Хайх зүйлээ бичнэ үү

Олон олон дуугаараа бидний сайхан, хөгжилтэй, амттай бас заримдаа гунигтай мөчүүдэд хань болсоор ирсэн “Vandebo” хамтлагийн гишүүн Ш.Энхжамц буюу Vande манай UB.LIFE сайтын энэ удаагийн ярилцлагын зочин боллоо. Түүний сүүлийн үеийн уран бүтээл болон мэдрэмжүүдээс нь хамтдаа хуваалцацгаая.


-Сүүлийн үеийн шинэ уран бүтээл, хийж байгаа зүйлээсээ хуваалцаач?

-Бид ойрд маш завгүй ажиллаж байгаа. Хамтлаг маань 15 уран бүтээлчтэй хамтарч 15 дуу гаргалаа. Энэ зургаадугаар сарын 3 гэхэд “Зуны зугаа” тоглолт маань болно. Эдгээр 15 бүтээл тоглолт болохтой зэрэгцэн гүйцэт цацагдаж дуусахаар байгаа. Одоо 3, 4 дуу л дутуу байна. Toonot Label, Ocean Grey продакшнтай хамтран ажилласан бүтээлч цаг үе өнгөрлөө.

-Энэ хаврыг хэрхэн өнгөрүүлж байна? Гадаа цас ороод л, нэг иймэрхүү байгаа нь сэтгэл санаанд чинь хэрхэн нөлөөлдөг вэ?

-Өвлөөс хойш “Vandebo” хамтлаг Япон, Хөх хотуудаар явж тоглолт хийсэн. Бид хоёр Хөх хотод болсон сүүлийн тоглолтоосоо ирээд л “Зуны зугаа” тоглолтын ажил руугаа ханцуй шамлан орсон. Бид хоёрын хувьд зун болоогүй л байна. Тоглолтоо дуусаад жинхэнэ зун маань эхэлнэ дээ. Бусад бүхнийг умартсан юм шиг л завгүй өдрүүд өнгөрч байна.

-Уран бүтээлийнхээ хажуугаар ихэвчлэн юу хийж цагийг өнгөрүүлж байна?

-Би компьютер тоглоом тоглох дуртай л даа. Тэгээд боломж гарвал жаахан тоглоод, бас найз охинтойгоо цагийг өнгөрүүлж байгаа. Мэдээж 15 уран бүтээлчтэй хамтран дуу хийнэ гэдэг бидний хувьд том сорилт байлаа. Огт хийж үзээгүй дуунууд дээр ажиллаж, энэ сорилтоо давахын тулд бид хоёроос хүчин чармайлт их шаардсан болохоор энэ хаврыг их завгүй өнгөрүүлсэн. Сахлаа ч авах завгүй явааг маань харж байгаа байх.   

-Ойрын үед чамайг хамгийн ихээр жаргалтай болгож байгаа зүйлээсээ хуваалцаач?

-Хайр дурлалын харилцаа маань намайг үнэхээр жаргалтай болгож байна. Мэдээж бас хийсэн уран бүтээл маань олон хүнд хүрээд, үр шимийг нь харахад сэтгэл хангалуун, өег байгаа.   

-Анх хөгжмийн салбарт орж ирж байснаасаа хойш яаж, хэр өөрчлөгдсөн гэж өөрийгөө бодож байгаа вэ?

-Он цаг өнгөрөхийн хэрээр илүү даруухан болж байна. Илүү гэр бүлсэг байж, өөрийгөө хайрлаж сурч байгаа. Нэг чухал зүйлийг хэлэхгүй бол болохгүй байх. Саяхан бидэнд маш хүнд гарз тохиож, нэг ахыгаа алдлаа. Түүнээс хойш биеэ сайн анхаарах хэрэгтэй юм байна гэдгийг их ойлгосон. Муугаар бодоход ужиг өвчинтэй байгаа эсэхээ тогтмол шинжилгээнд орж мэдэж авах хэрэгтэй юм байна. Эрүүл биед саруул ухаан оршдог гэдэг үгийг нэн сайн ойлголоо. Эрүүл мэнд гэдэг гэр бүл, ажил амьдралд, амжилтад шууд нөлөөлж байдаг юм байна. 

