UBLife Logo
QUIZ

Сонжоо: Таныг илэрхийлэх "зам мөрийн тоо" аль нь вэ?

О.Анхзаяа
О.Анхзаяа
Сонжоо: Таныг илэрхийлэх "зам мөрийн тоо" аль нь вэ?

Хүн бүхэнд өөрийн гэсэн зам мөрийн тоо байдаг гэнэ. Энэ нь таны энэхүү амьдралдаа хэн байгаа, хэн болохыг зорьж байгааг харуулдаг гэнэ. Энэ нь энгийн нэг сонжоо биш бөгөөд таны эерэг бас сөрөг талууд, таны онцгой байдал, бас өөрийгөө танин мэдэх аяллыг илтгэж байдаг. Танд заяагдсан тоо нь таны ирээдүйг харах өнцөг, одоо хэн байгаа, хэн болоход тань ч нөлөөлж чадах хүчтэй гэнэ.

Зам мөрийн тоогоо хэрхэн олох вэ?

Та өөрийн төрсөн он сар өдрийг нэмэх хэрэгтэй. 

Жишээ нь: 

09/21/1996

0+9+2+1+1+9+9+6 = 37

Дараа нь гарсан тоогоо ч бас нэг оронтой тоо болох хүртэл нь нэмэх хэрэгтэй.

Харин таны тоо 11 эсвэл 22 эсвэл 33 гарсан бол хооронд нь нэмэхгүй. Энэ бол мастер тоонууд бөгөөд хооронд нэмэх шаардлагагүй тэр тоогоо шууд унших ёстой.

Харин миний хувьд бол:

3+7=10

1+0=1 болж байна. 

Тэгэхээр таныг ямар тоо илтгэж байна вэ?

Та бүхэн тоогоо олж мэдээд доорх quiz дээр дарж өөрийнхөө тухай уншаарай. Бас илүү дэлгэрэнгүй хувилбар нь доор текстээр байрлаж байна.

Одоо бүгдээрээ тооныхоо утгыг олж уншицгаая.

Удирдагч

Эр зориг, өөдрөг байдал, хүч чадал

Энэхүү тоо нь тэднийг амьдралын гол зорилгодоо төвлөрч, бие даасан байдлаа тунхаглаж, өөрийн хүч чадлыг харуулж чадахыг бэлгэддэг. Ямар нэгэн шинэ зүйлийг хамгийн түрүүнд туршиж үзэх, бусдыг дагуулах, танин мэдсэнээ бусадтай хуваалцах удирдагч, чиглүүлэгч байхад тэд анхаардаг. Өөрийгөө тунхаглах, харуулах хүсэл энэ төрлийн хүмүүсийг урагш хөдлөх хүч болж, илүү сайжирч, дэвшихэд нөлөөлдөг. 

1-р тооны зам мөрөнд төрсөн хүмүүс аливаад маш хурдан хариу үзүүлэх, нэгээс нөгөөд ямар ч асуудалгүй хурдан шилжиж дасах, шинэ зам эхлүүлж, түүндээ ч итгэлтэй байж чаддаг. Алдаа гаргах вий гэх нууцхан дотоод айдас нь тэднийг хөөж, тэмүүлж буй зүйлдээ улам эрчтэй, хичээнгүйлэн ажиллахад нөлөөлдөг бөгөөд, ихэнхдээ ялалт байгуулахад нь нөлөөлдөг. 

Энэ зам мөрийн хүмүүсийг ганцаардмал, тусгаарлагдсан байдал мөн дагаж явдаг. Тэд ганцаараа байх, бусдаас зайгаа барих, өөрийн ертөнцдөө байх хандлага гаргадаг бөгөөд энэ нь ч тэднийг илүү бүтээлч, үр бүтээлтэй байхад нь нөлөөлдөг. Хайр дурлалын харилцаа болон багийн ажил хийх нь тэдэнд хэцүүхэн байдаг. Учир нь тэд өөрсдийн зам мөрөөр, өөрсдийнхөө хүслээр явахыг илүүд үздэг хүмүүс юм.

Асран халамжлагч

Зөн совин, сэтгэл зүйн хөгжил

Тэд өөрсдийн амьдралыг маш сайхан харилцаа холбоогоор дүүргэх нээлттэй зүрх сэтгэлтэй хүмүүс.

