Спортын гимнастикийн Дэлхийн цомын хүрэл медальт, ОУХМ Дамдиндоржийн Энхтүвшин Азийн наадмын эрэгтэйчүүдийн харайлтын төрөлд шигшээд өрсөлдлөө. Азийн шилдгүүдтэй урьдчилсан шатанд өрсөлдөн шигшээд шалгарсан манай тамирчин 2 харайлтаа алдаагүй гүйцэтгэж, 13.900 болон 13.566 оноо авснаар, 2 харайлтын дундаж 13.733 оноогоор Азийн наадмын 6-р байрт шалгарлаа.

Азийн тамирчид харайлтын төрөлд дэлхийд тэргүүлдэг бөгөөд сүүлийн 4 Олимпын наадам дараалан бусад тивийнхэнд аварга цолыг алдаагүй байгаа. Парисын Олимпын аварга Карлос Юло зангаргаа харуулан, 14.599 оноо авч Нагояд 2 дахь алтан медалиа зүүлээ. Парисын Олимпод харайлт, чөлөөт хөдөлгөөний дасгалд түрүүлсэн Филиппиний Карлос Юло ийнхүү үндсэн 2 төрөлдөө Азийн наадмын дэвжээнд ч босоо байлаа.

Өмнөх Азийн наадмын мөнгөн медальт Ираны Махди Олфати эхний харайлтдаа энэ өдрийн хамгийн өндөр оноо 15.100 оноо (ганцаараа 15.000 онооны босго давсан) авсан ч 2 дахь харайлтын буултан дээр бага зэрэг тэнцвэр алдсанаар алтан медалиас 0.066 оноогоор “мултарч”, хүрэл медалийг Хонгконгийн Нг Ка Ки 14.116 оноогоор хүртсэн.

Мөн өнөөдөр “Айчи-Нагояа-2026” ХХ Азийн наадмын буудлага спортын эрэгтэйчүүдийн 50 метрийн 3 байрлалаар буудах төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Эрхэмбаяр 336.8 оноогоор 4 дүгээр байрт шалгарлаа. Тус төрөлд 340.4 оноогоор Олимп, дэлхийн аварга БНХАУ-ын тамирчин Лю Юкүн түрүүлж, нутагт нэгт Жан Чан Хон 339.8 оноогоор мөнгө, Казахстан улсын тамирчин Сатпаев Ислам 338.8 оноогоор хүрэл медаль хүртэв.
Бадминтоны спортын мастер М.Батдаваа эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Мальдив улсын Шахид Закиг 2:0-ийн харьцаатай ялж эхний ялалтаа авлаа. Түүний дараагийн өрсөлдөгч Малайзын тамирчин Лион Жүн Ха юм.
Гэрэл зургийг С.Энхжаргал