-Өөртөө сүүлийн үед байнга сануулан хэлж байгаа үг, ямар нэгэн чухал бодол юу байгаа вэ?

-Миний өөрийгөө доош нь хийдэг зан байдаг юм аа. Хүмүүсийн дэргэд “Би ч чадахгүй дээ, дүү нь ядарсан амьтан шүү дээ” гэдэг ч юм уу. Тиймэрхүү өнгө аястайгаар өөрийгөө голж ярьдаг байсан чинь эргэн тойрны хүмүүс маань “Өөрийгөө одоо голохоо боль, өөртөө итгэлтэй гоё бай” гэж хэлж, зөвлөх болсон. Тиймээс өөрийгөө голж болохгүй гэдгийг л байнга сануулж байна даа.  

-Өөрийн тань амьдралыг өөрчилж, эргэлтийн цэг болж өгсөн үйл явдал юу байсан бэ?

-Энэ хамтлагийг байгуулсан маань юм болов уу. Хөгжмийн урсгалаар уран бүтээл оролдож эхэлснээр миний амьдрал шат дараатайгаар өөрчлөгдөж эхэлсэн. Мэдээж хэцүү үеүд байсан. “Lost” гэдгийн “L” үсгүүд, “Win” гэдгийн “W” үсгүүдийг ч хангалттай авсан үеүд байлаа. Одоо ч үргэлжлүүлсээр байна. Миний амьдралын эргэлтийн цэг харамсаж сурч байгаа маань юм байна. Хүн ер нь хэзээ ч харамсаж сурдаггүй юм билээ. Харин харамсаж сурч байж амьдралыг арай амархан байдлаар ойлгож авдаг. Хагацал болгоноос маш олон зүйлийг ойлгож байна. Уналт босолт, харамсал бүрээсээ шинийг ойлгож авч байна даа. 

-Уран бүтээлчийнхээ зүгээс хүрэхийг хүсэж байгаа оргил цэг тань юу вэ?

-Би хоёр жилийн өмнөөс “Vanderland” соло альбумаа хийж эхэлсэн. Бүтэн дуусгаад хэсэг завсарласны дараа сонсоход миний сэтгэлд хүрээгүй учраас дахиад шинээр хийж эхэлсэн. Сая яг дуусгахын даваан дээр “Зуны зугаа” тоглолт руугаа эрчимтэй орох хэрэгтэй болсон. Манай хамтлаг байгуулагдаад долоо дахь жил рүүгээ орж байна. Энэ нь бидний хувьд их чухал учраас анхаарлаа энэ тоглолт руугаа бүрэн хандуулж байгаа. Тийм учраас цомгоо нэг улирлаар хойш тавьсан байгаа. Ерөнхийдөө миний зорилго бол цомгоо л гоё хийх. Энэ хамтлагаас гадна “Vande” гэдэг хувь хүнийг олж харах өнцгийг тэр цомгоороо илэрхийлэхийг маш их хүсэж байгаа. Мөн Vandebo-гийн стилээс өөр, өмнө нь хийж үзээгүй хөгжмүүдийг хийхийг эрмэлзэж байгаа. Намайг сонсдог хүмүүс бол мэднэ дээ. Би ерөнхийдөө “гунигтай” стильтэй шүү дээ. Өмнө нь нэлээн хүйтэн, харанхуй хайрын дуунууд хийдэг байсан бол одоо илүү гэгээлэг хайрын дуунууд бий болсон.

-Өөрийнхөөрөө байх гэж ярьдаг даа? Яг тэр өөрийнхөөрөө байгаа үедээ өөртөө хэр их таалагддаг вэ?

-Хүмүүс алдаа дутагдал гаргаж, хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлсэн үедээ “Би өөрийнхөөрөө байна” гэж хэлдэг. Найз аа, өөрийнхөөрөө бай гэдэг чинь тэнэг бай гэсэн үг биш байхгүй юу. Миний өөрийнхөөрөө байгаа нь энэ байхгүй юу? Танд миний өөрийнхөөрөө байгаа нь таалагдаж байна уу?

-Таалагдаж байна.  

-Яг ийм л байхгүй юу. Би өөрийнхөөрөө байна гээд танд тэнэг юм яриад, эвгүй сэтгэгдэл үлдээсэн бол хэцүү. Өөрийнхөөрөө биш байж байгаад би танд эвгүй сэтгэгдэл төрүүлчихсэн бол харамсана. Хэнтэй, хэзээ, хаана, юу ярьж өөрийнхөөрөө аашлах уу гэдэг чинь өөрөө нэг том хүмүүжил.

