UBLife Logo
Дэлхий

Үр хүүхэддээ мөнгө үлдээснээс үрсэн нь дээр гэж үздэг болжээ

Үр хүүхэддээ мөнгө үлдээснээс үрсэн нь дээр гэж үздэг болжээ

Их Британийн тэтгэврийн эмээ Сара Мурхаус өөрийн хувийн тэтгэвэр, хөрөнгөө эргэлзэх зүйлгүй аялал жуулчлалд зарцуулж, амьдралаас таашаал авдаг гэнэ. Барууны орны хэмжээнд ч өндөр тэтгэвэр авдаг зарим ахмад настан хэмнэлт хийж, үр хүүхэддээ мөнгө өвлүүлэн үлдээхийг хүсдэг бол 64 настай Сара, түүний нөхөр Жефф хоёр амьддаа бүх мөнгөө үрж дуусгахыг илүүд үздэг. Йоркширт амьдардаг энэ хоёр жилд 4-5 удаа аялалд явдаг. “Ганц л удаа амьдарна шүү дээ. Тиймээс бүрэн бүтэн, элбэг дэлбэг, сонирхолтой сайхан амьдрах хэрэгтэй. Би сүүлийн үед анд найз, танилуудынхаа оршуулганд их очдог боллоо. Үлдсэн амьдралаа үрж, зарцуулж өнгөрөөнө” гэдэг нь тэдний амьдралын дүрэм. Саяхан тэд “Sunbeam Alpine” хэмээх жижигхэн спорт машинаа зарж, орчин үеийн Mazda MX-5 машин худалдан авсан.

Сара, Жефф хоёр шиг ахмадууд тун олширч байгаа бөгөөд энэ нийгмийн үзэгдлийг англиар spending the kids' inheritance (хүүхдийнхээ өвийг үрэх) буюу товчлоод skiing гэж нэрлэдэг байна. Энэхүү үзэгдэл нь өв залгамжлах, өв үлдээх гэсэн тогтсон ойлголтыг үндсээр нь өөрчилж байгаа юм.

Өнгөрсөн гуравдугаар сард тэтгэврийн “Standard Life” сангаас хийсэн судалгаагаар Их Британийн эцэг, эхчүүдийн 15 хувь нь хураасан хөрөнгөө тэтгэвэрт гараад бүрэн үрж дуусгах зорилготой гэсэн дүгнэлт гарсан байна. Тэд үр хүүхэддээ мөнгө үлдээх хүсэлгүй гэж хариулжээ. АНУ-ын санхүүгийн “Northwestern Mutual” байгууллагын судалгаагаар аав, ээжээсээ өв хөрөнгө авна гэж найдаж байгаа хүмүүсийн тоо 25 хувиас 20 болж буурсан байна.

Дээр дурдсан Сара, Жефф хоёр насанд хүрсэн хоёр охинтой. Охид ч аав, ээжийнхээ бодлыг дэмждэг. Тэдний нэг Поппи “Эцэг, эхээсээ өв хөрөнгө авна гэдэг бодол миний толгойд хэзээ ч орж байгаагүй. Аав, ээжээ нас барахаар мөнгөтэй болно гэдэг бодол байж болохгүй. Харин тэд дуртай юмаа хийгээд аз жаргалтай байхад л болно” гэж хэлсэн байна.

“Skiing” үзэгдэл газар авах болсон шалтгааны нэг нь залуу насаа маш хүнд хөдөлмөр хийж өнгөрөөсөн ахмадууд тэтгэвэрт гараад алдсан зүйлээ нөхөх хүсэлтэй болсон явдал гэж шинжээчид үзэж байна.

Грин

60 настай Карен Грин хүүхдүүддээ “Та нарт өв хөрөнгө үлдээх бодолгүй байгаа шүү. Яагаад гэвэл би бүх мөнгөө үрнэ” гэж илэн далангүй хэлсэн гэнэ. Тэрээр Францын өмнөд хэсэгт амьдардаг бөгөөд жилд амралт, зугаалгадаа 10 мянган фунт зарцуулдаг.

“Энэ жил би йог, бясалгалд явах төлөвлөгөөтэй байгаа. Гуравдугаар сард Мароккод амарсан. 10-11 дүгээр сард Вьетнам, Лаосд аялана. Би бүх амьдралдаа хичээнгүйлэн ажилласан. Одоо амрах, өөрийн олсон мөнгөө үрж дуусгах эрхтэй” гэж Карен Грин ярьж байна.

Эх сурвалж: BBC

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...