Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Б.Гантуяа: ART WEEK бол дүрслэх урлагийн хөгжлийн чимээгүй хэлэлцүүлэг юм


Дүрслэх урлагийн бүх төрөл уужим цэлгэр орон зайд цогцолжээ. Ахуйгаас алс, ямар амгалан үзэсгэлэнтэй. Улаанбаатарт урьд өмнө ийм том үзэсгэлэн гарч байгаагүй бөгөөд дүрслэх урлагийн салбарт үзэгдэл туурвиж байна. Монголын дүрслэх урлагийн өнөөгийн дүр төрхийг бүрдүүлэгчид, алдартнуудаасаа авахуулаад өсөж яваа, тодорч буй сод залуусын зураг, баримал, өрөг урлаг, орчин үеийн медиаг хүмүүст нэг дороос үзүүлэхийн тулд 2000 орчим ам метр талбайд 12 галерей, 100 гаруй уран бүтээлчийг ART WEEK үзэсгэлэн нэгтгэжээ. Соёлын яамны санаачилгаар соёлын бүтээлч сарын хүрээнд Мишээл экспо-д нээгдээд гурав хонож байгаа эл үзэсгэлэнгийн куратор, 976 арт галерейн захирал Б.Гантуяатай ярилцлаа. 

-Хэрэв ургац хураавал ажил нүргэлж буй нь сүртэй гэгч харагдахсан. Харин соёл түгээх үйл чимээгүй атлаа гүн нөлөөтэй юм. Хүмүүсийн оюун сэтгэлд хүрэх учиртай энэ нүсэр үзэсгэлэнг бүтээхдээ Та хэрхэн ажилласан бэ?

-Юуны өмнө хэнд зориулах билээ, яаж хийх вэ гэдэгт нэн түрүүнд төвлөрсөн. Урлагийн амьд чанар чухал. Өнөөдөр юу болж байна, түүнийг илэрхийлсэн бүтээлийг бид хүмүүст үзүүлэхийг зорьсон. Соёлын яам орчин цагийн хүмүүсийн сэтгэхүй, хүсэл мөрөөдөл, мэдрэмжийг залж чадахуйц бүтээлүүд туурвиж байгаа чөлөөт уран бүтээлчдийнхээ ажлуудаар үзэсгэлэн гаргах боломжийг бий болгосонд би талархаж байна. Дэлхийн сайн музейнүүд нэг дор олон бүтээлийг дэлгэн үзүүлдэг. Том орон зайд, тухалж саатах орчин нөхцөл бүрдсэн үзэсгэлэн гаргах боломжийг Соёлын яам бий болгосон учраас Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй 12 галерейд урилга өгч, 100 гаруй уран бүтээлчийн 400-гаад бүтээлийг толилуулж байна. 

-Үзэгчдийн дийлэнх залуу хүмүүс байгаа нь анхаарал татлаа. Тэднийг уяж чаджээ?

-Залуус урлаг соёлын өлсгөлөнд орсон байна шүү дээ. Ахуй амьдралын хэмнэлд залуус өөрийгөө гээж төөрөх, ганцаардах, стресст өртөх үзэгдэл хавтгай анзаарагддаг. Манай үзэсгэлэнгийн амин сүнс нь миний дээр дурдсан амьд чанартаа байгаа учраас залуус татагдаж байна. Хүн урлаг соёлын тоглолт, театр, музей үзэж энгийн ахуйгаас тасран оюунаа цэнэглэж, амьдралын жинхэнэ үнэ цэн, үнэн мөнийг өөр өөрийнхөө өнцгөөс мэдэрдэг. Манай үзэсгэлэн хүмүүст хувь хүний хөгжил, нийгмийнхээ сэтгэлзүйг ойлгож мэдрэхэд нь нөлөөлөх болно. Дүрслэх урлаг гэдгийг зураг зарах төдийхнөөр төсөөлөөд, түүнийг л бүтээлч үйлдвэрлэл гэх нь өрөөсгөл юм. Бүтээлч индустр гэдэг бол хүний оюун санаа, сүнслэг мөн чанар, үзэл санааг сууриас нь тэтгэх чадалтай салбар. Тухайн нэг музей, үзэсгэлэн, фестивалийг дагаад урлаг соёлын бусад салаа мөчрүүд цэцэглэж, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг үйлчилгээний төрөл зүйлс ч хөгжөөд явдаг нөлөөлөлтэй. Дэлхийн жишигт дүрслэх урлагийн салбарын орлогод музей, фестивалиудын үзвэрийн орлого жин дарж байдаг. Монгол Улс сүүлийн 30 жилд урлагийн ийм хүчтэй баялагаа ашиглаж чадаагүй. Соёл хариуцсан яам гэхээр дуурийн, драмын театраас бодлого нь халилгүй 30 жил болсон. Харин энэ жил яамнаас соёлын бодлогоо ултай харсан оновчтой санаачилга гаргасныг олон сайн ажлын эхлэл гэж бодож байна. Цаашид энэ үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөсөн юм билээ. Дараагийн удаад долоо хоногоор зогсохгүй тавиухан хугацаатай дэлгэх болов уу гэж найдаж байна. 

