Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Г.Адъяадорж: Төмөр хоолой дээр резьба татахыг харчихаад сантехникийн мэргэжлийг сонгосон


Дэлхийн ур чадварын тэмцээнд сантехник, халаалтын мэргэжлээр оролцогч, Техник технологийн дээд сургуулийн суралцагч Г.Адъяадорж

Есдүгээр анги төгсөхдөө ангиараа аймгийнхаа мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд (одоогийн Дундговь ПК) очиж, мэдээлэл авч, танилцсан юм. Би багаасаа техник их сонирхдог байсан бөгөөд энэхүү өдөрлөгийн үеэр сантехник мэргэжлийн танилцуулга хэсэгт төмөр хоолой дээр ризва татахыг харчихаад шууд л энэ мэргэжлийг сонгохоор шийдэв.

Ингээд 2.5 жилийн хугацаанд сантехникийн мэргэжлийн боловсрол, сургалтаа дүүргээд техникчийн түвшинд Улаанбаатар хотод Техник Технологийн Политехник Коллежид 1.5 жил суралцсан. Ер нь аливаа хүн сонгосон мэргэжлээ өөрийн болгон эзэмшиж маш сайн суралцах хэрэгтэй гэж боддог. Тиймээс одоо дулааны инженер мэргэжлээр мөн Техник Технологийн дээд сургуульдаа бакалаврын зэрэгт суралцаж байна.

Дэлхийн ур чадварын тэмцээнд 19 орны мэргэжилтнүүдтэй өрсөлдсөн төдийгүй тэдгээр үе тэнгийн, мэргэжил нэгт залуустай найзууд болсон. Түүнчлэн, миний хувьд бусад улс орнуудын мэргэжилтнүүдээс суралцаж, ямар багаж, тоног төхөөрөмж ашиглаж байгаа зэргийг харж ойлгох нь чухал байлаа.

Мэргэжлийн боловсрол, сургалтын хичээлүүд амьдралд ойр бас дадлага хийх, суралцахынхаа хажуугаар ажиллаж орлого олох боломжтой гээд олон давуу талыг олгодог. 

Би 2018 онд Монгол ур чадварын тэмцээнд анхлан оролцож байсан. Тэмцээн гурван үе шаттай явагдаж, би эхний хоёрт нь түрүүлсэн ч сүүлийн шатанд хоёрдугаар байрт орсон юм. Харин 2021 онд уг тэмцээнд дахин оролцохдоо бусад мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын сантехникийн мэргэжлийн суралцагчидтай өрсөлдөн түрүүлсэн. Ингэснээр Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох эрх авч, түүндээ амжилттай бэлдэн өрсөлдөөд байна. 

Дэлхийн ур чадварын тэмцээнд зөвхөн оролцогч төдийгүй тухайн улс орнуудын эксперт багш нар мөн оролцдог. Эдгээр багш нар тэмцээний үеэр үнэлгээ хийж, зохион байгуулалтад туслахаас гадна тухайн улс орны оролцогчдоо бэлдэнэ. Монголын сантехникийн мэргэжлийн эксперт багш  Ховд аймаг дахь Хөгжил ПК-д ажилладаг учраас би Ховдод очиж бэлтгэлээ хийсэн. Мөн Техник технологийн политехник коллеж дээр чадварлаг багш нарын заавар дор бэлтгэлээ хангасан. 

Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцсондоо сэтгэгдэл өндөр байна. Даалгаврыг гүйцэтгэхэд техникийн ур чадвар болон бусад олон талт чадварууд шаардагдахаар байлаа. Би 19 орны мэргэжилтнүүдтэй өрсөлдсөн төдийгүй тэдгээр үе тэнгийн, мэргэжил нэгт залуустай найзууд болсон. Түүнчлэн, миний хувьд бусад улс орнуудын мэргэжилтнүүдээс суралцаж, ямар багаж, тоног төхөөрөмж ашиглаж байгаа зэргийг харж ойлгох нь чухал байлаа.

Сантехникийн мэргэжлийг эзэмшсэнээр олон талт ур чадвартай болдог. Жишээлбэл, гагнуур, тооцоолол хийнэ, бүх зүйлс хэмжээстэй байгаа учраас хэмжээс уншиж сурах гэх мэт олон чадварт суралцана. Халуун ус, хүйтэн ус, өрөөний температур хэд байх зохимжтой гэх мэт олон улсын стандартуудыг мөн мэдэж авдаг. Олон талын ур чадвартай, өргөн хүрээнд хөгжих боломжтой мэргэжил гэж боддог.

