Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2026 оны долоодугаар сарын 21-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа
Цагдаагийн байгууллагад сүүлийн гурван жилийн (2024-2026) байдлаар Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан (Залилах) 39.665 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсанаас “Орон сууцны захиалга” авч бусдыг залилсан 1167 хэрэг бүртгэгдэн холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулсан нь нийт залилах гэмт хэргийн 2.9 хувийг эзэлж байна.
Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Цагдаагийн байгууллагад орон сууцтай холбоотой хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 995 иргэнд 64.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан, 79 иргэн, 22 хуулийн этгээдэд холбогдох 259 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ахална.
“Байрныхаа мөнгийг төлчихөөд түлхүүрээ авч чадаагүй, түрээсийн байраар амьдралаа залгуулж, хохирсон иргэдийн асуудал шийдэгдэх ёстой” гэж Ерөнхий сайд Н.Учрал үзэж байна.
Өвөл, хаврын бэлтгэл ажилд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгож, Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
2026-2027 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд эртнээс шуурхай зохион байгуулах, эрсдэлийг урьдчилан тооцоолон, бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн удирдлагуудтай Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал цахим хурал хийж, баяр наадмаа дуусгаж, өвөл, хаврын бэлтгэл ажилд эртнээс анхаарч, ажиллахыг үүрэг болгосон. Ховд, Баян-Өлгийгөөс бусад аймагт энэ оны наймдугаар сарын 1-нээс хойш наадам зохион байгуулахгүй гэдгийг Шадар сайд Н.Номтойбаяр мэдэгдлээ.

Хөдөө аж ахуй, эрчим хүч болон орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл, тулгамдсан асуудлуудыг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, танилцуулгатай холбогдуулан Ерөнхий сайдын Албан даалгавар гаргахаар тогтлоо. Аймаг, орон нутгаас таван аймгийн сэргээгдэхэрчим хүчний төслийг эрчимжүүлэх, зарим аймгийн дулааны цахилгаан станцын гүйцэтгэгч компанидболон нүүрсний уурхайд үүссэн өр төлбөрийг шийдвэрлэх, автозам засварын ажлыг эрчимжүүлэх зэрэг орон нутгийн удирдлагуудаас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг Хүй долоон худагт байгуулна
Үндэсний их баяр наадам зохион байгуулсан дүнгийн талаар Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан "Үндэсний их баяр наадмын цогцолбор байгуулах төсөл"-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийж гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулахыг Шадар сайд Н.Номтойбаярт, зураг, төслийн ажилд дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа.
“Үндэсний их баяр наадмын цогцолбор” цогцолборыг “Хүй долоон худаг”-т байгуулж, Үндэсний бөх, Сурын харваа, Хурдан морины уралдааныг нэг дор зохион байгуулахын зэрэгцээ олон улсын спорт, соёл урлагийн томоохон арга хэмжээг хүлээн авах 30 мянган хүний суудалтай байгууламж болгон төлөвлөжээ. Эхний ээлжийн бүтээн байгуулалт болох “Төрийн хүндэтгэлийн хүрээ”-г ашиглалтад оруулаад байна.
Төслийн нийт хөрөнгө оруулалт урьдчилсан байдлаар 100 орчим тэрбум төгрөг байхаар тооцсон бөгөөд улс, нийслэлийн төсөв, хувийн хэвшил, иргэдийн сайн дурын оролцоонд тулгуурлан ил тод, нээлттэй, хяналттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Иргэд, олон нийтийг үер, усны болон авто ослоос урьдчилан сэргийлэхийг уриалж байна
Улсын хэмжээнд сүүлийн таван жилд усны ослын улмаас 464 хүн (хүүхэд 105) амиа алджээ. Эдгээр тохиолдол нь гол усанд сэлж байгаад, хүүхдээ хараа хяналтгүй орхиж, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед гарчээ. Хийлдэг гудас завьнаас унасан, ажил үүргээ гүйцэтгэж яваад буюу хөдөлмөр хамгааллын дүрэм журам сахиагүйн улмаас эндсэн нь зургаан хувь байна.
2026 он гарсаар усны ослын 84 тохиолдол бүртгэгдэж, 50 хүн (31 том хүн, 19 хүүхэд) амь насаа алдсан бол онцгой байдлын байгууллагын алба хаагчид 139 хүний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлжээ. Усны ослын тохиолдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 гаруй хувиар өсжээ.
Онцгой байдлын байгууллагын судалгаагаар Улсын хэмжээнд усны осол ихээр гардаг 399 хар цэг тэмдэглэгдсэн бөгөөд ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагааг энэ оны зургаадугаар сарын 15-наас эхлүүлж, Онцгой байдал, цагдаа, хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын байгууллагын 250 орчим ажилтан, алба хаагчид усны ослын эрсдэл бүхий томоохон гол, мөрөн нуурын дагуу 47 чиглэлд, 37 автомашин, 22 завь, 12 мотоциклтойгоор үүрэг гүйцэтгэж сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэн ажиллаж байна. Эдгээр байгууллагаас иргэд, олон нийтийг үер, усны болон авто ослоос урьдчилан сэргийлэхийг уриалж байна.