UBLife Logo
Хөгжим
2025 оны шилдэг 10 цомог: Billboard

2025 оны шилдэг 10 цомог: Billboard

Billboard жил бүр тухайн онд гарсан шилдэг 50 цомгийг шинэ оны босгон дээр нэрлэдэг уламжлалтай. Үүнээс хамгийн өндөр үнэлгээ авсан 10 цомог нь жилийн хөгжмийн чиг хандлага, уран бүтээлчдийн бүтээлч үйл, сонсогчдын мэдрэмж хаашаа чиглэснийг цөм илтгэж байна. Поп, хип хоп, R&B, симфони хэмнэлийн огтлолцол бүхий эдгээр цомгууд зөвхөн хит болоод зогсохгүй, 2025 оны хөгжмийн салбарын өнгийг тодорхойлсон бүтээлүүд болжээ. 

10. Justin Bieber- Swag

2021 онд гаргасан ‘’Justice’’ цомгоосоо хойш дөрвөн жил хөгжмийн ертөнцөөсөө холдсон шахуу байсан Жастин Бибер “Swag” цомгоороо уран бүтээлийн дараагийн шатандаа орсноо нотоллоо.  Хип хоп, R&B, синт-попын чадмаг хоршил бүхий тус цомогт тэрээр өсвөр насны охидын шүтээн поп од байсан үеэсээ ялгаатай нь аав болж, намба суун төлөвшсөн имижээ түлхүү шингээжээ. Dijon, Sexxy Red, Cash Cobain зэрэг олон уран бүтээлчидтэй хамтарч, амьдрал, хайр дурлал, эцэг хүний мэдрэмжийг хөндөж, “Daisies”, “Yukon” зэрэг хит төрүүлсний зэрэгцээ, ‘’Swag’’-ийг түүний уран бүтээлийн чухал эргэлтийн цэг болгож байна. 

9. Addison Rae- Addison

ТикТок-ийн од Аддисон Рей анх 2021 онд хөгжмийн ертөнцөд хөл тавьж байсан ч түүний зам тийм ч дардан байсангүй. Харин энэ онд гаргасан дебют цомогтоо өөрийн имижээ гоо зүй бүхий концепцоор тодорхойлж, Мадонна, Бритни Спирс, Лана Дел Рейгээс урам зориг, санаа авч, нягт хийгээд томруун поп ертөнцийг бүтээжээ. Швед продюссеруудтай хамтарсан энэхүү цомог нь өнгө аяс, мэдрэмжийн хувьд туйлын нарийн бөгөөд Аддисоныг орчин үеийн поп хөгжмийн “гүнж”-ийн суудалд зүй ёсоор суулгалаа. 

8.Taylor Swift- The life of a Showgirl

149 тоглолт бүхий дэлхийг тойрсон аялан тоглолтынхоо үеэр Тэйлор Свифт хоёр цомог бичиж дөнгөсөн нь аргагүй л түүнийг “showgirl” гэдгийг илтгэнэ. Түүний өмнөх цомгуудаас ялгаатай нь ‘’The life of a Showgirl’’ ердөө 41 минутын урттай, 12 дуунаас бүрдэх бөгөөд ашиг орлого ч сайн олж, сошиал платформууд дээр ч ёстой л “од” боллоо. 

7. Tyler, The Creator- Don’t tap the Glass

Гар утсаа тавьж, тухайн агшинд сонсож буй хэмнэлээ мэдэрч, хөдлөхийг уриалсан Don’t Tap the Glass цомгийн хамгийн их амжилт олсон дуу нь TikTok бүжгийн тренд болсон нь өөрөө ёжлол мэт. Тайлер энэ бүтээлдээ 10 дуугаар дамжуулан тасралтгүй бүжиж, хөлсөө гартал хөдлөх эрчимтэй мэдрэмжийг сонсогчдод бий болгохыг зорьсон бөгөөд бүжиг, панк, хип хопыг тун ч дэгжин хоршуулсан. 

6. PinkPantheress- Fancy That

Ердөө 20 минут үргэлжлэх “Fancy That” цомог PinkPantheress-ийг продюсерийн хувьд хэрхэн өсөж дэвжсэнийг товч атлаа нягт харуулсан супер төсөл болсон. Граж, drum & bass, уянгалаг стринг, хөөрөлтэй поп мэдрэмжийг өнгөрсөн үеийн бүжгийн элементүүдтэй эвлэгхэн холбосон нь түүний дуу хоолойг илүү дотно, дуунуудыг илүү чихнээ танил сонсогдуулна. Энэ цомог түүнийг энэ арваны хамгийн сонирхолтой поп уран бүтээлчдийн нэг мөн гэдгийг баталж байна.

