Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Сонгууль 2021 | Саналаа өгөөд зогсохгүй түүнээ хянах боломжийг анх удаа эдэллээ


Хэдхэн жилийн өмнө Монгол Улсад сонгуулийн ирцийн мэдээ, албан ёсны дүнг зарлах гэж овоо хугацаа ордог байлаа. Санал хураалтын явцад хэд хэдэн цагийн мэдээллийг багцалж, өдөрт 3 удаа мэдээлэл өгдөг байв. Санал хураалт дууссаны хойно зарим хэсгийн хороодоос утсаар тоон мэдээллээ цуглуулан нэгтгэж, эцсийн байдлаар зарлах хүртэл лавтай нэг хоногийн ажил болно. Мөн хэчнээн хүн санал өгснийг зарлахаас бус насны ангилал, газар зүйн байршлаар ялган нарийвчилж байсангүй билээ. Аль аймаг, сум, хэсгийн хороонд хэдэн насны, ямар сонгогчид идэвхтэй болон идэвхгүй буйд, санал авах үйл явц хэр нээлттэй, шударга болж буйд иргэд шууд хяналт тавьж байсан нь үгүй юм. 

Харин ноднин жилийн УИХ-ын сонгуулиар бид санал хураалтын ирц, идэвх, оролцоог Монголд анх удаа хэд хэдэн төрлөөр нарийвчлалтай харж, сонгогчдын ирцийн мэдээг газар зүйн байршил, 4 насны ангилалаар IKON сайтаас өдөрт гурван удаа авсан билээ. Ингэснээр урьд өмнө нэлээн ерөнхий байсан сонгуулийн ирцийн мэдээг харьцангуй задалж, 18-25 нас, 26-40 нас, 41-55 нас, 55-аас дээш насныхан гэсэн байдлаар, мөн тойрог бүрээр нь харах боломж олгосон юм. 

Сонгогч бид зөвхөн саналаа өгөөд зогсохгүй, бидний өгсөн саналыг ямар зарчмаар, хэрхэн тоолж, түүнээ хэр хүртээмжтэй, нээлттэй мэдээлж буйд хяналт тавих хэрэгтэй болохыг, мөн чингэх нь бидний хувьд нэгэнт боломжтой болохыг өнгөрсөн удаагийн сонгуулиар олж харсан явдал болов. Энэхүү ажлыг “LEAD Mongolia” хөтөлбөрийн төгсөгчдийн үүсгэн байгуулсан ЛИЙД төгсөгчдийн холбоо, Сонгуулийн Ерөнхий хороо хамтран зохион байгуулсан болно.

Харин энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн 8 дахь удаагийн сонгуулийн ирцийн мэдээг 2020 оныхоос илүү нарийвчлалтай, задлан шинжилсэн түвшинд, цаг тутамд шуурхай мэдээллээ. ЛИЙД төгсөгчдийн холбооны саналд тулгуурлан СЕХ-оос зохион байгуулснаар, УБЕГ-тай хамтарсан ажлын хэсэг гарч, энэ жилийн сонгуулийн ирцийг анх удаа технологийн тусламжтайгаар нэгтгэн, сонгогчдын насыг 12 бүлэгт ангилан мэдээлэв. Өмнөх жил 4 насны бүлэгт ангилж байсан нь дэвшил байсан бол энэ удаад 18-19, 20-24, 25-29, 30-34, 35-39, 40-44, 45-49, 50-54, 55-59, 60-64, 65-69, 70-с дээш хэмээн сегментэлж, хаана амьдарч буй хэдэн настай хэний оролцоо ямар түвшинд буйг тодорхой харууллаа. Мөн хүйсээр, аймаг сумдаар, нийслэл, дүүргээр нь ялган харах боломж бүрджээ. 

Ингэснээр иргэдийн сонгуулийн оролцоонд нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох, тэдний оролцоог сайжруулах оновчтой төлөвлөлт, шийдэлд хүрэх, ҮСХ-ны статистикийн бусад үзүүлэлтүүдтэй харьцуулан судлах боломжтой болж буй юм. 

