Дэлхийн оюуны өмчийн өдөр, Монгол улсын Оюуны өмчийг хамгаалах өдрүүдийг тэмдэглэж буй энэ үед Монголын хөгжмийн бизнесийн экосистемийг олон улсын жишигт хүргэх, зохиогчийн оюуны хөдөлмөрийг шударгаар үнэлэх чиглэлээр концерт, шоу арга хэмжээ зохион байгуулагчидтай хамтран ажиллахыг Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (MOSCAP) урьж байна.
Хөгжмийн бүтээлийг нийтэд тоглуулсны лицензийн төлбөрийг зохиогчийн эрхийн хамтын удирдлагын байгууллага болох MOSCAP цуглуулж, зохиогчдод хуваарилан олгох үүрэгтэй ажиллаж байна. Энэ нь хамтлаг дуучин, хөгжимчдийн авдаг гүйцэтгэлийн хөлсөөс тусдаа бөгөөд тухайн хөгжим, дууны ая, үгийг бичсэн зохиогчдын хүртэх ёстой роялти төлбөр юм.
MOSCAP цаашид тоглолт, шоу арга хэмжээ, хөгжмийн наадмын зохион байгуулагчдаас зохиогчийн эрхийн төлбөрийг дараах хувь хэмжээгээр цуглуулна.
Зохиогчийн эрхийн төлбөр тооцох арга:
Тасалбартай тоглолт: Тасалбарын нийт орлогын 3 хувь.
Тасалбаргүй арга хэмжээ: Тухайн бүтээлийг гүйцэтгэн тоглосон уран бүтээлчдэд олгосон төлбөрийн 5-8 хувь.
Төлбөр тооцох, нэхэмжлэх явц:
1. Нийт орлого тодорхойлох: тасалбар борлуулалтын мэдээ тодорхой үед бодит орлогын 3%, борлуулалт тодорхойгүй тохиолдолд танхимын суудлын багтаамжийн 70 хувийг тасалбарын нэгж үнээр үржүүлж тооцно.
2. Бүтээлийн нэгж үнэ тогтоох: Нийт тасалбар борлуулалтын орлогын 3% ийн үнийн дүнг тухайн тоглолтод эгшиглэсэн нийт бүтээлийн тоонд хувааж, нэг бүтээлийн зохиогчийн эрхийн төлбөрийн хэмжээг гаргана.
3. Нэхэмжлэх ба Хуваарилах: Бүтээлийн нэгж үнийг тоглолтонд ашигласан MOSCAP-ийн удирдаж буй бүтээлийн тоогоор үржүүлж, зохион байгуулагчаас нэхэмжилнэ. Цугларсан төлбөрийг эрх эзэмшигч зохиогчдод нь нийгэмлэгийн хуваарилалтын журмын дагуу олгоно.

Азийн орнуудын хөгжмийн эрхийн хамтын удирдлагын байгууллагуудын тасалбар борлуулалттай тоглолт, хөгжмийн наадмын зохиогчийн эрхийн төлбөр тооцох аргачлал, мөрдөж буй тарифыг жишээ болгон танилцуулж байна.

Тоглолт, шоу эвент, наадам зохион байгуулагчид тоглолтонд ашигласан бүтээлийн жагсаалт (set list) хөтөлбөрөө арга хэмжээ эхлэхээс 14 хоногийн өмнө info@moscap.mn хаягаар MOSCAP-т ирүүлж, зохиогчийн эрхийн төлбөрийг хууль ёсны дагуу төлж хамтран ажиллахыг уриалж байна.
Мөн дуу хөгжим бүтээгчдийг MOSCAP-тай гэрээ байгуулан гишүүнээр элсэж, өөрийн бүтээлийг нийтэд тоглуулах, дамжуулах, хуулбарлах зэрэг эд хөрөнгийн онцгой эрхээ хамгаалуулан, роялти төлбөрөө зохих ёсоор хүртэхийг урьж байна. Хэрвээ та гэрээ байгуулахыг хүсвэл 72023999 дугаарт холбогдоно уу. Уран бүтээлийн жагсаалт ирүүлэх хаяг: info@moscap.mn болон www.moscap.mn