Японы охидын AKB48 хамтлагийн гишүүн Мэй Ханадаг тойрсон шуугиан дүрэлзсээр байна. 2026 оны зургаадугаар сард түүнийг нэгэн шүтэн бишрэгчтэйгээ нууцаар уулзсан хэргээр гэрээгээ цуцалж, хамтлагаасаа хөөсөн байна. Энэ бол AKB48 хамтлагийн 21 жилийн түүхэнд тохиолдож байгаа хамгийн дуулиантай хэрэг болж байгаа юм. Харин одоо Ханада, “DH Co., Ltd” агентлагийн маргаан цахим дайнаас хальж, Шүүхийн тавцанд очих болжээ.
“DH Co., Ltd” агентлагийн мэдэгдэл
“2025 оны 12 дугаар сараас эхлэн, Ханада ажилдаа байнга хоцорч, бие муу хэмээн шалтаг тоочдог болсон. 2026 оны тавдугаар сард бид түүнд эмчилгээний албан ёсны чөлөө олгосон. Энэ чөлөөний үеэр удирдлагаас Мэй Ханада нэгэн тодорхой шүтэн бишрэгчтэй нууцаар байнга уулзаж байгааг тогтоосон. Энэ нь хамтлагийн бусад гишүүдийн аюулгүй байдал, хамтлагийн дүрэм журмыг бүдүүлгээр зөрчсөн хэрэг байлаа. Үзэгчдийн итгэлийг хөсөрдүүлсэн хэрэг гэж үзсэн. Түүнийг хамтлагт эргүүлэн авчрах талаар ярилцах гэсэн боловч Ханада болон өмгөөлөгч нь бүрэн татгалзсан”
Агентлагийн мэдээлэл гарснаас хэдэн цагийн дараа энэ сарын 23-нд Ханада 9 минутын видео мэдэгдэл хийсэн нь хүмүүсийг шоконд оруулав. Тэрээр амны хаалттай, маш богинохон үстэй, уйлаад сууж байв.

Мэй Ханадагийн мэдэгдэл
“Тиймээ, би дүрэм зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна. Weverse-д өөрийн байршлаа үлдээж, фенүүддээ “хөөцөлдөн, нуугдаж” тоглож байсан. Нэг удаа гудамжинд үнэхээр фентэйгээ уулзсан, гар барьсан. Гэхдээ ямар нэг романтик холбоо, ойр дотнын зүйл байгаагүй. Харин агентлагийн менежерүүд хэргийг шалгаж байхдаа надад дандаа бэлгийн хүчирхийллийн шинжтэй асуултууд тавьж байсан. Тэд миний үгэнд итгэлгүй “Чи тэрэнтэй унтсан биз дээ”, “Уулздаг чинь үнэн биз дээ” гэж дарамталж байлаа. Агентлагийн удирдлагаас надад “AKB48-т үлдэхийг хүсэж байвал үнэнч, шударга гэдгээ нотлон, үсээ бүрэн хус” гэсэн тулган шаардлага тавьсан.Харин одоо тэд ийм шаардлага тавиагүй гэж ярьж байна. Би үнэн мөний төлөө тэмцэнэ”

Мэй Ханада айж эмээгээд 3 долоо хоног бодох хугацаа хүсээд эцэст нь үсээ хусуулж, тайзан дээр дахин гарна гэж бодсон ч чадаагүй ажээ. Энэ мэдэгдлийн дараа иргэд Ханадагийн талд орж, цахимаар агентлагийн эсрэг дайн өдөөсөн. Харин агентлагаас хэзээ ч үсээ хус гэж шаардаагүй гэдгээ мэдэгдээд шүүхээр заргалдахаа мэдэгдсэн юм.
Мэй Ханада “Надад одоо амь наснаас өөр алдах зүйлгүй болсон. Хамтлагийн бусад охидын эсрэг хийж байсан хууль бус зүйлүүдийн баримт надад байгаа. Энэ бол боолын хөдөлмөр” гэж зарлалаа.

Одоогийн байдлаар Японы тв, радио, шоу ертөнцөд Ханадаг “арилгах” хөдөлгөөн гарч, түүнийг ямар ч ажилд урихаа больсон. Гэхдээ хуульч, өмгөөлөг нарын үзэж байгаагаар хэрэв Ханада үсээ хусах шаардлага тавьсныг батлах, видео, аудио баримт дэлгэж чадах юм бол Шүүхэд ялалт байгуулж чадах юм.