Хайр дурлалаас бизнесийн харилцаа, гэр бүл, найз нөхөд гээд бүх харилцаа энэ зам мөрийн хүмүүст хамгийн чухал байдаг. Тэд багийн нэг хэсэг байхдаа үнэхээр дуртай бөгөөд бүхнийг жаргалтай, амар амгалан, амжилттай байлгаж, бусдыг таатай байлгахад өөрийн чадах бүхнээ хийдэг. Тэд маш өгөөмөр бас бат бөх харилцаа бүтээж, бусдын итгэлийг хүлээхдээ сайн.

Ажил мэргэжлийн хувьд тэд өөрсдийг нь жаргалтай байлгах зүйлээр хүрээлүүлж, амар амгалан байх дуртай. Заримдаа 2-р тооны зам мөрийн хүмүүс хэт амар амгалан байснаасаа үүдэн өөрийгөө бүрэн гүйцэд харуулж чаддаггүй талтай. Хэрэгтэй зүйл дээр дуугүй өнгөрөх, тавгүй болгож буй зүйлээ нуух, боломж, өсөлт дэвшил, цалингийн нэмэгдэл, тушаал ахих тухай асууж чадахгүй байх гэх мэт. Энэ төрлийн хүмүүс өөрсдийгөө нэн түрүүнд бодож чадалгүй хойно үлдээсээр байх хандлагатай бөгөөд түүнээсээ шаналж магадгүй тул энэ тал дээр өөрчлөлт авчрах шаардлагатай нүүр тулдаг.

Төсөөлөгч

Үүрдийн залуу зүрх сэтгэл, айдсаас салагч

Сэтгэл татам, романтик, бүтээлч энергитэй энэхүү хүмүүс амьдралыг яаж таашаахаа сайн мэддэг. Харилцааны тал дээр чадамж өндөр, ирж буй зүйлд үргэлж бэлтгэлтэй байдгаас гадна ямагт шинэ содон санаа гаргаж ирдэг. Энэ зам мөрийн тоонд төрсөн хүмүүс гайхалтай сэтгүүлч, блоггер, сошиал медиа нөлөөлөгч, зохиолч болж чаддаг. 

3-р тооны зам мөртэй хүмүүс амьдралын идэвхтэй байдал дунд байдаг бөгөөд хүмүүстэй ямагт эрч хүч дүүрэн харилцаа үүсгэж чаддаг. Тэд экстраверт (гадагш чиглэсэн нээлттэй харилцаатай хүмүүс) байх нь их бөгөөд өөрсдийн бодол, мэдрэмж, үнэ цэнийг харуулах боломж бүрийг ашиглаж чаддаг. 

Хүмүүсийг өөртөө татахдаа маш чадамгай хэдий ч тэд нягт, маш гүн гүнзгий харилцаа тогтоохдоо бэрхшээлтэй нүүр тулдаг. Хөгжилтэй бас хөнгөн, шинэ сонирхолтой зүйлүүдэд дуртай тэдний хувьд гүн гүнзгий харилцаа бий болгохын тулд тэр бүх зүйлээ гээх хэрэгтэй болдог. Тийм ч учраас утга учиртай, урт хугацааны харилцаа бий болгох, түүний төлөө хичээх нь тэдний хувьд хүнд даваа байдаг. 

Тогтворжуулагч & бүтээгч

Амжилт, мөнгө, баялаг

Тууштай, хүлээцтэй, аливаад худал ханддаггүй, хичээнгүй эдгээр хүмүүс бол нийгмийн дундах хамгийн тогтвортой хүмүүс гэж хэлж болно. Тэд өөрсдийн арга барилыг бий болгож, өөрсдийн мэдрэмж, сэтгэл хөдлөлийг хянаж биеэ маш сайн авч явж чаддаг. Бусадтай л адил бүх төрлийн мэдрэмжийг мэдэрдэг мөртлөө тэр болгоноо зөв залж чиглүүлж, гаргаж харуулж, илэрхийлж чаддаг нь тэднийг онцгой болгодог. Бас дээрээс нь тэд хэзээ ч тэсэрч, мэдрэмжээ бусдад цацдаггүй. 

Маш өргөн хүрээний мэдлэгтэй учир байгалиасаа л бусдад зааж сургах, багшлах чадвартай. Тэд мэддэг зүйлдээ итгэлтэй байж, маш тодорхой цэгцтэй ярьж, бусдаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чаддаг. Гэхдээ тэд үргэлж өөрсдөд нь ч бас сурах зүйл маш их гэдгийг санаж явах хэрэгтэй.

