Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

"Болор цом-39" наадмын ШИЛДЭГ таван яруу найрагчийн шүлэг


"Болор цом-39" наадам энэ сарын 24-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдав. Энэ жилийн "Болор цом" наадмын Тэргүүн найрагчаар Хөвсгөл аймгийн уугуул Баянмөнхийн Болорцэрэн тодорсон юм. Тэрбээр эхний шатанд "Чөлөө учрал", дараагийн шатанд "Хаврын дэлхий", сүүлийн шатандаа "Мөрөнгийн төв" шүлгээ уншиж, яруу найрагч Тө.Бямбасүрэнтэй оноо тэнцэн, "хайна хагалах"-даа "Шүлэг бичихгүй л бол" хэмээх шүлгээ уншсан юм.    

"ХАВРЫН ДЭЛХИЙ" 

Хадаг ерөөл хоёр ханьсах дээдийн хүндлэлтэй

Цацал сүү хоёр цалгих мөнхийн учралтай

Хаврын сар халгиасаар хаашдаа л ирэх нь үнэн дээ 

Цагийн сайхан золгохоор цахилаад айсуй нь мөн дөө

Нар цас найрсаад шар тос өрөм зөөхий

Намуун салхи намисаад хур чийг урь дулаан 

Үүлс тогтуун суулгаад өвс ногоо сааль сүү 

Өргөн тал уясаад айраг цагаа хадлан тариа

Алаг шаазгай үгсээд сайны дохио айсуй

Амны билгэ өргөөд сайхан цаг айсуй

Хургачин охиноо хөтлөөд хусамны хүү айсуй

Хувьтай үрсээ дагаад хурмастын хишиг айсуй

Өвлийн урт шөнө хаврын анхны шувууд болов

Үндсээ ургаж гүйцэхийг хүлээж ядсан цэцгүүд болов

Өдрийн богино туйл хацрын халуун туяа болов

Үнсүүлсэн уруулаа ширтэхийн хүслэнд автсан уяа болов 

Хоёр хурга тэврээд хонины хүн айсуй

Ууган төл нь ихэрлээд уулын чинээ урамтай 

Хорвоог намилзтал хатируулаад адууны хүн айсуй

Учраа бэрхээ туулаад туульсын баатар шинжтэй

Отор нүүдэл болоод ирэв ээ онд мэнд эсэн энх

Олон бүгд шинэлээд ирэв ээ идээ унд элбэг өнгөлөг

Овооны найр товлоод ирэв ээ намраар нэг самар жимс

Оёдол үйл олдоод ирэв ээ наадмаар нэг гоёл чимэг

Өвлийг давлаа нэмнээ л гээв хээл хаясангүй

Өлхөн давлаа нэгнээ л дэмнэв төл хорсонгүй

Өсөх малын зүс өөрөө л ижилсээд ирэв ээ

Өлчир сүргийн хөл цаанаа л чангараад ирэв ээ

Малын гал илчнээс мандсаар наран буцахгүй

Манай танай гэлгүй элбэсээр тус багадахгүй

Хаврын салхи нэвт чиг авсаар одоо даарахгүй

Хатууг нэгэнт давсан чиг алсуур бодлоо мартахгүй

Элгэвч нэмнээ бээлий гээсэн газар бүхнээс

Энэ зуны эрвээхэй эрхлээд удахгүй ниснэ ээ

Эхтэйгээ бэлчээрт гарсан шинэ хурганы уутнаас

Ирэх намрын сар хоргодоод буцахгүй удна аа

Хүний хишиг гуйгаад хаврын сар ирэв ээ

Хүүхнээ эртлэн гуйгаад цэргийн зар ирнэ ээ

Хашир малчны хүсэл биелээд гүйцээд ирэв ээ 

Хангайдаа эртлэн гарах нь ээ биежээд хөрвөжөөд ирэв ээ

Онгод шиг гэнэтхэн ороод л ирэв ээ бороо

Охин шиг хөнгөнхөн гараад л гүйвээ сэтгэл 

Ой модод салхины тусаар хэлд оров оо

Оргилсон хайр сарын дундуур хөлд оров оо

Өвөл зун хоёрын үр нь билээ хавар

Үнэн ариун хайрын нар нь билээ хавар

Өнтэй сайхан жилээ зарлан суугаад цэнгэх

Өнөр баян намрын өнгө нь билээ хавар

Сажиг тусдаа айлгүй ажил үйлс тасрахгүй

Салж нүүсэн ч улам элгэмсэх түмэн минь

Санахад хол замгүй ядрахад буруулах нэгэнгүй

Садан төрөлсөөд удам сайлах олон минь 

Нас буянаа хайрлаад сар шинэ хуучрахгүй

Намба жудгаа харуулаад сайхан заншлаа алдахгүй

Найрын заллага таслахгүй жам ёсоороо тухална аа

Саалийн даллага хагсаахгүй сав шимээрээ жаргана аа

Сугаа цочтол дэвсээр ирсэн шувуудын

Сууж амраагүй их тэвчээр юм хавар

Сунаж унатлаа тэмцсээр боссон дээдсийн

Сул нэг ч орхиогүй эх орон юм хавар


"Болор цом-39" наадмын дэд байрт залуу яруу найрагч Тө.Бямбасүрэн шалгарав. Тэрбээр хүний их эмч мэргэжилтэй бөгөөд сүүлийн шатанд уншсан шүлгээрээ үзэгчдийг уйлуулаад амжсан юм. Түүний хувьд Тэргүүн найрагчтай оноо тэнцэн, хүчтэй өрсөлдөөнийг үзүүлсэн. 

