Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ)-аас дөрвөн жил тутамд зохион байгуулдаг Дэлхийн харилцаа холбооны хөгжлийн их хурал (WTDC 2022) Руанда улсын нийслэл Кигали хотод эхэллээ.
2022 оны 6 дугаар сарын 6-16-ний өдрүүдэд зохион байгуулагдах тус хурал энэ жил “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхийн тулд интернэтэд холбогдоогүй хэсгийг холбох нь" сэдвийн хүрээнд явагдаж байна. Өдгөө дэлхий дахинд 2.9 тэрбум хүн интернэтэд хараахан холбогдоогүй байгаа билээ.
Дөрөв хоногийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрээс 1200 гаруй зочид, төлөөлөгч, удирдагчид нэг дор цугларч, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилт болон ОУЦХБ-ын "Connect 2030" хөтөлбөрийн зорилтод хүрэхэд дижитал түншлэлийг нэмэгдүүлэх, технологийн хүчийг ашиглах талаар хэлэлцэх юм.
Энэ удаагийн хурлаар шийдвэр гаргах түвшин дэх залуучуудын оролцоог онцолж, "Generation Connect" Дэлхийн залуучуудын чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулснаараа онцлог болж байна. Залуучуудын чуулга уулзалтад 18-29 насны 400 орчим залуус биечлэн, 5000 орчим залуус онлайнаар оролцсон юм.