4-р тооны зам мөртэй хүмүүс хамт байхыг хүсэхгүй хүмүүстэйгээ цуг байж цагаа үрэх дургүй. Гэхдээ өөрт үнэхээр нандин чухал хүнээ олох юм бол харилцаагаа сайхан болгохын тулд тэд маш их хичээл зүтгэл гаргаж чаддаг. 

Эрэл хайгуулч & өөрийгөө соригч

Бүтээлч байдал, урам зориг

Тэд амьдралын турш үргэлжлэх урт удаан адал явдлыг хайгч. Юунд ч бэлэн, бас хорвоо ертөнцийн санал болгож буй бүхий л зүйлийг туршиж үзэх хүсэлтэй. Тэд сонирхолгүй, нэгэн хэвийн зүйлээс зайлсхийж, нэг газраа гацсан мэт байх дургүй. Тэд амьдралынхаа явцад үйлдлүүд дундаасаа танин мэдэж, шинийг сурдаг. 

Төлөвлөгөөтэй ажлууд тэдний хувьд тэсэхийн аргагүй мэт санагддаг. Өдрийн 8 цагийн ажил тэдэнд сонирхолгүй, бас тэд мэргэжлээ амьдралынхаа турш асар олон удаа солих хандлагатай. Тэд өөрсдөө шийдвэрээ гаргаж, өөрийнхөөрөө байж чадах ажилд илүү татагддаг. Ажлаар эсвэл өөрийн хүслээрээ байнга аялж зугаалах сонирхолтой ба энэ нь амьдралынх нь эрч хүчийг дүүргэж өгдөг. 

Энэ хүмүүсийн хувьд найз нөхөд, романтик харилцааг гүнзгий шат руу оруулах хэцүү байдаг. Тэд харилцаандаа өөрт нь маш онцгой өвөрмөц татагдсан хүнд өөрөө мөн татагддаг бөгөөд сэтгэл хөдлөм, таамаглах аргагүй хүнийг хамтрагчаараа сонгох нь их.

Анагаагч

Тав тух, эдгээн сэргээх

Энэ төрлийн хүмүүс зүрх сэтгэлээ дагаж, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илүү дагадаг. Тэд маш дулаахан, найрсаг мэдрэмж төрүүлж, бусдад хамт байхад тухтай санагдуулдаг. Тэд маш олон төрлийн гайхалтай харилцаа холбоог тогтоож чаддаг бөгөөд найз нөхөд, хайр дурлалын тал дээр баялаг дурсамж, мэдрэмжтэй.

Тэд өөртэй нь адилхан байна уу эсвэл өөрөөс нь тэс ондоо хүн байна уу ялгалгүй бүх хүнтэй ижил тэгш эелдэг, хүндлэлтэй ханддаг. Бас бусдыг дэмжихдээ ч маш сайн. Зарим хүмүүс амьдралыг хар эсвэл цагаан л гэж харж байхад тэд 6 тооны зам мөртэй хүмүүс дундын буюу саарал өнгийн хэдэн зуун хувилбарыг давхар харж байдаг.

Бусадтай зүрх сэтгэл, мэдрэмжээрээ холбогдох маш өндөр чадвартай учир зөвлөгөө өгөх, тусламж үзүүлэхдээ тэд маш сайн. Мэргэжлийн зөвлөгч, ментор, сэтгэл судлаач, багш, төлөөлөгч болох чадвартай. Тэд сайн дурын үйл ажиллагаанд оролцохдоо сайн бөгөөд дуу хоолойгоо өргөх, хандив босгох, бусдад туслах хөтөлбөр удирдах зэрэгт маш сайн оролцож чадна. Бусдыг хамгаалах, туслах нь тэдний гол чадвар юм. 

Нууцлаг

Эр зориг, хамгаалагч, мэргэн ухаан

7 тооны зам мөртэй хүмүүс бол хорвоо ертөнцөөс үргэлж шинийг ойлгож авах сурагчид л гэсэн үг. Тэд бол мэдлэгээр цангагч, аливаа зүйлийн утга учир, гол цөм рүү өнгийх дуртай хүмүүс. Оюун ухаандаа итгэгч бөгөөд маш гүн гүнзгий боддог хүмүүс.