-Шинэ зүйл хийх санаагаа, онгодоо хэрхэн хаанаас олж авч байна?

-Амьдарч үзэх л хамгийн том түлхэц. Хөгжим хийх нь амьдарч үзэхээс шууд хамаардаг. Яагаад сая “Vandebo” хоёр жил гаруй завсарласан бэ гэхээр бид энэ хугацаанд илүү амьдарч үзсэн. Бие биеэсээ тусдаа байж үзээд, “Vande”, “Ebo” гэсэн тэр дүрүүдийг хөгжүүлээд, сая эргэж нийлээд дуунууд хийхэд анх дуу хийж байсан мэдрэмжүүдээ эргүүлж авсан. Шинэ хөгжим хийх гол хүчин зүйлс нь юм юм үзэх, туршлагажих байлаа.

-Завсарласан хугацаандаа хийж үзсэн, сурсан хамгийн том чухал чинь юу байсан бэ?

-Бие дааж сурсан. Урьд нь хамтлагаараа хөгжим хийхэд заавал ярилцдаг байсан бол ганцаараа байхад өөр өөртэйгээ ярилцаж сурсан. Бас би энэ хугацаанд илүү дээр хүн болсон гэж хэлж болно. 

-Таныг хамгийн дулаахан, жаргалтай мэдрэмжээр дүүргэдэг сайхан дурсамжаасаа хуваалцаач?

-Өнгөрсөн жил “Зуны зугаа” тоглолтыг хийж байхдаа тайзан дээр сүүлд Эбо бид хоёрын нэг нэг рүүгээ харсан харц маш дулаахан байсан. “Хоёулаа чадчихлаа шүү дээ” гэсэн тийм гоё мэдрэмж авсан. Өмнө нь даруухан байх ёстой гээд нэг нэгнээ дардаг байсан бол тэр үед “Хоёулаа чадсан юм байна” гэсэн дүүрэн мэдрэмж төрсөн. Энэ л манай хамтлагийн хамгийн гоё дурсамжуудын нэг.   

-Таны хувьд нөхөрлөл гэж юу вэ?

-Нөхөрлөлд маш том зааг байх ёстой. Бие биенийхээ хэм хэмжээг нь мэддэг байх ёстой. Миний хувьд олон нөхөрлөл байна л даа. Багын найз, хөгжмийн, энтертаймент салбарын найзууд, ах нар гэх мэт. Тэр дунд “энэ зураасыг давж болохгүй” гэсэн хүндлэл байх ёстой. Нэг нэгнээ сайн сайхнаар хардаг тэр нандин зүйлээ алдаж болохгүй. Эбо бид хоёрын нөхөрлөлд ч энэ их чухал зарчим байдаг. Мөн хувийн орон зайгаа ч бас хамгаалан хадгалах хэрэгтэй.

-Өөрөөрөө хамгийн их бахархаж байсан мөч хэзээ байсан бэ?

-Өнгөрсөн жил. “Зуны зугаа” тоглолт хийсний дараа манай аав над руу зурвас бичсэн мөч. “Би мундаг хүүтэй азтай хүн юм байна. Аав нь хүүгээрээ маш их бахархаж байна” гэсэн зурвасыг нь уншаад өөрийгөө зүгээр суугаагүй юм байна гэдгийг мэдэрч, өөрөөрөө бахархсан. Бас нэг бахархдаг зүйл нь “TripleX Hip Hop Awards” дээр шилдэг R&B уран бүтээлч цомыг авсан мөч. Хэдий би хип хоп дуунууд хийдэг ч гэсэн хип хоп харагдахыг хүсдэггүй. Илүү уран бүтээлч гэж өөрийгөө харуулахыг хүсдэг. Тийм болохоор дуулвал дуулна, үглэх үедээ үглэнэ, загварын тал руугаа ч оролцоотой байж чадна, сайн үйлсийн аянд ч оролцоно. Тэр утгаараа илүү өргөн хүрээгээр, уран бүтээлч гэдгээр маань харж байгаа юм байна гэдгийг ойлгосон. Тэр үед “5 дугаартай Vande” гээд дуудахад тэр танхим дотор маш олон хүн дэмжиж орилж байхыг сонсоод, намайг дэмждэг ийм олон хүн байгаа юм байна шүү дээ гэдгийг мэдэрсэн. 

