АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирландад хийсэн айлчлалынхаа үеэр Украин улс ОХУ-ын нефтийн үйлдвэрүүдэд цохилт өгөхөө зогсоох ёстой гэж мэдэгдлээ. Тэрээр “Зеленский нэг зүйл хийх ёстой. Тэр дизель түлшний үйлдвэрүүдийг буудаж болохгүй. Жинхэнэ байгаа бууд л даа. Тэднээс болоод дэлхийд дизель түлшний хомсдол үүсээд байна” гэж хэлсэн юм.
Сүүлийн үед АНУ, Ираны дайны улмаас дэлхий дахинд нефть, нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа. Дэлхийн нефть тээврийн 25 хувь, байгалийн хийн 20 хувь гардаг байсан Ормузын хоолой хаалттай хэвээр байна. Мөн Йемений хуситууд Ойрхи Дорнодын бас нэгэн чухал маршрут болох Баб-эль-Манде́б хоолойг хяналтдаа авахыг оролдож байгаа нь зах зээлд нөлөөлж байна.
“Bloomberg”-т бичсэнээр өнгөрсөн долоо хоногт АНУ-д дизель түлшний үнэ анх удаа галлон нь 6 ам.доллар болж өссөн. Бензин нэгдүгээр сарын үетэй харьцуулахад 54 хувь үнэд ороод байгаа юм. Харин Трамп энэ үнийн өсөлтийг Ираны дайн биш Украины дайн өдөөж байна гэж мэдэгдлээ.
Трамп “Ойрхи Дорнодоос болоод дизель түлшний хомсдол бий болоогүй. Харин ОХУ, Украины дайн нөлөөлж байна. Би энэ талаар Зеленскийтэй ярилцсан. Дизель түлшний үйлдвэрүүдэд цохилт өгөх нь дэлхий дахинд хортой байна” гэжээ.
Дизель түлшний экспортоор дэлхийд хоёрт бичигддэг ОХУ түлшээ гадаад гаргахыг есдүгээр сарын 30 хүртэл хориглосон байгаа. Харин Украин улс Оросын армийг хангаж байгаа нефтийн үйлдвэрүүдийг устгах нь хууль ёсны хэрэг гэж үзэж байгаа юм.
