Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Энэ долоо хоногийн чухал үйл явдлууд: Гурил, хүнс, улсын шалгалт, наадам


Энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

1. Д.Сосорбарам руу гурил цацав

Нийслэлийн ардчилсан намаас энэ сарын 11-ний өдөр "Монголоо Беларусь болгохгүй" жагсаалыг хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө зохион байгуулав. Тус жагсаалын үеэр үг хэлсэн МУГЖ Д.Сосорбарам руу Х.Бээжин тэргүүтэй хэсэг бүлэг залуус гурил цацсан юм. Түүнчлэн өчигдөр Ардчилсан намаас зарласан хэвлэлийн хуралд Д.Сосорбарам оролцож "Би АН-д эргэн ирж байна. Намын залуу лидерүүдийг тогтолцоог өөрчлөөч гэж гуйж, урьж байна. Хувийн өмчид тулгуурласан, хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн эрх чөлөөт капиталист тогтолцоог бий болгоод өгөөч. Би хань болъё. Төрд нэг ч өмч байлгахгүйгээр бүгдийг нь эрэмбэ дараатай хувьчлаад цаашаа явъя. Өнөөдрөөс эхлээд амьсгаа хураах хүртлээ би энэ үзэл санаатайгаа хамт байна" гэж мэдэгдсэн юм.

2. "CS:GO Major" тэмцээнээс Монгол баг анхны хожлоо байгууллаа

Ази тивээ тэргүүлэн CS:GO тоглоомын "PGL Major" Дэлхийн аваргад өрсөлдсөн Монголын "IHC Esports" баг Австралийн "Renegades" багийг 2:0-ээр буулган авч түүхэн ялалт байгуулсан юм. Тэд "Renegades" багийг хоёр дахь удаагаа хожиж байгаа нь энэ билээ. 2019 онд Монгол тоглогч анх удаа "CS:GO Major" тэмцээнд оролцож байсан бол энэ жил Монгол баг анх удаагаа "Major" тэмцээнд өрсөлдөв. "IHC Esports" баг "Astralis" болон "Complexity Gaiming", "IMPERIAL" багуудад хожигдсоноор энэ удаагийн тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

3. "Улсын шалгалт"-ын товыг зарлав

Боловсролын үнэлгээний төвөөс "Улсын шалгалт"-ын товыг зарлалаа. Шалгалтад 5, 9, 12 дугаар ангийн сурагчид болон МСҮТ-д суралцагчид хамрагдах бөгөөд хичээлийн жил дууссаны дараах долоо хоногт шалгалтуудыг авах ажээ. Тухайлбал, XII ангийнхан VI сарын 13-нд монгол хэл, VI сарын 14-нд математик, VI сарын 15-нд сонгох шалгалт, VI сарын 16-нд гадаад хэлний шалгалтыг өгнө. МСҮТ-д суралцагчдын улсын шалгалтын хуваарь XII ангийнхантай ижил бөгөөд шалгалтууд тухайн өдрийн 9:00 цагт эхэлж, 80 минут үргэлжлэх юм. "Улсын шалгалт"-ыг цар тахлын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд зохион байгуулаагүй бөгөөд харин явцын үнэлгээгээр нөхөн тооцож байсан билээ.

4. Үндэсний их баяр наадмыг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулна 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өнөөдөр хуралдав. Уг хуралдаанд Урлаг соёлын салбар хороо наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа болон Төрийн хүндэтгэлийн концертыг зохион байгуулах найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарыг ажиллуулахаар санал оруулж, танилцуулсан юм. Улмаар энэхүү асуудлыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын гишүүд хэлэлцэн баталжээ. Н.Наранбаатар ийнхүү дөрөв дэх удаагаа Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг найруулахаар болов. Харин Үндэсний баяр наадмын зохиолыг Тодко Самсон бичих болсноо өнгөрсөн долоо хоногт зарлаад буй билээ. 

