Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Жон Леннон, Йоко Оно: Диваажин дотор чинь бий


Урлагийн ертөнц дэх хамгийн алдартай хосуудын нэг Жон Леннон, Йоко Оно нар одоогоос 52 жилийн өмнөх наймдугаар сард бал сараа тэмдэглэж байв. Тэд дэлхий ертөнцөд өөрсдийн гэсэн өнгө аяс, дуу хоолойг хэдийн мэдрүүлээд байсны адил хамтын амьдрал, гэрлэлт нь ч багагүй шуугиан дэгдээсэн үе. Хос хоёр Амстердамын таван одтой зочид буудалд 8 өдрийн турш “Энх тайвны төлөөх хэвтээ жагсаал” хийн бал сараа тэмдэглэсэн юм.

“Peace in Bed” хэмээн нэрлэсэн тус үзүүлбэрт Жон, Йоко хоёр өргөн орон дээр унтлагын хувцастайгаа хэвтээд дэлхийд энх тайвныг хэрхэн бүтээж болох талаар нухацтайгаар ярилцаж байв. Шууд бичлэгийн үеэр Жон гитараа аваад “Give Peace a Chance” дуугаа зохиосон нь  удалгүй хит болж, энх тайвны төлөөх нөлөө бүхий дууны нэг гэгдсээр буй. 

Алдарт хосын модернист үзүүлбэр дэлхий нийтийн анхаарлыг татаж байв. Яг энэ үед буюу 1969 онд BBC-ын сэтгүүлч Дэвид Вигт өгсөн ярилцлагыг хүргэж байна. 

- Өдрийн мэнд. Сүүлийн үед та  хоёр хувь хувийн ажлаа нийлүүлэн хамтдаа хийх болжээ. Юуг хүсэж тэмүүлж байна вэ? 

Жон: Энх тайвныг л хүсэж байна. Бид хамтдаа үүний төлөө чадах бүхнээ хийх болно.

- Амстердамд хийж буй энэ удаагийн үзүүлбэрээрээ бусдад юуг ойлгуулахыг зорив?

Жон: Би бусдад “Йоко Жон хоёр бол яг л салхи. Хэнд ч харагдахгүй, гэвч тэд дэргэдүүр өнгөрөхөд модод найгана” гэж хэлэхийг, үзүүлэхийг хүсдэг. Дэлхийн өнцөг булан бүрээс бидэнд захидал ирдэг юм. Нэг залуу “Та хоёрын Амстердам дахь үзүүлбэрээс болоод би нислэгээ хойшлууллаа. Би энх тайвны төлөө үсээ ургуулна” гэж бичсэн байсан. Эсэргүүцлээ илэрхийлж дэлгүүрийн цонх хагалах биш, энх тайвны төлөө үсээ ургуулж эхэлж байна шүү дээ. Энэ бол нөлөөллийн үр дүн юм. Хүмүүс ёс суртахуунтай, хүнлэг байж чадахгүй юм бол, хэн ч бусдын үсийг шүүмжлэх эрхгүй. Энх тайвны төлөө үсээ ургуулах, энх тайвны төлөө орондоо хэвтэх нь үсэрч цовхчих хурц тэмцлээс илүү хүчтэй гэдгийг хүмүүс ойлгоосой.  

- Гэхдээ үсээ ургуулах юм уу, орондоо хэвтэх нь эерэг нөлөөлөл үзүүлж байгааг яаж мэдэх юм бэ? Тэгснээс гэрээсээ гарч илүү идэвхтэй зүйл хийх нь дээр гэж олон хүмүүс үздэг шүү дээ. 

Жон: Энэ чинь идэвхтэй үйлдэл шүү дээ. (Йокод хандан) Чи юу гэмээр байна?

Йоко: (инээмсэглэнгээ) Мэдээж энэ бол тун идэвхтэй үйлдэл юм. Бусад хүмүүс бидний үйлдлээс урамшиж байна гэдэг өөрөө энэ үйлийн үр дүн юм. Өөрөөр хэлбэл, “Хөөх, тэднийг хараач. Ичмээр юм. Би ч тэднээс илүүг чадна” гэж бусдад бодогдуулж байхад л болоо. 

- Маш олон хүмүүс би ч бас чадна гээд олон хоног гэртээ энх тайван зарлавал улс орон яах бол?