Түлээ хамгийн их хорох энэ саруудад

Согтуу эрсийн хөл хугалагч энэ саруудад

Зуунмодоос өгссөн самарчид Мөнгөнморьт руу дөхөх

Оргил Халдуны идээ тахилгаас

Ороолон чонотой уралцан хумслах энэ саруудад

Уурын зуухны ойролцоо хөө цас шиг будрагч энэ саруудад

Уушгины хатгалгаанд хүүхдүүд амь тэнсэгч энэ саруудад

Чиний тухай бичнэ чинээ санасангүй

Жимс шиг ганц охин чинь ханиалган чичрэх

Жирэмсэн болгохгүй гэж үндсийг чинь гинжилсэн энэ сууринд

Өнчин дүү чинь моринд тийрүүлж хөлөө хугалаад хэвтэрт,

Өөрөө чи нумарч татах, бөөрний үрэвсэлд халуурах энэ сууринд

Амар тайван амьдарч яваадаа итгэж чадахгүй нь!

Хөр цасны гөлөг нүдээ нээх энэ саруудад

Хөхүүл жингэр хараалгах дуутай энэ саруудад

Энгэрт чинь хэн охин тэврүүлснийг эмгэд өрөвдөх

Ээлжгүй үедээ чамайг дурсан

"Нэрийн дэлгүүрийн эмэгтэй" унших энэ саруудад

Чамд зориулж энэ үгсийг бичихээр шийдсэн юм

Үзтэл зовлонтой ч чи санаснаасаа хүчирхэг

Авралын дууг чинь түгээх

агаар байна, шөнө байна, бас харилцуур ч байна

Үхтэл дорой ч чамд охин байна, дүү байна, бас би ч байна

Амьдралд туйлдах цагтаа намайг

садны чинь хүн л гэж бодоорой!

Хөр цасны гөлөг нүдээ нээх энэ саруудад...  


Тэмцээний гуравдугаар байрт яруу найрагч Л.Моломжамц оров. Тэрбээр өмнө нь "Болор цом-31" наадамд Тэргүүн найрагчаар шалгарч байсан билээ.

"Өвлийн гурван марал"

Үүрээр хаялсан цасны зургаан талст өнгийн чулуун дээр очир эрдэнэ шиг гялалзана

Өндөр хурмаст үүлгүй цэнгэгээр цэлийж өдрийн ганц од тэртээ дээр цаашлана

Үдшээр нисэж өнгөрсөн галт шувууны тунгалаг өдийг хайсан үнэгний сүүл цайдам давна 

Өл халзан бүргэд тэнгэрт амран нисч монголын тал нутгийг сүвлэнэ 

Хаана ч  байхгүй эрдэнийн ийм цагаар л 

Хазаарын амгай нуруундаа шигширгэн мориндоо би алханам

Ус мөрөн цэнхэр могой шиг мушгиран хөдөлгөөнгүй ч хөдөлгөөнийг бичиглэн оршиж 

Уулын савдаг цагаан өвгөн таяг тулан нарны дор мөс хүлхэн зогсоог лус ажина

Ургаж үдэлсэн нарнаа хиргисүүр чулууд гортиг татаж, сэмэн өвс сэрүүн ахуйг тунгаана

Умраас нүүх үүлс сэтгэлийн доторхыг зураглаж, морьтой хүн цастай хөндийг чимэглэнэ

Зүүдэнд ч олдохгүй эрдэнийн ийм цагаар л 

Зүрх сэтгэл минь амран тэнийж цасны солонгыг харан баяснам

Одон ертөнц гурван хэмжээст нөмөрч, олон гаригс нүдэн дээр тулж ярилцана

Одохуй, ирэхүйн үлгэрийг өвлийн тэнгэр хүүрнэж, гэрийн тотгоноос амьдралын гал улалзана

Адуу шөнийн тэг гүнээс тургилан янцгааж, зүрхний гүн дэх соронзонг эргүүлнэ

Алсын уулын онь дээрээс хөөрөх аугаа мөнгөн сар орчлонг тулах ганц мод шиг үзэгдэнэ

Үүрдийн ертөнцөд ховорхон эрдэнийн ийм цагаар л 

Үнэгэн лоовуузтай монгол хүн би гурван маралтай хамт зугаацнам. 


Дөрөвдүгээр байрт яруу найрагч Д.Галсансүх шалгарсан юм. Тэрбээр 15 жилийн өмнө "Болор цом" наадамд түрүүлж байв. 

Хятад хэл...