Тухайлбал сүүлийн жилүүдэд залуусын сонгуулийн оролцоо муу байгаа тухай ярих болсон. Үүнд 18-35 насныхныг хамруулан ерөнхийд нь ойлгож, эдгээр насныхан бүгд саналаа өгөхдөө хойрго мэт мэдээлж байв. Харин энэ удаагийн сонгуулийн ирцийн графикийг харахад 18-19 насныхан буюу анх удаа санал өгч буй хүүхдүүд харьцангуй идэвхтэй байдаг нь анзаарагдав. Мөн 30-34 насныхны оролцоо ч өндөр байгааг харж болно. Харин 20-29 насны бүлгийнхний идэвх сул харагдаж байна. Түүнчлэн энэхүү нас хүйсээр нарийвчлан ангилсан датаг аймаг, сум тус бүрт нэг бүрчлэн мэдээлж буй нь өндөр ач холбогдолтой. Энэ тухай ЛИЙД төгсөгчдийн холбооны гишүүн, уг төслийн ахлагч Н.Ганчимэг “Ийнхүү мэдээлснээр ирцийн мэдээнд тулгуурлан судалгаа хийх, сонгуулийн оролцоог нэмэгдүүлэхэд үнэн зөв, нотолгоонд суурилсан шийдвэр, дүгнэлт гаргах боломжийг нээж өгч байгаа юм” гэв. 

Энэ жилийн бас нэг чухал дэвшил нь сонгуулийн хэсгийн хороодын ажилтнууд ирцийн мэдээг шуурхай дамжуулахад зориулж гар утасны аппликейшн бүтээсэн явдал байлаа. Өмнө нь багаас сум руу, сумын хэсгийн хороо аймаг руу, аймаг нь СЕХ руу утсаар холбогдож, ирцийн мэдээг амаар өгдөг байсан бол аппликэйшн нэвтэрснээр шат дамжлагын тоо багасч, хүний хүчин зүйлээс үүсэж болох алдаа мадаг, эрсдэл буурц, QR код уншуулаад, форм бөглөөд л мэдээгээ илгээх боломжтой болжээ. Технологийн хөгжил дэвшлийн эрин үед амьдарч буйн нэг давуу тал нь энэ юм. Ийнхүү өнгөрөгч долоо хоногт болсон сонгуулиар нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 гаруй суман дахь сонгуулийн хэсгийн хороод 100 хувь тус аппликэйшнийг ашиглан ирцийн мэдээгээ амжилттай илгээж, санал хураалт өндөрлөв. Аппликэйшнийг хамтран бүтээсэн СЕХ-ы мэдээлэл технологийн мэргэжилтнүүд, “Лидер вишн групп” технологийн компанийн хамт олон дараа дараагийн сонгуулиар үүнийг улам боловсронгуй болгож хөгжүүлэх бүрэн бололцоотойг хэлж байлаа. Энэхүү хамтын ажиллагаа нь төр, төрийн бус байгууллага хамтран ажиллаж, төрийн байгууллагууд иргэний нийгэм, залуусаас гарсан саналыг дэмжиж буйн сайн жишээ болсон болов уу.

ЛИЙД төгсөгчдийн холбоо өнгөрсөн жил “Сонгуулийн дата хакатон” зохион байгуулж, залуу сонгогчдын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн технологийн шилдэг шийдэл санаануудыг шалгаруулсан юм. Тэдгээрийн дундаас энэхүү ирцийн мэдээг шууд дамжуулснаар хэн сонгуульдаа оролцож бас оролцохгүй байгааг харуулах санаа шалгаран, ноднингийн УИХ-ын сонгуулиар ажил хэрэг болсон нь тэр. Түүний дараа төслийн багийнхан ирц мэдээлэх үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар илүү ул суурьтай судалж, хууль эрх зүйн орчин, бодит нөхцөл байдал, байгууллага хоорондын уялдааг холбоог тодорхойлон, энэ ажлын ард гарахаар тууштай зүтгэжээ. Судалгааны дүндээ үндэслэн, илүү боловсронгуй байдлаар зохион байгуулж, хэрэгжүүлсэн нь энэ жилийн сонгуулийн ирцийн мэдээ байлаа. 

Ил тод, нээлттэй байх ардчиллын зарчмыг ажил хэрэг болгож, сонгуульд саналаа өгөөд зогсохгүй, өгсөн саналдаа хяналт тавих боломжоор иргэдийг хангасан энэхүү ажил цаашид улам өргөжин тэлж, сайжран хөгжиж нь дамжиггүй. Улмаар сонгууль бүрд хэрэглэх соёл болон тогтож, сонгогчдын боловсрол, иргэний оролцоог нэмэгдүүлэх чухал ажлын суурь болсон буй за. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
2
Уржигдар
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
3
Уржигдар
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
9 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.