Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

БНХАУ-ыг зорихоор төлөвлөж буй иргэдийн мэдвэл зохих БҮХ ЗҮЙЛ


БНХАУ хөл хориогоо сулруулж, сүүлийн гурван жилд анх удаа дэлхийн дахинд хилээ нээгээд байна. Манай улсын тухайд Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн өчигдрөөс (2023.01.08) нээгдэж, иргэд хоёр улсын хооронд зорчиж эхлээд байгаа билээ. Тэгвэл урд хөршийг зорихоор төлөвлөж буй иргэдийн зайлшгүй анхаарах шаардлагатай мэдээллийг хүргэж байна. 

Эдгээр нь 2023 оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар мөрдөгдөж буй дүрэм, журам бөгөөд цаашид өөрчлөгдөж болзошгүйг анхаарна уу. 

БНХАУ руу зорчиход 48 цагийн хүчинтэй PCR шинжилгээ өгөх шаардлагатай

БНХАУ руу зорчиж буй  манай улсын иргэд болон БНХАУ-аар дамжин Монгол Улсад ирж байгаа гадаадын иргэд хилээр нэвтрэхдээ сүүлийн 48 цагт өгсөн PCR шинжилгээний "сөрөг" гэсэн хариутай байх шаардлагатай гэж Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлсэн. Мөн хил гараад 48 цагийн дотор эх орондоо орж ирвэл Замын-Үүдэд түргэвчилсэн шинжилгээ өгөх юм байна. Энэхүү журам нь агаарын болон хилийн боомтуудаар вагон, автомашинаар орж ирэх иргэдэд нэгэн адил үйлчилнэ. 

Анхаарах зүйлс: 

  • Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан PCR шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбараа захиалах,
  • Хилийн хяналт шалгалтаар нэвтрэхдээ PCR шинжилгээний хариугаа биедээ тогтмол авч явах,
  • PCR шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах эрсдэлтэйг анхаараарай. 

Монголоос өдөрт 300 зорчигчийг хилээр нэвтрүүлнэ

Коронавирусийн халдварын нөхцөл байдлаас шалтгаалан БНХАУ-ын талаас Замын-Үүд, Эрээн боомтоор зорчигч болон тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхэд зарим шаардлагыг тавьжээ. Тодруулбал, одоогийн байдлаар Монголоос өдөрт 300 зорчигч хилээр нэвтрүүлэх бөгөөд 20-иос доош суудалтай тээврийн хэрэгсэл гаргахаар болжээ. Хилээр нэвтрэх иргэдийн тоо болон тээврийн хэрэгслийг цаашдаа үе шаттайгаар нэмэгдүүлэх юм байна. Түүнчлэн өнгө үзэмж болон аюулгүй байдлын стандартыг хангахгүй гэж үзсэн тул УАЗ 469 машиныг хүлээж авахгүй гэж Хятадын тал мэдэгдсэн байна. 


БНХАУ руу аялал жуулчлал болон эмчилгээний зорилгоор зорчих боломжгүй


Гадаад Харилцааны Яамны Консулын газрын захирал Б.Болдын мэдээлснээр, БНХАУ руу ажил, бизнесийн холбогдолтой, мөн суралцах, гэр бүл, төрөл садандаа зочлох зорилгоор явж буй иргэд 30 хоног визгүй нэвтрэх аж. Ингэж зорчихдоо буцах билетээ заавал авсан байх шаардлагатай гэжээ. Харин БНХАУ-ын коронавирусийн халдварын нөхцөл байдлаас шалтгаалаад аялал жуулчлал, эмчилгээний зорилгоор гадаадын иргэдийг нэвтрүүлэх боломжгүй гэж мэдэгджээ. 


Замын-Үүд-Эрээн чиглэлд өдөрт долоон удаа автобус явна

Замын-Үүд-Эрээний хилийг нээсэнтэй холбоотойгоор Автотээврийн үндэсний төвөөс улс хоорондын зорчих автобусны хуваарийг гаргажээ. Хоёр улсын хооронд зорчих автобусны билетийг зөвхөн онлайнаар буюу eticket.transdep.mn сайтаас захиалах юм байна. Замын-Үүд-Эрээний автобус өдөр бүр 08:00, 08:30, 09:00, 09:30,10:00,10:30,11:00 цагт явах ба зорчих тасалбарын үнэ том хүнийх 25,000, хүүхдийнх 12,500 төгрөг аж. 

Анхаарах зүйл:

  • Зорчигчид аяллын туршид халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж зорчих шаардлагатай.

Халдварын шинж тэмдэг илэрвэл гүнзгийрүүлсэн шинжилгээ хийнэ

Монгол Улсын хилээр нэвтрэх гэж буй иргэнд коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрвэл гүнзгийрүүлсэн үзлэг шинжилгээ хийнэ. Гэхдээ халдварын шинж тэмдэгтэй иргэдийг тусгаарлах шийдвэр хараахан гараагүй байгаа гэж Гаалийн байгууллагаас мэдээлжээ. 