Монголын радио хятадаар мэндлэхэд би үхнэ... /Д.Галсансүх/

Нүүдэлчдийг муучилж хаандаа айлтгал өргөхөд минь 

Нүгэлтэй сайхан зохицож нийлсэн хятад хэл минь 

Шавар хэрмэн дотроо дарь нухаж сурахад минь 

Шалаар нэг "хүүр" гэж чанга хашхируулан нээлт хийсэн хятад хэл минь,

Өвс ургасан тагзан дотроо хор найруулж суухад минь 

Өөрөөс минь бусад нь өөдгүй харагдаж 

Үх! гэж хараасан хятад хэл минь 

"Цөөрөм рүү мэлхий үсрэхэд усны чимээ гарав" гэж хэлж чадахгүй ч 

Цөөхөн үгээ олон ханзаар хачирлаад ч хэн ч ойлгохгүй ховор хэл минь,

Уртын дууны шуранхайд дарагдсанаас орилж ярихад хүргэсэн 

Урнаар хэлэх гээд тоть ч дуураймгуй, самж лугаа савчуулсан содон хэл минь 

Бээжин аялга, Шанхай хөгөөр хэлэлцээд хөрштэйгөө ч хэл нэвтрэлцэхгүй 

Ботунхуа хэлийг Мао даргаар зохиолгуулж Күнзээ тайлсан ухаалаг хэл минь 

Ли Бай, Ду Фу, Ван Вэй, Тао-Юань-Мигийн найргийг 

Лимбэ цоорын эгшгэн дор уншаад ч утгыг арайхийж ухсан нууцлаг хэл минь 

Зуун мянган ханз үсэгтэй хуучин бичмэл эхийг тас хийтэл цээжлээд 

Зах зухаас нь агуулгыг гадарлавч тайлбарлах гэж түүртсэн агуу хэл минь

Эртний бичвэрийн эхийг дуудаж уншаад эвлүүлэн эргэцүүлэвч ойлгохгүй 

Эргүүлж тойруулж харавч нээж танихгүй эгдүүтэй бичиг минь 

Хайрын тухай хамгийн сэтгэлийг хөдөлгөх санаатай ханз үсгээр 

Хайртай эхнэр минь миний дайсан гэж хэлгий хөших өхөөрдөм хэл минь 

Гар хөлөө сарвалзуулж гарцаагүй өстөндөө өвдөглүүлэхээс өрсөх лугаа 

Гавшгайгаар давшлан шүлсээ үсчүүлэн ярихад хүргэх гайхамшигтай хэл минь

Дэлхий гэдэг гаригийн хүмүүсийг ханз үсгэн дор хаших хүслийн минь хашаа 

Дээд тэнгэрээс дурайж морилох босоо бичигтэнд дарагдахгүй тэмцэх хятад хэл минь 

Ярианы хэлээ бичгийн хэл болгох гэж хорин зууны турш зүтгээд зүтгээд 

Яах ч аргагүйдэн эцэстээ нүүдэлчдийн соёлд нэгдэн нийлэх хятад хэл минь


"Болор цом-39" наадмын тавдугаар байрт яруу найрагч Н.Мөнхбаяр шалгарав. Тэрбээр "Гүн утга" бүлгэмийн гишүүн билээ. 

ОРГИЛЫН ДУУЛАЛ

                     1   

Өндөр-Өлзийтийн овоон дээрээс

Эргэн тойрныг халиахуй

Өнө мөнхийн орой дээрээс

Түр зуурын юмсыг харах шиг

Өргөн бэлээс нь цааш л

Мөнх бусын хорвоо үргэлжлэх шиг

Нүсэр харагдана.

Он цагийн хувьсал ээлжийг

Хормой бэлдээ зааглаж үлдээж

Орчлонгийн мөнх бус дундаас

Арал шиг тусгаар харагдана.

Хар багаас харж өссөн

Өндөр-Өлзийт хайрхан

Хагдарсангүй, шинэдсэнгүй,

Хаваршсангүй, намаршсангүй

Үүрд эрхэмсэг дүр нь хувирсангүй

Өнөд нэг л янзанд нь цаг хугацаа халдсангүй.

Өөр бусдын хугацааг хэмжихийн тулд

Өнө мөнх оршихын хутаг олсон мэт.

                       2

Уулсых нь цуурайнд тэнгэр дүлий, шувууд эзэнгүй

Униарт алсад нь үүлс дагшин, сар зэлүүд

Ульж цоройсон оргилууд тэрс, жавар исгэлэн

Умрын салхинаас өрсөж хөндөлссөн

Хангай хан.

Уулынхаа сүрээс ургаж боссон онго овоонд

Удаж, удаж насны орой ирлээ би

Удам дээдсийн мөр, амьд анхилга

Урдаас шившин намайг ариулан байна.

Олонхид автан бас нөхдийн сэтгэлийг бодож

Огт худлаад ч толгой дохин явааг минь

Олз ашиг, гарз түйтгэрийн алинд ч

Оргил шиг буюу тэнгэр шиг байгаагүйг минь өршөө.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Өчигдөр
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
7 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
0
1
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.