Монголд барилгын салбар хөгжиж байгаа учраас сантехникийн мэргэжилтнүүд маш их эрэлттэй байдаг. Би сургуулиа төгсөөд дулааны инженерээр ажиллахаар төлөвлөж байна. Аав ээж маань намайг их дэмждэг, намайг МСҮТ-д сураасай гэж бодож буйгаа хэлж, энэ талаар зөвлөж байв. Тиймээс би мэргэжлийн боловсрол, сургалтыг сонгон суралцаж онолоо мэдэхийн зэрэгцээ дадлага ажил сайн хийсэндээ баяртай байдаг. МСҮТ-д суралцаад практик ур чадвартай, онолын мэдлэгтэй болоод хүсвэл үргэлжлүүлэн ахин суралцах боломжтой.


Г.Адъяадоржийн оролцсон дэлхийн ур чадварын тэмцээний даалгавруудыг сонирхуулъя.

Сантехникийн тэмцээн гурав хоног үргэлжлэх бөгөөд таван даалгавраас бүтнэ. Оролцогчид 19.5 цагийн хугацаанд дараах даалгавруудыг өндөр түвшинд хийж гүйцэтгэх ёстой. Даалгавар тус бүрд үнэлгээний схемийг танилцуулсан байх ба аюулгүй ажиллагаа, цэвэр ажилбар, зөв хэмжээс, хурдан гүйцэтгэл зэрэг бүгд өөрсдийн гэсэн үнэлгээтэй.

Даалгавар 1-2. Угаалгын өрөө угсралт, суурилуулалт

Оролцогчдод хоосон хана өгөх ба энэхүү ханан дээр нойлын суултуур, угаалтуур ба шүршүүр суурилуулах даалгавартай. Зөвхөн суурилуулах биш хамгийн гол нь техникийн зурагт өгөгдсөний дагуу цэвэр, бохир, халуун, хүйтэн ус явах шугамуудаа таслах, нугалах, хооронд нь гагнах ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Энэ даалгавар нь маш нарийн техникийн ур чадваруудыг оролцогчдоос шаарддаг.

Даалгавар 3. Спонсор байгууллагын бүтээгдэхүүнийг суурилуулах

Энэ жилийн тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч байгууллагын цэвэр усны шүүлтүүрийн системийг угсрах, зөв ашиглалтыг эхлүүлэх нь гуравдугаар даалгавар байсан юм. Үүний тулд мэргэжилтнүүд галт тогооны угаалтуурын шугамд спонсор байгууллагын усны шүүлтүүрийн төхөөрөмжийг зөв суурилуулах, хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгаж үзэх даалгаврыг биелүүлэв. 

Даалгавар 4. Угсралт, гүйцэтгэлийн алдааг олж, засах аргыг зааварчлах

Уг даалгаврын үеэр тэмцээний оролцогчид угсарч бэлэн болгосон угаалтуур, суултуур гэх мэтийн алдааг олж, засварлах аргыг бичиж тайлагнах ёстой. Нийт дөрвөн хэсэгтэй ба хэсэг тус бүрт дөрөв хүртэлх алдаа байх боломжтой. Сайн оношилгоо хийж, дараагийн алхмаа зөв тодорхойлж чадах нь сайн сантехникчийн ур чадвар билээ.

Даалгавар 5. Шугам нугалах, хэвд оруулан гагнах 

Зэс хоолойг матаж, нугалж холбох хэрэгслийг ашиглаж даалгаврын дагуу С үсэг, усны урсгалын хэлбэртэй хатаагчийг бүтээв. 

Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцож буй мужаан, өрөг угсралт, сантехник, токарь чиглэлийн оролцогч нар нь “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн дэмждэг Чадамжийн төвүүдийн суралцагч, төгсөгчид юм. Тус төслийг ХБНГУ-ын Эдийн засаг хамтын ажиллагаа хөгжлийн яамны даалгавраар, ХБНГУ, БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) хэрэгжүүлж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
11 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
12 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
15 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.