Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2026.03.30) хуралдаан 15 цаг 03 минутад ирвэл зохих Улсын Их Хурлын 32 гишүүний 21 нь хүрэлцэн ирснээр эхэллээ. Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар, Ж.Батжаргал, Э.Болормаа, А.Ганбаатар, Л.Гантөмөр, Т.Доржханд, С.Зулпхар, Ц.Идэрбат, Ч.Лодойсамбуу, Ч.Номин, Н.Номтойбаяр, Э.Одбаяр, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Н.Учрал, Б.Хэрлэн, Ө.Шижир, Л.Энх-Амгалан, Д.Энхтуяа нар хүрэлцэн ирсэн юм.
Энэ удаагийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг … Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна” гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд оруулснаас хойш Төрийн байгуулалтын байнгын хороо ажлын 3 өдрийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэж, 24.2 дахь хэсэгт “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан, түүнчлэн нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж болно” гэж тус тус заасан байдгийг Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох Ерөнхийлөгчийн саналыг хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр танилцуулав. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд олонхийн суудал авсан МАН-аас Ням-Осорын Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг 2026 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Ням-Осорын Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах саналаа Ерөнхийлөгч ирүүлжээ.
Ням-Осорын Учрал нь 1986 онд төрсөн, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг байна. 2003 онд “Их Засаг” лицей сургуулийг төгссөн. 2007 онд “Их засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2010 онд Их Британийн Лимкоквин их сургуульд бизнесийн удирдлага, олон улсын менежментээр магистрын зэрэг хамгаалжээ. 2013 онд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол,Түвд ,Будда судлалын институтэд түүхийн ухааны доктор /PhD/-ын зэрэг хамгаалсан байна.
Тэрбээр 2010-2016 онд “Рояал Академи”, “Рояал” олон улсын дээд сургуулийн ерөнхий захирал, 2012-2014 онд Нийслэлийн МАН-ын хорооны Улс төрийн хэлтсийн дарга, 2012-2016 онд БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, 2016 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн зөвлөх, 2016 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, 2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2025 онд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, 2025-2026 онд Монгол Улсын Их Хурлын дарга, 2025 оны 11 дүгээр сараас МАН-ын даргаар ажиллаж байгаа юм байна.
Ням-Осорын Учрал нь 2010 оноос хойш сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, улс төрийн болон төрийн хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглалын түвшинд ажилласан төрийн албаны туршлагатай, мэдлэгтэй бөгөөд төрийн удирдах албан тушаалд ажиллах бүрэн боломжтой хэмээн үзэж Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахаар Ерөнхийлөгчөөс санал болгож байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр танилцуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр асуулт асууж, Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшиж буй Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас хариулт авав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж нэр дэвшигчээс Байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Ням-Осорын Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон 24 гишүүний 95.8 хувь нь дэмжлээ. Иймд Ц.Сандаг-Очир дарга холбогдох тогтоолын төслийг уншиж танилцуулсан юм.
“Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай” тус Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхий сайдаар Ням-Осорын Учралыг томилохоор, тогтоолыг 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс дагаж мөрдөхөөр тусгажээ.
Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсноор өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.