Тэд зөвхөн мэдлэг боловсрол төдийгүй амьдралд ч ухаалаг ханддаг. Ном унших дуртай, ном судраар дамжуулан мэдлэг олж авах сонирхолтой ч бас өөрөөсөө илүү хүмүүсээр хүрээлүүлж, тэдний ажил, мэдлэг мэдээллээс суралцах сонирхолтой байдаг. 

Тэд хийсэн үйлдлээ, өөрсдийгөө бусдад тайлбарлах дургүй бөгөөд ганцаар байж, өөрийн шийдвэрийг гаргах сонирхолтой. Тэдний харилцаа холбооны хүрээлэл жижигхэн бас өөртэйгөө адил хүмүүстэй нөхөрлөх дуртай. Шинэ хүмүүстэй уулзаж танилцахдаа бүрэг, бэрхшээлтэй байдаг бөгөөд тэдэнд аливаа асуудлыг шийдэх, эрж хайдаг төрлийн мэргэжил төгс тохирох болно. 

Нөлөө бүхий, эрх мэдэлтэй

Хөгжил цэцэглэлт, харамгүй сэтгэл

Хамгийн хичээнгүй хүмүүс төдийгүй хамгийн их суралцагчид. Энэ тоонд төрсөн хүмүүс агуу зүйлсийг хийж бүтээхийг эрмэлздэг. Маш том зорилго урдаа тавьдаг, бас түүнийгээ биелүүлэхдээ гайхалтай сэтгэл ханамж авдаг. Тэд амжилт, нэр хүнд бүхий амьдралыг цогцлоохын төлөө бүх хүч чадлаа зориулдаг.

Эрх мэдэл бүхий хүмүүстэй харилцах харилцаа нь бэрхшээлтэй байдаг. Учир нь тэд өөрсдөө удирдагч, бас нэр нөлөө бүхий хүн байхаар тэмүүлдэг бөгөөд тэр зан чанарууд нь бусадтай зөрчилдөхөд хүргэдэг. Тэд хүний хий гэсэн зүйлийг үг дуугүй хийгээд сууна гэж байхгүй. Тэр тусмаа өөрийнх нь хүсэж байснаас өөр зүйлийг тулгах үед тэд улам л зөрүүдлэх болно. Тэд харилцаа холбоо нь амар амгалан, зөөлөн харилцаан дээр тогтдог гэдгийг ойлгож, зарим тохиолдолд хүчирхэг, давамгай байдлаа зөөлрүүлэх шаардлагатай. 

8 тооны зам мөртэй хүмүүсийн хамгийн том дайсан бол стресс. Тэднийг удаашруулж, заримдаа зорилгодоо хүрэхээс нь хойш татдаг. Бясалгал хийх цаг өөртөө гаргаж, найз нөхөд, таатай харилцаандаа илүү их цагийг өнгөрүүлж, аливаад тэнцвэрийг барих шаардлагатай. 

Сайн үйлстэн

Илчлэн харуулах, тодорхой байдал

Энэ тоон дээр төрсөн хүмүүсийг онцгой нэгэн ид шид дагаж явдаг. Тэд амьдралын ухаанд хэнээс ч илүү суралцдаг. Гэхдээ тэд одоо байгаа түвшиндээ хүрэх гэж маш олон сорилттой нүүр тулсан бөгөөд өөрсдийн хүч чадал, туршлагыг амьдралын олон үйл явдал дундаас олж авсан. Хүмүүст зөвлөх, туслах, тэдний амьдралд нөлөө үзүүлэх дүр төрх нь тэдний гол онцлог. Тэдний туршлага, мэдлэг өөр олон хүнд нөлөөлөх чадвартай.

Тэд маш уужуу сэтгэлтэй бөгөөд сэтгэлээр унасан, өөрсдийгөө дутуу үнэлсэн хүмүүсийг сэргээж, дэргэд нь байж, хань болж чаддаг. Гэвч тэд бусдад туслах ч өөрсдөө тусламж гуйж чаддаггүй төрлийн хүмүүс. Тэд өгөөд л байхаас биш авахаа заримдаа мартдаг. Өөрсдийгөө ч бас ойлгож хайрлах, тусламж асуух зэрэгт тэд илүү зоригтой байх хэрэгтэй ба хань болж чадах, өөрт нь үр өгөөж өгч чадах хүмүүстэй хамт байх хэрэгтэй.