Йоко: Энэ бол энх тайван тэмцэл. Биднийг хараад биднээс илүүг хийхээр зориг шулуудах хүмүүс их байх тусмаа улс оронд хэрэгтэй. 

Жон: Вьетнам Америкийн дайнаар бодож үзье. Цэрэг эрс бүгд долоо хоног орондоо хэвтлээ гэж бодъё. Тэгвэл тэд яах бол? Бүтэн долоо хоног хэвтэж байгаа хүмүүс юу болж байна, бид цаашид яах билээ гэх зэргээр дайн тийм ч хэрэгтэй биш талаар бодож эхэлнэ. Айдас түгшүүр, хурцадмал байдал зогсох болно. 

- Хэрвээ үнэхээр манай улсад дайн дэгдэж зэр зэвсэг барин тулалдах болбол та дайнд оролцох уу? Эх орныхоо төлөө дайнд байлдах уу? 

Жон: Би дайтахгүй. Нөхцөл байдал яаж эргэхийг хэлж мэдэхгүй байгаа ч дайтахгүй байх. Би өмнө нь хэлсэнчлэн дайны эсрэг үзэл баримталдаг. 

- Жон, ахин асууя. Та амьдралаас юу хүсдэг юм бэ?

Жон: Энх тайван, эрх чөлөө. Ердөө л энэ. 

- Танд ямар нэг зүйл тохион, энэ хорвоог орхивол таныг хүмүүс хэрхэн дурсах бол?

Жон: Дайныг эсэргүүцэгч нэгнээр дурсагдахыг хүсэж байна. 

- Агуу дуучин гэдгээс ч илүүгээр үү? 

Жон: Тиймээ, тийм байгаасай. 

- Та амьдралаа шинээр эхлэхээр болбол өнөөдрийнх шигээ байх уу? Яг л одоогийнх шигээ Битлзийн Жон Леннон хэвээр байх уу?

Жон: Тийм ээ. Эргэлзэхгүй байна. Ялангуяа Йокогийн тухайд үнэхээр “тийм”. Тэр бол миний бүх зүйл. 

- Йоко таныг юугаараа хамгийн их татсан бэ?

Жон: (чангаар инээнгээ) Тэр миний сэтгэлийн дарамт юм шүү дээ. 

Йоко: Надад ч бас түүнтэй танилцахад гайхмаар хачин байсан шүү. Тэр яг л намайг, өөрийг минь хувилаад, илүү сайжруулаад тавьчихсан хувилбар шиг санагддаг. Би өмнө нь бүхнийг ганцаар хийн, ганцаар амьдарч, ганцаардал миний сэтгэлд бугшчихаад байлаа. Харин Леннонтой хамт байх нь бүхнийг илүү амар хялбар санагдуулдаг. Би аз завшаанд төдийлөн итгэдэггүй ч миний амьдралын хамгийн том аз тэр байсан гэмээр байна. 

"Хайр бол яг л мод шиг. Үндэс сайтай бол цас шуурга, аянга бороонд ч үлдэж, улам дэлбээлэн ургадаг. Йоко бид хоёрын хайр яг л мод шиг. Би түүнийхээ ундаалах ус, гэрэлт нар. Харин тэр миний хөрсөнд дэлбээлэх хайрын ургамал" -Жон Леннон 

- Жон, та сүүлийн үед илүү амар тайван, намуухан харагдах боллоо. Хурц ширүүн зантай хүнд юу ингэж нөлөөлөв өө?

Жон: Нэг зүйл нөлөөлсөн гэвэл тэр нь гарцаагүй Йоко. Тэр миний зүрх сэтгэлд үргэлж нуугдан байсан өөрийг минь нээн гаргасан. Үүнээс өмнө надад нэг л зүйл дутуу, хоосон, хөндий санагддаг байв. Харин тэр…Йоко... Гайхмаар хэрэг шүү. 

- Та амьдралынхаа энэ үеийг хэрхэн тодорхойлох вэ?

Жон: Би амьдралынхаа хамгийн жаргалтай үед байна. 

- Та сүүлд Энэтхэгт очсон тухайгаа яриач? 

Жон: Огт танихгүй газар очоод, бясалгаж оюун ухаанаа цэгцлэх сайхан байлаа. Гол нь харуусах хэрэггүйг ойлгосон. Би хааяахан “татчихдаг” байсандаа ч харамсдаггүй. Энэтхэг явахаасаа яг өмнө нь Йокотой танилцсан юм. Тэнд очоод маш удаан болохгүй гэж бодсон хэр нь л эргэн ирээд Йокод ухаан алдталаа дурлачихсан. 