-Чухалчилж дуулахыг хүсдэг ямар нэг сэдэв, хөндөхийг хүссэн зүйл байдаг уу?

-Би хүмүүст ухааруулсан, зааж сургасан дуу хийж чаддаггүй юм аа. Ярилцахын хувьд би хэнтэй ч гоё ярилцаад, зөвлөж чадна. Харин үүнийгээ дуундаа шингээхдээ тааруу. Миний дуунуудаас амьдралын сургамж гэхээсээ илүү мэдрэмж аваасай гэж хүсдэг. Учир нь сонсож байгаа хүмүүст зааж сургасан зөндөө чухал бүтээлүүд байгаа. Түүн дээр би нэмэгдээд байх шаардлага байхгүй. Харин дуугаараа хань болох нь л миний хүсдэг зүйл.

-Өөрийн чинь тухай хүмүүс мэдээсэй гэж боддог тийм зүйл чинь юу вэ?

-Би ер нь их гунигтай хүн. Хүмүүс намайг даруухан, дуугүй хүн гэж боддог байх. Уг нь би их нээлттэй, гэхдээ л маш гунигтай хүн. Зөндөө олон жил өөрийгөө хэмлэж, сэтгэлзүйн асуудалтай явсан. Үнэнч сонсогчид маань ч мэдэх байх. Сэтгэлзүйн асуудал гэдэг нь муу хорт зуршил биш шүү дээ. Зүгээр л бодохыг хүсдэггүй, сэтгэлдээ тээж явдаг бараан дурсамжуудтай байсан. Одоо түүнээсээ хамаагүй илүү дээр хүн болсон. Илүү эдгэрсэн. 

-Ямар үед хамгийн эмзэг, зөөлөн болдог вэ? 

-Найз охиныхоо багын зургийг харахаар. Одоо харвал миний утасны дэлгэц дээр багын зураг нь байгаа. Санахаараа энэ зургийг нь хараад, хайр хүрээд байдаг юм.   

-Таны хувьд хайр гэж юу вэ? 

-Хайр, үйлийн үр хоёроос хүн хэзээ ч зугтааж чаддаггүй юм билээ. Яг л алганы зураас шиг дахин давтагдашгүй онцгой зүйл. Бурхан хүнийг хайраар шагнадаг болов уу гэж боддог. “За Ванде, чи сайн хүү байсан болохоор шагнаж байна шүү” гээд явуулдаг байх. Гэхдээ мэдээж хайр дандаа халбага дүүрэн молоко шиг байх албагүй. Заримдаа бас унагаана. Харилцан адилгүй л ойлголт доо. 

-Заримдаа шөнө нойргүй хоноход хүргэдэг тийм санаа зовнил чинь юу вэ?

-Сүүлийн үед тоглолтондоо санаа зовоод нэлээн нойргүй хонож байна. Бас хүнд бодохыг хүсдэггүй тийм үеүд гэж байдаг даа. Тэрийгээ бодчихоор би лав тэр шөнөдөө унтаж чаддаггүй. Эсвэл маргааш нь том ажилтай бол урд шөнө нь сайн унтаж чаддаггүй. Гэхдээ шөнө унтаагүй байсан ч өглөө нь яаж ийж байгаад сэрээд л, түчигнэж байгаад л ажил руугаа гараад явчихдаг даа.   

-Өөрийнхөө төлөө хийсэн хамгийн чухал зүйл чинь юу вэ?

-Дуулж үзье гэж бодсон минь. Өмнө нь голдуу үглэдэг байсан бол дуулж үзмээр санагдсан маань юм уу. Ээж минь дуу хөгжмийн багш хүн байдаг. Ээжид сонсгол байгаа юм чинь надад ч бас байгаа байх гээд дотор байсан хүслээ ичиж, санаа зоволгүй бусдад сонсгосон маань өөр нэгэн хаалгыг нээж өгсөн маш том зориг байсан юм байна лээ. Хэрвээ чадахгүй юм чинь гэж бодсон бол чадахгүй хэвээр үлдэх байсан байх.

