Монголын ногоон барилгын хүрээлэнгээс жил бүр ногоон, тогтвортой хөгжлийн чиглэлээр манлайлан ажиллаж буй компани, хувь хүн, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл хэргийг онцлон шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сарын 9-нд “Блюскай” зочид буудалд боллоо.
Арга хэмжээний нээлтэд оролцсон Хот байгуулалт, барилга, орон сууцны яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа “Ногоон барилга нь барилгын салбарын хөгжил, бодлогын шинэ чиг хандлагыг тодорхойлогч чухал хүчин зүйл болж байна. Мөн ногоон барилгын салбарыг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагаа нэн чухал бөгөөд Монголын ногоон барилгын хүрээлэнд салбарынхныг манлайлан ажиллаж байгаад талархал илэрхийлье” гэв.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын 57-р тогтоолыг хэрэгжүүлэх нь нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой. Түүнчлэн Монгол улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд 2026 онд нийт баригдах барилгын 10 хувийг ногоон барилга барих, 2027 онд 20 хувь зэрэг шатлан нэмэгдүүлэхээр тусгасныг” онцоллоо.
“Ногоон барилгын манлайлагч – 2025” шагналыг Монгол Улсад ногоон барилгын үнэт зарчмууд болох байгальд ээлтэй төлөвлөлт, ус ба эрчим хүчний хэмнэлт, хүртээмжтэй орчин, инноваци, олон нийтийн оролцоог дэмжин нэвтрүүлж буй байгууллага, хувь хүмүүст олгодог. Энэ жилийн Ногоон барилгын манлайлагчдаар дараах байгууллага, хэвлэл мэдээлэл, хувь хүмүүс тодорлоо.

“Green Building” төрөлд “Мастер түншлэл” ХХК – Go.to Market төсөл
Ногоон барилгын үлгэр жишээ төлөвлөлт, хүртээмжтэй орчны шийдэл, саарал усны системийн нэвтрүүлэлт.
“Technology Adoption” төрөлд “Хүссэн зүг” ХХК – Амгалан Резиденс
Дотоод агаарын чанарын технологи, СЭХ-н шийдлийг амжилттай нэвтрүүлсэн ногоон технологийн манлайлагч.
“Material Science” төрөлд Bloom Technology LLC
Барилгын материалд дахин боловсруулсан бүтээгдэхүүн ашиглах, хог хаягдлыг бууруулах ногоон технологийн чиглэлээр манлайлагч.
“Public Hero” төрөлд АОС Инноваци Хөгжлийн Төв – А.Отгончимэг
Гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулах олон нийтийн арга хэмжээ, мэдлэг түгээгч.

Green Planning төрөлд N.A.P компани
Ногоон барилгын төлөвлөлт, аудитор бэлтгэх, тогтвортой архитектурын чиглэлээр манлайлагч.
“Financial Solution” төрөлд Төрийн банк
Ногоон санхүүжилтийн бодлого, ногоон зээл, байгууллагын тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч.

“Media and Television” төрөлд “ТэнГэр” ТВ
Ногоон барилгын боловсрол, мэдээллийг олон нийтэд түгээн дэлгэрүүлсэн хэвлэл мэдээллийн салбарын манлайлагч.
Арга хэмжээний үеэр BestGER ногоон барилгын үнэлгээний Хялбаршуулсан төрлийн аудиторуудад гэрчилгээ гардуулснаас гадна Монголын ногоон барилгын хүрээлэн болон Монголын байгалийн өв сан хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

“Ногоон барилгын манлайлагч – 2025” арга хэмжээгээр салбарын шилдгүүдийг алдаршуулж, Монгол Улсад ногоон барилгын хөгжлийг урагшлуулах, тогтвортой ирээдүйг хамтдаа бүтээх зорилгоо дахин бататгалаа.