- Та одоо согтууруулах ундаа хэрэглэдэг үү?

Жон: Үдэшлэгийн үеэр хэн нэгэн шаардахгүй л бол би одоо виски ч амсдаггүй. Хэрэгтэй болохоор биш би хүсэхгүй байгаа учраас л тэр. 

- Пол Маккартни “Их Британи Битлзийн эсрэг байна” гэж хэлсэн. Та санал нэгдэж байна уу? Танай хамтлаг нэр алдарт хүрэхээсээ өмнө сөрөг хандлагатай тулгарч байв уу? 

Жон: Битлз яг л британи хүүхэд шиг өссөн дөө. Их Британид гэр бүлийнхэн нь хүүхдээ элэг барих байдаг л зүйл. Хүүхэд өсч том болоод эцэг эхдээ хэн болохоо харуулах ёстой. Үүнийхээ адил улс биднийг яг л эцэг эх шиг хамгаалсан. Тэд бидний нүүр лүү алгадсан ч өөр хэн нэгэн бидэн рүү гар далайсан бол тэд зогсоож чадах байсан. 

- Та хийж байгаа бүх зүйлдээ нухацтай ханддаг уу?

Жон: Чимххэн давс шиг гэх үү дээ. Одоо үед амьдралд мөрдөх хэрэгтэй гэх эшлэлээс их юм алга. Гэтэл амьдрал бол аз жаргалтай байх хэрэгсэл төдий зүйл. Тиймээс хэрхэн аз жаргалтай байх талаараа л нухацтай авч үздэг.

-Жон, та Францын нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа өөрийгөө “бурхан” гэж хэлсэн. Үнэнээсээ хэлсэн үү? 

Жон: Үнэнээсээ л…

- Та бурхан гэж үү?

Жон: "Бид бүгд бурхан" гэсэн утгаар хэлсэн юм. Христын шашинд “Диваажин дотор чинь бий” гэж сургадаг. Энэтхэгт бол Зэн Буддизм ч мөн ялгаагүй ийм үзлийг сургадаг. Шашин бүрд юу гэж хэлэхээс үл хамааран бүгд ижил утга илэрхийлдэг. Бид бүгд бурхан. Гэхдээ бид чөтгөр, бурхан аль аль нь байж чадна. Аль нь вэ? гэдгийг өөрөө л шийднэ. Диваажин бидний дотор байдаг учраас л олж харах хэцүү байдаг байх.

-Та үхлийн дараах амьдралд итгэдэг үү?

Жон: Ямар ч эргэлзээгүйгээр итгэдэг.

- Таныг ингэж их итгэхэд юу нөлөөлсөн бэ?

Жон: Бясалгалын үеэр би ганцаардлын хүчийг бага сага ойлгосон. Нэг шидтэй хүнээс хүмүүс асууж л дээ. "Та цагаан шулам уу, хар уу?" гэж. Тэр хариуд нь “Тийм их ялгаа байна уу?” гэсэн юм. Үүнтэй л ижил. 

- Амьдрал таны хувьд юу вэ? Та насан эцэслэтлээ амьдрахыг хүсэж байна уу? Танд маргааш үхэх, өндөр наслах ялгаатай юу?

Жон: Би Йокотой хамт насан туршдаа амьдрахыг хүсэж байгаа ч үхлээс айхгүй байна. Үхэх мөчид юу мэдрэхээ хэлж чадахгүй ч би итгэхгүй байгаа учраас түүнд бэлэн байна. Яг л нэг машинаас буугаад өөр машинд суухтай л ижил юм уу даа.


Энэ ярилцлагаас 11 жилийн дараа Жон Леннон шүтэн бишрэгчдээ буудуулан нас барсан билээ. Маргааш нь Йоко олон нийтэд хандан нөхрийнхөө төлөө залбирахыг хүсээд түүнтэй хамт өнгөрүүлсэн дурсамжтайгаа хамт насан эцэслэхээ амлаад өнөөг хүртэл ганц бие амьдарч буй.  


Эх сурвалж: Beatlesinterviews.org

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
BLACKPINK: Лиса Америкт $4 саяар байшин авлаа
2
3 өдрийн өмнө
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
3
3 өдрийн өмнө
BTS-ийн фэнүүдийн заавал очих ёстой 6 газар
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.