UBLife Logo
Дэлхий

Дэлхийг айлгаад байгаа хантавирус гэж юу вэ?

Дэлхийг айлгаад байгаа хантавирус гэж юу вэ?

“Аргентинаас гарсан шинэ вирус хүн төрөлхтөнд заналхийлж байна”, “Аяллын хөлөг дээр халдвараар хүмүүс амиа алдлаа” гэх зэрэг гарчигтай мэдээ дэлхийн хэвлэлээр гарсаар байна. Зарим сонин хантавирусийг 2020 оны цар тахалтай адилтгаж, хүн аймаар тоо баримт ч гаргаж эхэллээ. Ингэхэд яг юу болов?

2026 оны тавдугаар сарын эхээр Аргентинаас хөдөлсөн “MV Hondius” аяллын хөлөг дээр хантавирусийн халдвар илэрсэн юм.

Хөлөг онгоц дээр байсан 210 хүнээс (150 зорчигч, багийн гишүүн 70 хүн) найман хүн халдвар авч, гурав нь амиа алдсан. Яг энэ үед Аргентинд ч халдварын 100 тохиолдол илэрчээ. Хэдийгээр хүн нас барсан ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхийг хамарсан цар тахал гарах магадлалыг бага гэж үзсэн байна. Тус байгууллага “Хантавирус бол шинэ COVID-19 биш. Урьд өмнө гарч байсан өвчин” гэж мэдэгдсэн.

“MV Hondius” аяллын хөлгөөс өвчтөнийг буулгаж байна

Хантавирус гэж юу вэ?

Хулгана, харх зэрэг мэрэгч амьтдаар дамждаг халдварт вирус. Гол онцлог нь энэ вирус мэрэгчдэд өөрсдөд нь ямар ч аюулгүй ч хүнд үхлийн аюул авчирдаг.

Халдах хэд хэдэн зам бий.

Агаарын зам: Мэрэгч амьтдын ялгадас, шээс эсвэл шүлсээр бохирдсон тоосонцрыг амьсгалах. Жишээ нь, хуучин зуслангийн байр, агуулахаа цэвэрлэх үед.

Хүрэлцэх: Бохирдсон гадаргууд хүрээд ам, хамар эсвэл нүдэндээ хүрэх, халдвар авсан мэрэгч амьтанд хазуулах.

Хүнс: Халдвар авсан мэрэгч амьтад хүрсэн, бохирдуулсан хоол хүнс идэх.

Хантавирус хүнээс хүнд халдварладаггүй гэж үзэж болно. Харин Өмнөд Америкт тохиолддог “Андес” хэмээх төрөл нь урт хугацаанд, маш ойр харьцаатай байсан үед халдварлах эрсдэлтэй. Дээр дурдсан хөлөг онгоц дээр нас барсан гэр бүлийн хоёр хүн нэгэндээ халдаасан байх магадлал бий.

Хантавирус туссан шинж тэмдэг

Энэ вирусийн аюултай, хорон шинж нь далд үедээ 50 хоног ч илрэхгүй байдаг. Өвдөж эхлэхдээ хүнд ханиад туссан мэт санагдуулдаг байна.

- Маш өндөр халуурна (40 °C хүртэл), дотор муухайрна;

- Толгой хүчтэй өвдөж, хүнд булчингийн өвдөлт;

- Дотор муухайрах, бөөлжих, гэдэс өвдөх.

Европ, Азид тохиолддог төрөл нь бөөрөнд нөлөөлж, дотор цус алдалт үүсгэдэг. Харин АНУ-д гардаг төрөл нь амьсгалын замын хурдан дутагдалд хүргэдэг уушгины хам шинж илүү түгээмэл байдаг. Энэ тохиолдолд нас баралтын түвшин 40% хүрч болно.

Энэ вирусээс хамгаалах вакцин гэж үгүй. Ариун цэврийн дэглэмээ сайтар сахих ёстой. Хонгил, агуулах, дээвэр зэрэг битүү газарт тоос шүүрдэж болохгүй. Эхлээд чийгтэй цэвэрлэгээ хийгээрэй. Мэрэгч амьтан байх магадлалтай газар юм хийхдээ резин бээлий, тоосны маск эсвэл амьсгалын аппарат ашиглана. Хүнсээ мэрэгч амьтдаас хамгаалагдсан металл эсвэл зузаан хуванцар саванд хадгалаарай. Гараа байнга угааж, ариутгаж байх шаардлагатай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...