Сүүлийн үед бүрэлдэхүүндээ шинэчлэл хийгээд байгаа цахим спортын “The MongolZ” баг шинжээчдийн анхаарлын төвд ороод байна. Шинжээч Delight тус баг яагаад хоёр шилдэг тоглогчоо алдсаныг ойлгохгүй байгаагаа илэрхийлжээ.

Тэрээр “Азбаяр "Senzu" Мөнхболд, Аюуш "mzinho" Батболд нарыг алдсан нь багт сөргөөр нөлөөлөх нь эргэлзээгүй. Үнэнийг хэлэхэд би энэ сэлгээ, өөрчлөлтийг ойлгохгүй байна. Багийн удирдлагад ойлгомжтой байгаа байх. Цаашдаа яах талаар хариулахад ч хүнд байна. Эсвэл мөнгө энэ залуусыг өөрчилж, залхуу болгоно, үгүй бол улам сайн тоглох эрч хүч өгнө. Яахыг мэдэхгүй ч “The MongolZ” багийн бүрэлдэхүүн бүр мөсөн үхжээ гэдгийг л би сайн мэдэж байна” гэж халагласан байна.

Харин Дункан “Thorin” Шилдс “The Mongolz яаж ийгээд Senzu-г авч үлдэх ёстой байлаа. The Mongolz алдаа гаргачихлаа. Та нар Senzu-г нэг өрөөнд дагуулж ороод юу хүсэж байгааг нь, үлдэхэд ямар нөхцөл хэрэгтэй байгааг нь асууж, лавлаж чадаагүй гэж үү? “Сайхан” ажил байлаа. Нэмээд дээр нь бас нэг авьяастнаа алдаж орхилоо. Senzu, Мzinho хоёргүйгээр өрсөлдөх чадваргүй болно. Одоо тэд үе үе сенсаци гаргадаг ч дэлхийн шилдэгт ордоггүй баг болж хувирна. Спорт сонирхогчид багийн удирдлага цагт нь тамирчдынхаа үгийг сонсож, нөхцөл байдлыг нь сонирхож байсан бол хоёр гол тоглогчоо алдахгүй байсан гэж үзэж байна” гэжээ.

Шинжээч Янко "YNk" Паунович “Өнөдэлгэр "controlez" Баасанжаргалыг үндсэн багт эргүүлэн авчрах ёстой байлаа. Тэр “The MongolZ” багт байхдаа маш сайн тоглож байсан. Энэ багийн хүч чадал нь хүчирхэг галдаа байсан гэдгийг тооцоход жилийн эцэс болтол амжилт нь саарсаар байх болно” гэж шүүмжилсэн байна.

The MongolZ” баг Азбаяр "Senzu" Мөнхболд, Аюуш "mzinho" Батболд хоёрыг “BC.Game” багт зараад Анарбилэг "cobrazera" Ууганбаярыг сэлгээнд шилжүүлсэн. Ингээд оронд нь академийн тамирчдаасаа Золбаяр "tikuak" Чимэдцэрэн, Ирээдүй "DarkMeister" Дугарсүрэн нарыг үндсэн багт оруулаад байгаа билээ.
