Сүүлийн өдрүүдэд Монгол, ОХУ-д баавгай тосгон, суурин газарт олноор орж ирж, хүний амь насанд хүрсэн тохиолдол хэд хэд гарлаа. Оросын Буриадад одоо баавгай устгал явагдаж байна. Учир нь хэд хэдэн жуулчин баавгайд бариулж, амиа алдсан юм. Ингэхэд баавгайтай ойд тааралдвал яах ёстой вэ, Мэргэжилтэн, шинжээчдийн зөвлөгөөг хүргэж байна.
Ер нь бол баавгайтай аль болох тааралдахгүйг хичээх хэрэгтэй. Үүний тулд хэд хэдэн зуршлаа өөрчлөхөд л болно. Баавгай байж болшгүй газраар буюу өндөр өвс, өтгөн бут, голын дэргэдүүр явахдаа чанга дуугаар ярилцаж, заримдаа хашгарах хэрэгтэй гэнэ. Учир нь араатан амьтан үргэж зугтана, үгүйдээ гэхэд гэнэт баавгайтай тулгарах аюулгүй болох юм. Баавгайтай гэнэт учрах, эсвэл хоол идэшнийх нь дэргэд тааралдах хамгийн аюултай.

“Баавгай анхнаасаа хүнд халдаж, идэхийг хүсдэггүй. Зэрлэг байгальд хүнтэй тааралдвал аюул мэдрээд холдоод явдаг. Харин гэнэт тулгарахад баавгай өөрийгөө, бамбаруушаа хамгаалахын тулд дайрдаг байна”
Тэгэхээр та ойд амьтны сэг зэм, баавгайн мөр, ганцаараа байгаа бамбарууш харвал зүгээр ухраад ирсэн замаараа буцах хэрэгтэй.
Майхан, асарт идэх юм хадгалж болохгүй. Өлсгөлөн баавгай үнэрээр нь хүрч ирдэг.
Нохой хамгаална гэж бүү найд. Нохой баавгайг холоос харж, мэдэрч чадах ч хуцан дайрч, араатны уурыг улам хүргэдэг. Тэр тусмаа дайрч довтлоод эзэн дээрээ эргээд гүйгээд ирдэг тул баавгай араас нь хүрч ирэх магадлал илүү өндөр болдог.
Баавгайтай таарлаа, араатан таныг харлаа гэж бодьё. Ийм үед гүйж болохгүй. Баавгай хүнээс хурдан тул хол зугтаж чадахгүй. Гүйвэл баавгай таныг хөөнө гэдэг нь бараг баталгаатай. Тайван амгалан байж, хоорондоо ярь. Баавгай өмнө нь хүн байгаа гэдгийг ухаарах учиртай. Алгуурхан ухарч, алх. Гэхдээ нуруугаа харуулж болохгүй. Гэрэл зураг авах гэж бүү оролд. Баавгай ч гэсэн холдмоор байгаа тул түүнд ухрах зам үлдээгээрэй.

Баавгай хойд хөл дээрээ бослоо гээд дайрах гэж байна гэсэн үг биш. Зүгээр л илүү сайн ажиглах гэж байгаа юм. Тиймээс цаашдаа юу хийхийг нь сайн хар. Баавгай газар самардаж, архирсан ч ихэнх тохиолдолд хөөдөггүй.
Харин баавгай араас чинь салахгүй дагаад байвал байдал эвгүйтлээ гэсэн үг. Айлгаж хөөх гэж оролдсон ч эргэж ирээд байвал асуудал хурцадна. Ийм баавгай хүний идэш тэжээлд дассан, хүнээс айхаа больсон байдаг.
Үнэхээр салахгүй яг араас дагаад байвал зугтаж, гүйж болохгүй. Олуулаа яваа бол нэг нэгнээ хянаж, хэн нэгнээ ганцааранг нь орхиж болохгүй. Чанга хоолой, дуу чимээгээр үргээх гэж оролд. Баавгайг ойртуулахгүй байхын тулд хашгарч, орилох хэрэгтэй. Дохионы буу байвал буудаж, цацдаг хий байвал хэрэглэ. Гэхдээ хүн, нохойноос сэргийлэх хий бол баавгайд үйлчлэхгүй.
Машин, хашаа, том мод зэрэг саад байвал хоорондын зайгаа ихэсгэхэд ашигла. Харин саад хараад гүйн очиж хэрхэвч болохгүй.
Баавгай өөрийгөө болон бамбаруушаа хамгаалан дайрсан бол гараараа хүзүү, хоолойгоо хаагаад доош харан хэвтдэг. Хөдлөхгүй, тэвчээртэй хэвтэж байтал араатны сонирхол буураад явах ёстой. Харин бамбаруушаа хамгаалах биш үнэхээр таныг алах, идэх гэж дайрч байгаа бол үхсэн мэт хэвтэж болохгүй. Олон цаг таныг мөрдөн дагаад эцэст нь довтолж байгаа баавгайтай чадлаараа тэмцэх хэрэгтэй. Гар доор байгаа мод, чулуу, таяг, саваа гээд бүгдийг нь ашигла. Толгой, хоолойгоо хамгаалж, баавгайд аль болох их хохирол учруулж, айлгахыг хичээгээрэй. Гараа өргөж, хүрмээ задгайлан, аль болох том мэт харагдуулахыг хичээ. Зэвсэггүй хүн баавгайтай тулалдах хэцүү ч чанга хашгаран, цохиод байхад баавгай дайрахаа болиод явах тохиолдол олон бий.