5. Я.Содбаатар БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д бараалхав

БНСУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар энэ сарын 11-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д бараалхсан юм. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д уламжилж, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн. Мөн цар тахлын дараах эдийн засгийг сэргээх, хоёр улсын иргэдийн солилцоог өргөжүүлэх зорилгоор БНСУ-ын иргэдийг тодорхой хугацаанд визийн нөхцөлөөс чөлөөлсөнтэй холбогдуулан монгол иргэд БНСУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр, визгүй зорчиход анхаарахыг хүсэв. Түүнчлэн Ерөнхийлөгч Юн Сог Ёль-ийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгыг гардуулсан юм. Харин Юн Сог Ёль тангараг өргөх ёслолд оролцсонд талархал илэрхийлж монгол иргэд БНСУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр, визгүй зорчиход анхаарч ажиллахаа илэрхийлэв.

6. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлыг тусгайлан хэлэлцэхийг УИХ, Засгийн газарт анхаарууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар мэдээлэл хийж, үг хэлэв. Тэрбээр "Хүнээ хамгаалъя, хүнээ хөгжүүлье гэвэл хүнсээ сайжруулах ёстой. Сүүлийн 15 сарын хугацаанд хөдөө аж, ахуйн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр 43 хувиар, түүн дотор үр тарианы үнэ 56 хувиар өслөө. Сүүлийн гуравхан сарын хугацаанд бордооны үнэ 20 хувиар өссөн байна. Алийн болгон бид айлаас давсаа хүртэл гуйж амьдрах вэ. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний үнэлгээгээр “хүнсний аюулгүй байдлын холбогдох заалтууд хангалттай хэрэгжээгүй” гэж дүгнэсэн байна. Энэ дүгнэлтээс үзэхэд нэн тэргүүнд төрийн бүх шатны байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо, нэгдсэн зохион байгуулалтыг сайжруулж, дор бүрнээ эрхэлсэн ажилдаа эзэн байж, сахилга, хариуцлагаа эрс чангатгахыг хатуу сануулж байна. Ийм учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Улсын Их Хурал, Засгийн газар хүнсний хангамж, аюулгүй байдлыг онцгойлон анхаарч, тусгайлан хэлэлцэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгож,  тогтоолын төслийг өргөн барьж байгаа бөгөөд Засгийн газраас хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг Улсын Их Хуралд яаралтай горимоор оруулан, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Монголчууд бид ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, хүнсний хувьсгал хийцгээе. Өөрөөр хэлбэл, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, саримс, хүрэн манжин, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тосоор хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, цаашдаа элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэнээр хангах ажлыг эрчимтэй эхлүүлье. Үүний тулд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилга дэвшүүлж байна" хэмээн мэдэгдсэн юм.

Хамгийн их уншилттай
1
2022.05.09
"Яг түүн шиг-2022" шоуны оролцогчид яг үнэндээ юутай адил байв?
2
2022.05.03
Met Gala 2022: Ким Кардашиан Мэрилин Монрогийн даашинзаар гангарахын тулд 21 хоногт 7 к...
3
2022.05.10
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кеон Хигийн тухай 9 баримт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Х.Амаржаргал: Хиймэл оюун ухааны тусламжтайгаар илүү аз жаргалтай амьдрах боломж нээгдэнэ
2
4 өдрийн өмнө
Авторын булан: “Рэкэтчид мэдээлж байна”
3
2022.05.16
Миний сурвалжилга - Миний түүх | Сэтгүүлчид түүхээ хуваалцаж байна
санал болгох
1
3 цагийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Ташуур, халуун ус, Хаан банк, Жонни Депп
2
7 цагийн өмнө
Өнөөдрөөс эхэлж буй НОМЫН БАЯРААР номууд хэрхэн хямдрах вэ?
3
8 цагийн өмнө
Хүн бүр иддэгээсээ 20 хувь бага үхрийн мах идэхийг уриалжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.