Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх хүрээнд хэрэгжүүлж буй "Сэлбэ ухаалаг хот" төсөл нь Монголын барилгын салбарын сүүлийн 30 жилийн түүхэнд өрнөөгүй том хэмжээний бүтээн байгуулалт юм. 158 га талбайг хамарсан уг төсөл нь Улаанбаатар хотын III, IV хорооллыг VI бичил хороололтой нийлүүлсэнтэй дүйцэхүйц газар нутаг, оршин суугчтай бие даасан шинэ дэд хотыг бүтээж буйгаараа онцлогтой.
Өнөөдрийн байдлаар төслийн нийт гүйцэтгэл 39 хувьд хүрээд байна. Төлөвлөгдсөн 113 блок барилгаас 100 блокийн ажил нэгэн зэрэг эрчимтэй өрнөж байгаа бөгөөд талбайд 1456 хүн, 89 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Энэхүү үндэсний хэмжээний бүтээн байгуулалтад үндэсний 4 бүтээн байгуулагч, гадаадын хоёр аж ахуйн нэгж ерөнхий гүйцэтгэгчээр шалгаран, ФИДИК гэрээний дагуу бүтээн байгуулалт хийж байна. Түүнчлэн Сэлбэ ухаалаг хотыг бий болгох энэ төсөлд өнөөг хүртэл 253 ААН, хуулийн этгээд оролцож буй юм.

Үндсэн барилга угсралт дуусаж, дотор ажлууд идэвхжлээ
Барилга угсралтын ажил батлагдсан графикийн дагуу чанарын өндөр түвшинд үргэлжилж байна. Дийлэнх блокын давхрын цутгалт дуусаж, барилгын дотор засал, сантехник, өрлөгийн ажилд шаталсан байдлаар шилжээд байна.
Сэлбэ ухаалаг хотын барилгууд энэ намар халаалтаа авна
"Сэлбэ ухаалаг хот" төслийн хүрээнд барилгуудын гадна архитектурт дөрвөн улирлын өнгө аясыг шингээсэн фасадны орчин үеийн шийдлийг сонгон угсарч байна. Бүх багцууд энэ намар фасад, хаалга, цонхоо угсарснаар халаалтаа авах төлөвлөгөөтэй байна. Ингэснээр дотор заслын ажил үргэлжлэх боломж бүрдэх юм. Түүнчлэн барилгын чанар, урт хугацааны насжилт, аюулгүй байдлыг хангах хөрсний ус зайлуулах (дренажийн) иж бүрэн систем болон гадна инженерийн дэд бүтцийн туршилт, тохируулгын ажлууд иж бүрнээрээ хийгдэж байна.