ЦЭВЭР АГААР” төслөөр дамжуулан цаашид Зүүн Өмнөд Ази, Америк тивийн зах зээлд экспортлохоор зорьж байна.

Байгаль орчин, нийгэмд эерэг нөлөөтэй төслүүдэд хөрөнгө оруулдаг “Ри Сайкл” сангийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг энэ хаягаас хүлээн аваарай.
https://www.facebook.com/RicycleFund