Таны амьдралд маш олон үйл явдал тохиолдож, тэр болгон нь улам нинжин сэтгэлтэй байхад сургажээ. Тиймээс бусадтай туршлагаа хуваалцаж, зааж чиглүүлэх хүн нь байгаарай.

Мастер анагаагч

Тогтвортой байдал, дасан зохицол

Тэднийг бараг л зөн билэгтэй хүмүүс гэж хэлж болохоор. Тэд маш их хүч чадлыг өөртөө агуулдаг бөгөөд өөрт заяагдсан авьяас чадвараар бусдад нөлөөлөх ямар нэг зүйл хийх нь гайхалтай үр дүнд хүргэнэ. Тэд өөрсдийгөө хамгийн түрүүнд танин мэдсэнээр ямар хүчтэйгээ ойлгож чадах болно. 

Өөртөө итгэх байдал болон санаа зовнил тэднийг зовоож мэднэ. Тэд бусдад итгэх болох өөрийн чадварыг хурцлах тал дээр илүү хичээх хэрэгтэй. Тэд бусдад итгэж сурснаар маш олон амжилт гаргаж чадна. Айдсаа даван гарч чадсанаар тэд дийлдэшгүй болно. 

Бусдыг өөртөө амархан татдаг бөгөөд харилцаанд байгаа нэгнээ маш сайн анхаарч, сэтгэл зүйн байдалд нь анхаардаг. Тэд энэхүү мастер тооны зам мөрөө гүйцэлдүүлэхийн тулд өөрт ирсэн онцгой зүйлүүдээ хүлээн зөвшөөрч, бас чадваруудаа орхигдуулалгүй үргэлж хурцалж, хөгжүүлж байх хэрэгтэй. Тэгж чадвал гайхалтай зорилгод хүрч чадна.

Мастер бүтээгч

Хүчирхэг, нэгтгэгч, харилцагч

Тэд мөрөөдөл төсөөллийг бодит байдал болгох чадвартай. Заяагдсан авьяасаа бусдын ирээдүйн төлөө ашиглах чадвартай. Тэд маш их үүрэг хариуцлага бас гүн гүнзгий мэдрэмжийг авдаг. Өөрийн мастер тооны зам мөрийг гүйцэлдүүлэхийн тулд тэд тэд маш олон зүйлийг бүтээж, маш их хугацааг зарцуулах шаардлагатай нүүр тулдаг. Гэсэн ч тэд үүнийгээ гүйцэлдүүлж чадвал бусдын амьдралыг өөрчлөх хүч чадалтай. 

Тэдний бусдаас ялгагдах онцлог нь гайхалтай хичээл зүтгэл юм. Тэд маш хичээнгүй, зорилготой. Бусдын амьдралыг сайжруулах хүсэлтэй бөгөөд энэ нь алдаанаас айх айдаст хөтөлдөг. Тэд сэтгэл хөдлөлөө удирддаг ба заримдаа өөртөө тайван, хөгжилтэй байх хугацааг өгөх шаардлагатай. Бас тэд хамтын ажиллагаанд ихээхэн итгэл өгдөг ба хамтдаа байж чадвал илүү их зүйлийг бүтээж чадахыг мэддэг.

Чиглүүлэгч

Хариуцлага, өрөвч нинжин

Энэ төрлийн хүмүүс бусдад үйлчлэхээр заяагдсан мэт байдаг. Тэд бусдын чиглүүлэгч, заагч, нөлөөлөгч байдаг. Бусдыг анагаах, туслах, хань болох нь тэдний чадвар. Тэд өрөвч сэтгэлээр дэлхийд ул мөрөө үлдээж, өөрчлөлт авчрах маш нандин зорилготой бөгөөд хүмүүсийн хайрыг татсан, гэрэл цацруулсан хүмүүс байдаг. Өөрийгөө үл тоон бусдын төлөө явдаг чанар нь тэднийг онцгой болгодог.

Бусадтай харилцах маш өндөр чадвартай бөгөөд сэтгэл хөдлөл ихтэй, мэдрэг хүмүүс байдаг. Өөрийгөө бүтээлчээр илэрхийлж чаддагаас гадна ойлгуулахыг хүссэн зүйлээ бусдад гайхалтайгаар хүргэх чадвартай. Тэдний авьяас нь маш онцгой бөгөөд түүнийгээ бусдын төлөө ямар нэгэн зүйл хийхэд зориулсан цагт үр дүн нь гайхалтай байх болно. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.