UBLife Logo
Нийгэм

Улаанбаатар, Сайншанд бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийг шинэчилнэ

Улаанбаатар, Сайншанд бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийг шинэчилнэ

Улаанбаатар, Сайншанд бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийг шинэчилнэ

“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК өнөөдөр Улаанбаатар болон Сайншанд бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа. Ёслолд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Корин Перейра, Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, “ИНҮТ” ТӨХХК-ийн захирал Э.Энхзориг тэргүүтэй төлөөллүүд оролцлоо.

Энэ хүрээнд “ИНҮТ” ТӨХХК, Худалдаа хөгжлийн банк хооронд “Зээлийн эрх нээх гэрээ”, Худалдаа хөгжлийн банк, Bpifrance банк хооронд “Санхүүжилтийн гэрээ”, “ИНҮТ” ТӨХХК, “Thales” компани хооронд “Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний хугацаа сунгах баримт бичиг”-т тус тус гарын үсэг зурлаа.

Төрийн өмчит компани анх удаа Засгийн газрын баталгаагүйгээр олон улсын экспортын зээлийн санхүүжилт босгов

Энэхүү санхүүжилт нь Монгол Улсын төрийн өмчит компани анх удаа Засгийн газрын баталгаагүйгээр, Францын төрийн хөрөнгө оруулалтын банк Bpifrance болон Монголын санхүүгийн салбарын тэргүүлэх байгууллагуудын нэг болох Худалдаа хөгжлийн банктай хамтран босгож буй экспортын зээл юм. Энэ нь төрийн өмчит байгууллагуудын санхүүгийн чадавх, олон улсын итгэлцлийн шинэ түвшинг харууллаа.

Арга хэмжээг нээж, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хувьд онцгой чухал өдөр тохиож байгааг онцлон тэмдэглээд “Өнөөдөр бид 30 гаруй жилийн өмнө олон улсын өмнө хүлээсэн үүргээ бодит агуулгаар хэрэгжүүлж эхэлж байна. Энэхүү гэрээ нь зөвхөн нэг төслийн санхүүжилтийн асуудлыг шийдэж буй хэрэг бус, харин Монгол Улсын иргэний нисэхийн салбарын дараагийн хөгжлийн суурийг тавьж буй стратегийн ач холбогдолтой алхам юм” гэлээ.

Систем, тоног төхөөрөмжийг агаарын хөдөлгөөний удирдлагын технологиор дэлхийд тэргүүлэгч “Thales” компани нийлүүлэх бөгөөд уг шинэчлэл нь агаарын зайн аюулгүй, найдвартай, тогтвортой үйл ажиллагааг хангах суурь болно.

Энэ оноос эхлэн агаарын навигацийн хураамжийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх хэмжээг 50 хувиар бууруулах шийдвэр гарсан нь салбарын тулгамдсан төсөл, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх боломжийг нээж өгсөн. Монгол Улс 1989 онд Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцид нэгдэн орж, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-ын гишүүн болсон цагаас хойш уг орлогоо олон улсын жишгийн дагуу салбартаа дахин санхүүжилт хийж эхэлж байна.

Цаашид “ИНҮТ” ТӨХХК нь агаарын навигацийн орлогыг иргэний нисэхийн салбарт бүрэн зориулах, ИКАО-ийн аюулгүй байдлын шалгалтын зөвлөмжийг хэрэгжүүлэх, нисгэгч, нислэгийн хөдөлгөөний удирдагч зэрэг мэргэжилтэн бэлтгэх ажлыг тууштай үргэлжлүүлнэ.

Мөн өнөөдрийн байдлаар Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь нийт 10 агаарын хөлгөөр үйл ажиллагаа явуулж байгаагаас 9 агаарын хөлгийг түрээсээр ашигладаг бөгөөд түрээсийн төлбөр өндөр байгаа нь компанид санхүүгийн хүндрэл учруулахын зэрэгцээ үр ашиггүй байдлыг бий болгож байна. Иймд цаашид үндэсний агаарын тээвэрлэгчийн агаарын хөлгийн парк шинэчлэлийн санхүүжилтийг шийдвэрлэх, орон нутгийн нисэх буудлуудыг олон улсын стандартад нийцүүлэн өргөтгөх, асуудлыг эрчимжүүлж ажиллахыг тодотгов.

Монгол Улс өнгөрсөн онд иргэний нисэхийн салбараа үндэслэн хөгжүүлсний 100 жилийн ойг тэмдэглэсэн бөгөөд дэлхийн 51 улстай Засгийн газар хоорондын агаарын харилцааны хэлэлцээр байгуулжээ. 2025 онд агаарын тээврээр 2.4 сая зорчигч үйлчлүүлж, түүхэн дээд амжилт тогтоосон нь салбарын тогтвортой өсөлтийг харуулж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...