Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих" жил болгон зарласан. Энэ хүрээнд тендер шалгаруулалтад оролцогчдод зориулж "Open procurement” сургалт, өдөрлөгийг иргэн, аж ахуй нэгж, байгууллагын төлөөлөл дунд зохион байгуулна. Cургалт, өдөрлөгийг энэ сарын 30-ны өдрийн 09:00-12:00 цагт нийслэлийн Онцгой байдлын газрын төв байранд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулах юм.
Энэ үеэр “Тендер шалгаруулалтад хэрхэн амжилттай оролцох вэ, Худалдан авах ажиллагааны маргаан шийдвэрлэх эрх зүйн орчин, Цахим тендер шалгаруулалтад хэрхэн оролцох вэ” гэсэн гурван сэдвээр сургалт орж, нээлттэй хэлэлцүүлэг хийнэ.
Сургалт, өдөрлөгөөр “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил”-ийн хүрээнд:
Худалдан авах ажиллагааны хууль, журам,
Тендерт оролцох үе шат, анхаарах асуудал,
Цахим худалдан авалт, системийн хэрэглээ,
Ил тод байдал, тэгш оролцоо,
Аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид, иргэнд тулгардаг нийтлэг алдаа, зөвлөмж, худалдан авах ажиллагаанд оролцох боломжийн талаар мэдээлэл өгнө.
Тендерт оролцогчид санхүүгийн тайлан нь системд ороогүй, түншлэл болон туслан гүйцэтгэгчийн гэрээг цахим системээр баталгаажуулаагүй, тусгай зөвшөөрөл, техникийн тодорхойлолт, тендерийн баталгаа, материалыг нууцлах зэрэг түгээмэл алдаа дутагдлыг гаргадаг байна. Эдгээр алдааг гаргахаас сэргийлэх зөвлөмжүүд болон Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооноос эрхлэн гаргадаг FIDIC гэрээний талаар мэдээллийг сургалт, өдөрлөгөөс авах боломжтой.