Иргэд БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ тус улсын хорио цээрийн China customs аппликэйшнийг бөглөж, шинжилгээний сөрөг хариугаа оруулна. Иймээс уг аппликэйшнийг гар утсан дээрээ татаж авсан байх шаардлагатай аж. Хэрэв аппликэйшнийг бөглөж чадахгүй бол Хятадын хил дээр хэвлэсэн эрүүл мэндийн асуумжийг бөглөх юм байна. Мөн PCR шинжилгээний хариуг цаасаар шаардахгүй гэжээ. 


Хятадад одоо ямар хязгаарлалт мөрдөгдөж байгаа вэ? 

Өнгөрөгч арваннэгдүгээр сарын сүүлээр цар тахалтай тэмцэх эрх баригчдын хатуу бодлогыг эсэргүүцсэн жагсаал БНХАУ-ын өнцөг булан бүрд өрнөсөн билээ. Ийнхүү иргэдийн эсэргүүцэлтэй холбоотойгоор Хятадын  засгийн газар "Тэг ковид" бодлогоо цуцалж, массаар шинжилгээ авах, хөл хорио тогтоох гэх мэт хатуу хязгаарлалтуудаа багасгаж, халдвартай иргэдийг гэртээ тусгаарлагдахыг зөвшөөрөөд байна. 

Халдварын тархалтыг хянах гар утасны QR код ажиллаж байгаа ч иргэд олон нийтийн газраар явах, нийтийн тээврээр зорчихдоо төдийлөн ашиглахаа болиод байгаа юм. Хүн хоорондын зай барих, маск зүүх зэрэг шаардлагыг засгийн газраас хатуу шаардахгүй байгаа ч дотор орчин болон нийтийн тээврээр зорчих бол маскаа зүүхийг зөвлөж байгаа гэжээ.

Хятадад Ковидын нөхцөл байдал ямар байна вэ?

Хатуу хоригийг цуцалсантай холбоотойгоор халдварын тархалт дахин эрчимжиж, эмнэлэг болон чандарлах газруудыг ачаалал нэмэгдэж байна гэж CNN мэдээлжээ.  Хоёрхон долоо хоногийн дараа (нэгдүгээр сарын 21-27-нд болно) Хятадуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг Цагаан сарын баяр тохиох гэж байгаа бөгөөд энэ үеэр олон сая хүн гэр бүл, төрөл төрөгсөдтэйгөө уулзахаар зорчдог тул халдварын шинэ давлагаа дэгдэнэ гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. Эрсдэлт нөхцөл байдалтай холбоотойгоор Хятадын эрх баригчдыг халдварын тархалттай холбоотой нарийвчилсан мэдээлэл хуваалцахыг ДЭМБ-аас шаардаж байгаа юм. 

Хятадын хилээ нээх шийдвэрийг дэлхийн улсууд хэрхэн хүлээн авч байна вэ? 

БНХАУ-ын шийдвэрийг дэлхийн улсууд харилцан адилгүй хүлээн авч байна. Нэг талаас, дахин дэлхийн нийтийг хамарсан халдварын шинэ давлагаа дэгдэх эрсдэл байгаа тул зарим улс хяналт, шалгалтаа нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Нөгөөтээгүүр гадагшаа чиглэсэн Хятадын урсгал нэмэгдсэнээр дэлхийн аялал жуулчлал, эдийн засгийн сэргэлтэд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж буй улсууд ч байгаа юм. Хятад жуулчид жилд ойролцоогоор 250 тэрбум долларыг гадаад аялал жуулчлалд зориулдаг байсан бөгөөд цар тахлын нөлөөгөөр энэ эдийн засгийн урсгал тасарсан билээ. Хятад жуулчдын хөл тасарсан нь Тайланд, Япон, Өмнөд Солонгосын эдийн засагт хамгийн хүчтэй нөлөөлсөн гэж Нью-Йорк Таймс мэдээлжээ.

  • АНУ, Австрали, Их Британи, Япон зэрэг улсууд Хятадаас шууд болон гуравдагч улсаар дамжин ирж буй зорчигчдод тавих шаардлагаа нэмэгдүүлжээ.
  • Хятадаас ирж буй жуулчдаас шинжилгээний сөрөг хариу болон маск зүүхийг шаардахыг Европын Холбоо гишүүн 27 орондоо зөвлөжээ. 
  • Өмнөд Солонгосын эрх баригчид Хятадын жуулчдыг Чежү гэх мэт аялал жуулчлалын бүс рүү шууд нисэхийг болиулж, Сөүлийн олон улсын нисэх онгоцны буудлаар дамжуулахаар болсон байна. Тэнд жуулчид PCR шинжилгээ өгч, хариу нь эерэг гарсан тохиолдолд тусгаарлахаар болжээ.
  • Харин Япон улс Хятадаас зорчин ирэгсдийг PCR шинжилгээний сөрөг хариутай байхыг, ирсэн хойноо дахин шинжилгээ өгөхийг шаардаж байгаа аж.
Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
3
3 өдрийн өмнө
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.