Өнөөдөр Монголын Төр, засгийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой. Харин түүний ач охин Анастасия Цэдэнбал 1985 онд төрсөн. М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийг Африк судаач мэргэжлээр төгссөн. Анастасия Оросын “Инфоповод” сайтад овог, ургийн овгийн талаар ярьсныг орчуулан хүргэж байна.

“Инфоповод”
XXI зууны орчин үеийн нийгэмд овоггүй амьдарч болох уу? Манай тусгай шинжээч, түүхч, дорно дахин судлаач, Монголыг олон жил удирдсан Юмжаагийн Цэдэнбалын ач охин Анастасия бидэнд Монгол орны жишээн дээр тайлбарлаж өглөө.

“Монголчуудад овог байдаггүй. Би бага байхдаа өвөөдөө Таны нэр Юмжаагийн, овог чинь Цэдэнбал гэж хэлдэг байлаа. Үнэндээ миний овог ч Цэдэнбал. Гэтэл Цэдэнбал гэдэг нь өвөөгийн нэр болж таарсан. Дараа нь бид Цэдэнбалыг гэрийнхээ овог болгон авсан юм. Юмжаа гэдэг нь өвөөгийн аавын нэр. Ингэхээр нэг хачирхалтай зүйл гарч ирнэ. Паспортоороо би Цеденбал Анастасия. Монголчууд харах юм бол миний аавыг Цэдэнбал гэдэг гэж бодно. Тэдний хувьд би Зоригийн Анастасия. Миний аав бол Цэдэнбалын Зориг. Оросын баримт бичигт аав бид хоёрын овог Цэдэнбал.

Хорьдугаар зуун гарахаас өмнө монголчууд ургийн овогтой байлаа. Энэ нь Оросын овогтой ижил утгатай байсан юм. Харин социалист нийгэмд шилжээд ургийн овог алга болсон. Дорнын Эдийн засгийн форум дээр ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй уулзсан Монголын Ерөнхий сайдын нэр нь Оюун-Эрдэнэ. Албан ёсны бичиг дээр Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ гэж эхэнд нь аавынх нь нэрийг бичнэ. Товчлохдоо монголчууд аавынхаа нэрийн эхний үсгийг л үлдээнэ, Л.Оюун-Эрдэнэ. Овог нь жинхэнэ утгаараа байдаггүй болохоор гадаадад монголчуудын нэрийг овгоор, овгийг нэрээр нь алдаатай дууддаг юм.
Монголд гоё, сонирхолтой нэр олон. Оюун буюу ухаан билэг гэсэн утгатай үгтэй нэр маш олон. Оюунэрдэнэ, Оюунгэрэл, Оюунчимэг. Бат гэдэг нь хатуу, бөх гэсэн утгатай - Бат-Эрдэнэ, Баторгил, Бат-Амгалан, Батбаяр гэх мэт. Баяр бол хөөр баясгалан - Батбаяр, Отгонбаяр, Чимэг бол гоёл - Оюунчимэг, Эрдэнэчимэг. Цэдэнбал гэдэг нь зарим сурвалжаас үзэхэд түвдийн Урт удаан амьдрал гэсэн утгатай юм.
Сүүлийн үед монголчууд олон улсын жишгийг даган өөртөө овог авдаг болсон ч амьдралдээр зөвхөн аав, өөрийн нэрийг хэрэглэсэн хэвээр байгаа” гэжээ.
