Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын 2026 оны Ерөнхийлөгч бөгөөд Эдийн засаг, боловсрол, судалгааны сайд Ги Пармелантай уулзав.
Жар гаруй жилийн түүхтэй хоёр улсын харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж ирснийг талууд тэмдэглэж, хамтын ажиллагааны бодит үр дүн, ололт амжилтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар санал солилцов.
Тухайлбал, “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийн хүрээнд хамтран ажиллах Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Холбооны зөвлөл хоорондын хэлэлцээр”-ийг 2025 оны 11 дүгээр сарын 21-нд Белем хотноо байгуулсныг онцоллоо. Ингэснээр Швейцарын аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтээр Монгол Улсад ногоон технологийн салбарт хөрөнгө оруулах боломж бүрдсэн. Уг хөрөнгө оруулалтыг агаар, орчны бохирдлыг бууруулах, гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах зэрэг нэн тулгамдсан асуудалд чиглүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ерөнхийлөгч Г.Пармелан Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг Монгол Улсад 2004-2024 онд хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хариуцлагатай уул уурхай, хүний эрх, эрх чөлөө, ардчилал, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх чиглэлээр амжилттай хэрэгжүүлснийг тэмдэглэж, Швейцар Улс Монгол Улстай өргөн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлэв.