Дебют хийсэн цагаасаа дэлхийн чартуудыг тэргүүлж, томоохон загварын брэндүүдийн элч төлөөлөгчөөр ажиллаж, гялалзаж явсан NewJeans хамтлаг дахин бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн нэгдэх найдвар тасарлаа. Учир нь даваа гарагт тэдний харъяалагддаг Ador агентлаг Danielle-тай хийсэн гэрээгээ бүр мөсөн цуцалснаа зарласан юм.
Хамтлаг болон агентлаг хоорондын маргаан 2024 онд эхэлсэн. NewJeans хамтлаг агентлагийнхаа ажлын байрны дарамт, зохисгүй харилцаанаас үүдэж агентлагаасаа гарахаа мэдэгдсэн ч Ador энэ мэдэгдлийг нь үгүйсгэсэн. Энэ шийдвэр нь хуулийн маргаан үүсгэж, шүүхийн процесс бүтэн жил үргэлжилсний эцэст 2025 оны аравдугаар сард шүүхээс NewJeans хамтлагийг 2029 он хүртэл Ador-той байгуулсан гэрээгээ биелүүлэх ёстой гэсэн шийдвэр гарсан билээ. Уг шийдвэрээс нэг сарын дараа бүх гишүүд агентлагтаа эргэн ирнэ гэдгээ мэдэгдэж, фэнүүдэд найдвар төрүүлсэн ч байдал удалгүй дахин өөрчлөгдлөө.

Ador агентлаг хуучин гүйцэтгэх захирал Мин Хи Жин болон Danielle-ийн гэр бүлийнхний эсрэг хуулийн арга хэмжээ авахаа мэдэгдэж, тэднийг ийм хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэсэндээ хариуцлага хүлээх ёстой хэмээн онцолсон байна. Агентлаг мэдэгдэлдээ “NewJeans-ийн гишүүд үргэлж гажуудсан, нэг талыг барьсан мэдээлэл сонссоноосоо болж түүнийгээ тарааж, олон нийт Ador агентлагийн талаар ноцтой буруу ойлголттой болсон” гэж дурджээ. Ador мөн бусад гишүүдийн нөхцөл байдлыг тодруулсан байна. Hanni нь гэр бүлийнхээ оролцоотой удаан хугацааны яриа хэлэлцээний эцэст агентлагтаа үлдэхээр шийдсэн бол Minji одоогоор Ador-той хэлэлцээ хийсээр байгаа аж. Харин Hyein, Haerin нар аль хэдийн агентлагтаа эргэн нэгдээд байгаа юм.

Фенүүдийн хувьд 2025 он үнэхээр савлагаатай жил байлаа. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Ador зөвхөн хоёр гишүүн л эргэн ирнэ гэж мэдэгдсэн нь хамтлаг тарах вий гэсэн таамаглалыг олон нийтэд төрүүлээд байсан ч энэ мэдэгдлээс нь хэдхэн цагийн дараа үлдсэн гурван гишүүн ч мөн адил эргэн ирнэ гэдгээ мэдэгдэж, нөхцөл байдал түр намжаад байсан юм.