-Удаан үргэлжилсэн хөл хорионы дараа дүрслэх урлагийн томоохон үзэсгэлэн нээхийнхээ өмнө Та үзэгчдээс юу хүлээсэн бэ. Миний анзаарснаар, хүмүүс энд ирээд үзэсгэлэнгийн зөвхөн үзэгч төдийгүй уран бүтээлүүдийн нэг хэсэг нь, хэрэглэгч нь болж ойртож, төвлөрч, саатаж байх юм?

-Бүтээл хүнээс хол биш танил, хоосон хийсвэрлэл биш бодит байдлын тусгал, хэт романтик ч биш, өөрийнх нь бодол, зүүд шиг тийм уран, түүгээрээ мөн нууцлаг чинад байгаагийнх л юм шүү дээ. Хүлээлтийн тухайд олон хүн ирнэ гэж хүлээсэн. Энд бүтээлээ тавьсан уран бүтээлч бүр өөрийн гэсэн фэнүүдтэй, жишээ нь манай 976 галерей гэхэд л хэдэн мянган залуус цугладаг газар. Энд үзэсгэлэн нээгдэхэд таашаадаг уран бүтээлчээ дагаад олон хүн дагаад л ирнэ. Миний бодож байснаар болж байна. Зөвхөн амралтын өдөр гэлтгүй өнөөдрийнх шиг ажлын өдрүүдэд хүртэл битүү хүн ирэхийг харин би төсөөлөөгүй.  

-Та үзэсгэлэнгийнхээ хамгийн, хамгийнийг онцлохгүй юү?

-Бид үзэсгэлэнгээрээ Монголын дүрслэх урлагийн салбарыг бүхлээр нь харуулахыг зорьсон. Энэ салбарыг хөгжүүлж байгаа галерей, урлан, уран бүтээлч болгоныг илэрхийлэх бүтээлүүд тавигдсан учраас тэдэн дундаас онцгойлж аль нэгийг нэрлэх нь зохимжгүй бөгөөд боломжгүй зүйл. Харин миний онцолж хэлэх зүйл бол, манай үзэсгэлэнд Төрийн соёрхолт, ардын зураач цол хэргэмтэй дөрөв, дүрслэх урлагийн дэлхийн хамгийн том зэрэглэлийн наадам Венецийн биеннальд оролцсон тав, Документа гэж дүрслэх урлагийн олимпод уригдсан нэг уран бүтээлч оролцож байна. Түүнчлэн үзэсгэлэнгийн үнэ цэн юунд оршино вэ гэвэл, энэ салбарт нэгэн цагт бүтээж буй хүмүүс бүтээлээрээ энэ үзэсгэлэнд зэрэгцэн орших, уран бүтээлчид бие биенээ харах, мэдэх нь өөрөө дүрслэх урлагийн хөгжлийг гүнзгийрүүлэх чимээгүй хэрнээ томоохон хэлэлцүүлэг болж байгаа юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
2
Уржигдар
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
3
Уржигдар
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
8 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
10 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
13 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.11.20 66.181.185.70

Hen n heniigee uriad heniig uridaggui burheg sonin uls. Neelttei urilga, songon shalgaruulalt geh yumgui. Hen negnii ugzug doloogch bol urilga avdag. Tegeed urlagaa hugjuuleh tuhai yariad bdag sonin naasn

0 Хариулах


Зочин 2021.11.20 66.181.180.160

chi suga gsn l ug uim bishu, bur sonsoochgui

0 Хариулах