5. Sabrina Carpenter- Man’s Best Friend

Тун ч амжилттай 2024 оны дараа Сабрина Карпентерийг богино хугацаанд дахин амжилттай цомог гаргана гэдэгт итгэх хүн цөөн байсан ч “Man’s Best Friend’’ түүний уран бүтээлийн оргил цэг байлаа. 1980-аад оны поп уур амьсгалыг хөгжилтэй, ёжтой, ил тод шүлэгтэй хослуулсан энэхүү цомогт хит дуунуудаас гадна кантри өнгө аяс, илүү сэтгэл зүй рүү чиглэсэн баллад дуунууд ч багтжээ. Үр дүнд нь Сабрина Карпентер жил дараалан “Оны шилдэг цомог” Грэмми номинацид нэр дэвшсэн цөөн уран бүтээлчдийн нэг болж байна.

4. Olivia Dean- The Art of Loving

Olivia Dean-ийн хоёр дахь цомгийг сонсоод бусад уран бүтээлчтэй харьцуулахад амархан ч The Art of Loving-ийн үнэ цэнэ нь харьцуулалтад бус, дотоод тэнцвэр, цэвэр сэтгэл хөдлөлийн зааг дээр оршиж байна. Максимализм давамгайлсан поп ертөнцөд тэрээр “бага байх нь ихээс ч илүү” гэдгийг нотолж, намуухан найруулга, уянгалаг хоолойгоороо сонсогчдыг аажмаар татна. Сонсмогц дурсамж хөглөгдөх, дулаан мэдрэмжийг бүтээсэн нь цомгийг жинхэнэ “тэврэлт” мэт болгодог.

3.Lady Gaga- Mayhem

Нэр нь эмх замбараагүйг илтгэвч “Mayhem” нь Лэди Гагагийн хамгийн нягт, олон мэдрэмжээр хөглөх “төгс” цомгуудын нэг болжээ. Алдар нэр, өөрийн мөн чанар, хайр дурлалыг эмх замбараагүй байдлын өнцгөөс харуулсан уг бүтээл нь хуучны Лэди Гагаг санагдуулахын зэрэгцээ ирээдүй рүү тэмүүлж буй мэт дуугаралтуудыг ч мэдрүүлнэ. Үүний үр дүнд Billboard Hot 100-д олон долоо хоног ноёлсон хит, Грэммигийн долоон номинаци төрсөн нь Mayhem-ийг түүний уран бүтээлчийн эргэлтийн цэг, дахин төрсөн мөч болгож байна. 

2. Rosalía- LUX

MOTOMAMI”-ийн эмх замбараагүй ертөнцөөс “LUX” тэнгэрлэг, сүр жавхлант оргил руу чиглэсэн аялал мэт. 13 хэлээр дуулсан, симфони гэж хэлж болохуйц хэмжээний энэ цомог сүмийн уур амьсгал, хүний хүсэл тачаалыг эсрэгцүүлэн тун ч донжтой харуулж, сонгодог ба орчин үеийн хөгжмийн заагийг арилган огтлолцуулснаараа онцлог. Лондонгийн симфони найрал хөгжим, Björk, Yves Tumor зэрэг одуудтай хамтарч Rosalía хөгжмийн жанрын хил хязгаарыг дахин тодорхойлж, асуултад хариу өгөхөөс илүүгээр асуулт асуух зоригийг сонсогчдод үлдээлээ. 

1. Bad Bunny- Debí Tirar Más Fotos

Bad Bunny энэ цомгийг төрөлх Пуэрто Рикодоо зориулсан ч “Debí Tirar Más Fotos” нь орон нутгийн, нэгэн үндэстний түүх хэрхэн дэлхий нийтийн сонороор дамжин сэтгэлд нь хүрч болдгийн тод жишээ болжээ. Реггетон, трап хэмнэлүүдийг нэвт шувт шингээхээс татгалзаж, plena, bomba, болеро зэрэг үндэсний хэмнэлийг орчин үеийн дуугаралттай уялдуулсан нь цомгийг соёлын гүнзгий утгатай болгож байна. Төрөлх орон гэр, үндэс угсаа, дурсамжийн тухай 17 дуу Пуэрто Рикогийн түүхийг өгүүлэхийн зэрэгцээ хүн бүрийн сэтгэлийн дотоод утсыг хөндөж, энэ оны хамгийн нөлөө бүхий цомгоор зүй ёсоор нэрлэгдэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.