2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорч эхэллээ. Өчигдөр Ардчилсан нам дотооддоо санал хураалт явуулсны үр дүнд М.Тулгат даргатай АН-аас С.Эрдэнэ, О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр болоод буй.
Тэгвэл дөнгөж сая Д.Энхбат "Зөв ХҮН электорат"-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтийг хүлээн авснаа албан ёсоор мэдэгдлээ.
"Зөв ХҮН электорат" эвсэл "Ерөнхийлөгчөө захиалъя" аяны хүрээнд 17,861 иргэн иргэнээс санал авснаас иргэд 141 хүнийг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх боломжтой хэмээн санал болгожээ. Ийнхүү "Зөв ХҮН электорат" эвсэл эдийн засагч Д.Жаргалсайхан, "Датаком"-ын үүсгэн байгуулагч Д.Энхбат, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, нийтлэлч Баабар, Б.Болдсайхан эмч гэсэн таван хүнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьсан байна.
Эдийн засагч Д.Жаргалсайхан уг саналд татгалзаж буйгаа зарласан. Харин "Датаком"-ын үүсгэн байгуулагч Д.Энхбат, Б.Болдсайхан эмч, нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр нар дотоод сунгаанд оролцохоо мэдэгдлээ.
Ийнхүү одоогийн байдлаар гурван хүн "Зөв ХҮН электорат"-аас Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийн төлөө өрсөлдөхөөр болоод байна.
Дашрамд УИХ-д суудалтай нам, эвслүүд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ тодруулах хугацаа өнөөдрөөр дуусгавар болно. Иймд Ардчилсан нам болон Монгол Ардын намаас нэр дэвшигчид өнөөдөр тодрох юм.