Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ерөнхийлөгч "бүх юмны дарга" мөн үү?


Бид тодорхой хэмжээний эрх мэдлийг төрд хүлээлгэн өгч хариуд нь тэднээс үйлчилгээ хүлээн авдаг. Төрийн эрх мэдэл нь хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх эрх мэдэл гэсэн гурван хэлбэрээр илэрнэ. Эдгээр эрх мэдлийг хэрхэн яаж хуваарилж байгаагаас тухайн улсын засаглалын хэлбэрийг тодорхойлдог. 

Тэгвэл ерөнхийлөгч "бүх юмны дарга"  мөн үү? Түүний эрх мэдэл хүрээ хязгаартай юу? Эдгээр асуултад хариулахын тулд эхлээд гурван төрлийн ерөнхийлөгчийн засаглал байдгийг мэдэх хэрэгтэй:

  1. Парламентын засаглалтай улсын ерөнхийлөгч
  2. Ерөнхийлөгчийн засаглалтай улсын ерөнхийлөгч
  3. Холимог тогтолцоотой улсын ерөнхийлөгч

Монгол Улсын хувьд үндсэн хуулиараа парламентын засаглалтай орны тоонд орох боловч ерөнхийлөгчийн эдлэх бүрэн эрх нь бусад орныхоос ялгаатай, өөрийн гэсэн онцлогтой байна. Сонгууль дөхөж байгаа энэ үед бид яг ямар эрх мэдэлтэй хүнийг сонгох гээд байгаагаа мэдэх нь сонгогч бидний үүрэг билээ. Ингэснээр сонгуульд нэр дэвшигчдийн амлалт, мөрийн хөтөлбөр нь эрх мэдлээсээ давсан эсэхийг хянаж, ирээдүйд болох бүхэнд өөрийн оролцоог бататгах юм. 

Ийнхүү Монгол улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрхэн тусгасныг авч үзье.

Хууль #санаачлах #хоригтавих

Ерөнхийлөгч нь өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар хууль санаачлах, УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу хэсэгчлэн хориг тавих эрхтэй. Хориг тавихдаа тус хуулийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлэх болон Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянуулахаар цэцэд хүсэлт гаргаж болно.

Засгийн газарт #чиглэлөгөх

Үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг хангах болон өөрийн бүрэн эрхэд хамаарах бусад асуудлаар Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газарт чиглэл өгнө. Мөн Улсын Их Хурал тогтсон хугацаанд Ерөнхий сайдыг томилоогүй бол Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргана. Ингэснээр Улсын Их Хурал илүү хариуцлагатай ажиллах юм. 

Монгол улсыг #төлөөлөх

Ерөнхийлөгч нь гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах эрхтэй. 

#БатланХамгаалах

Монгол улсын төрийн тэргүүн, улсыг батлан хамгаалах, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотойгоор Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлж, зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах, онц болон дайны байдал зарлах, цэрэг хөдөлгөх зэрэг эрхийг эдэлдэг. 

#Бусад

Тодорхой салбарт гавьяа байгуулсан, амжилт бүтээлтэй ажилласан хүмүүсийг урамшуулан шагнах, цол медалиар шагнах, уучлал үзүүлэх, Монгол улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх зэрэг эрх эдэлдэг. 

Илүү ихийг мэдье!

Монгол Улс парламентын засаглалтай улс гэж Үнсэн хуулиндаа заасан боловч гадны зарим судлаачид манай улсыг ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд холимог засаглалтай гэж үзэх нь бий. 

Үүний талаар доктор О.Мөнхсайхан "Үндсэн хуулиар ерөнхийлөгчид хэт их эрх мэдэл өгөх нь түүний эрх мэдэл аажмаар тэлэх боломжийг олгодог. Тухайлбал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, хууль санаачлах, засгийн газарт чиглэл өгөх зэрэг бүрэн эрх нь парламентын ардчилал бүхий улсуудад байдаггүй зүйл юм" гэжээ.

Тиймээс 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээг хөндсөн чухал өөрчлөлтүүдийг хийсэн. Шинэчилсэн найруулгын хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч нь “Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэх бэлгэдлийн шинж чанартай агуулгыг бататган, шүүх эрх мэдлийг ерөнхийлөгчөөс хараат бус байлгахад чиглүүлсэн бөгөөд ерөнхийлөгчийн бүрэн эрхийг ЗӨВХӨН ҮНДСЭН ХУУЛИАР ОЛГОХ гэсэн заалтуудыг тус тус нэмжээ. Ингэснээр салбар хууль нэмж батлах, зохицуулалт хийх замаар ерөнхийлөгчийн эрх мэдлийг тэлэх боломжийг хязгаарласан байна.

Бэлтгэсэн: Б.Уранзаяа 

Хамгийн их уншилттай
1
2021.11.02
Арваннэгдүгээр сарын чухал өдөр, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай
2
2021.11.05
Марк Цукерберг "Мета" гэх өөр компани байдгийг сая л мэджээ
3
2021.11.24
Араас нь 5 жил гүйсэн залуугийн урд сөгдөж "Болиод өгөөч" хэмээн гуйжээ
холбоотой мэдээ
1
2021.06.12
Өөрчлөлтийн эхлэл нь чиний, миний, бидний санал бас оролцоо
2
2021.06.12
Луна саналаа өгөхөөр алхсан нь
3
2021.06.12
Humans of UB | Цаг үе ба залуусын оролцоо
санал болгох
1
18 цагийн өмнө
Дэлхийн шилдэг технологийн компаниудыг удирдаж буй 8 ЭНЭТХЭГ CEO
2
18 цагийн өмнө
Таны сэтгэлийг онгойтол уйлуулж, навс эморуулах 10 кино
3
22 цагийн өмнө
Энэ өвөл аялах хамгийн АЮУЛГҮЙ болон АЮУЛТАЙ орнуудыг нэрлэлээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.