-Гэр бүлийнхэндээ хэр их цаг зав зориулж байна вэ?

-Би ер нь нэлээн гэр бүлсэг хүн. Яг муур шигээ. Гадуур гарахаас илүүтэй гэртээ цагийг өнгөрүүлэх нь надад гоё амралт болдог. Найз нөхөдтэйгээ уулзахгүй үедээ найз охинтойгоо цагийг өнгөрүүлэх дуртай. Найз охинтойгоо хоёулахнаа хамт үүргэвчээ үүрээд юм уу, чемоданаа чирээд ийш тийшээ аялах дуртай. 

-Ямар үед өөрөөсөө ондоо өөр хүн шиг болчихдог вэ?

-Сэтгэлээр унасан үедээ энэ шигээ нээлттэй хүн байхаа больчихдог. Дулаахан харц маань ч алга болчихдог. Одоо “Зуны зугаа” тоглолтын бэлтгэл гээд Эбо бид хоёр сар хагас хамт байрлаж амьдарч байна. Сэтгэл санаа онцгүй байвал орж ирээд багийнхан, Эботой хэнтэй нь ч дуугарахгүй өрөө рүүгээ ороод л бүтэн өдөржин болдог.

-Ер нь сэтгэлзүй гэдэг ямар ч хүний хувьд маш чухал шүү дээ. Сэтгэцийн эрүүл мэндийн тал дээр таны хамгийн чухал гэж боддог зүйл юу вэ?

-Хүнд биеийн эрүүл мэндээс гадна сэтгэлзүй тал дээрээ маш сахилга баттай, эрүүл саруул байх ёстой. Миний эргэн тойронд ч бас сэтгэлзүйн асуудалтай хүмүүс байгаа. Хүмүүс надтай маш их ярилцдаг. Ярилцаад үзэхэд хүн бүрт нийтэд нь сэтгэлийг нь түгшээдэг ямар нэг зүйл байж л байдаг. Манай үеийнхэн нийтээрээ бараг сэтгэл зовнил, түгшүүртэй явдаг. Түүнээсээ бид эдгэх ёстой. Миний хувьд би бол зүгээр л нэг 25 настай залуу уран бүтээлч шүү дээ. Би өглөө босоод дотор минь юу болж байгааг А4 цаасан дээр гаргаад бичдэг байсан. Бичсээр байгаад маш зузаан болоод ирэхэд нь “Одоо болсон, хангалттай” гэж үзээд тэр бүгдийг би урж хаясан. Тэр бүхнээсээ эдгэх ямар нэг зүйлийг хийх хэрэгтэй. Жишээ нь дасгал хөдөлгөөн хийх нь амьсгалд нөлөөлнө. Амьсгал чинь амьдрал шүү дээ. Бас маш сайн ярилцах хэрэгтэй. Дотроо буглаад л яваад байж болохгүй. Тэр чинь нэг л өдөр хэцүүднэ. Тиймээс залуус минь хэн нэгэнтэй сэтгэлээ нээж ярилцаж байгаасай гэж хүсдэг.

-Хэзээ сүүлд нэг их гоё гүн гүнзгий ярилцав?

-Сүүлийн хоёр сарын турш ингэж ярилцаж байгаа. Манай продюсер Даваасүрэн гээд ах маань Эбо бид хоёртой янз бүрээр харилцаж үзнэ. Нэг уурлаж үзнэ, нэг инээж үзнэ, нэг ярилцаж үзнэ. “Яагаад төвлөрөхгүй байна, юу нь болохгүй байна, за тэгвэл нэг өдөр амарцгаая, массажинд оръё, сайхан хоол идээд сууя, найз охиныг нь эсвэл ах нь яваад аваад ирэх үү” гэх мэтээр харилцдаг учраас сүүлийн үед ойр тойрон, гэр бүлийнхэнтэйгээ их ярилцаж байна. Бараг л хувийн сэтгэлзүйч шиг байдаг болохоор тун дажгүй байгаа. 

-Өөрт тань хамгийн ихээр нөлөөлж байсан дуу хөгжим, ном юу байдаг вэ? 

-Сүүлд бид хоёр энэ олон клипийн ажил руугаа орохоосоо өмнө “Мөнгө бол тоо” гээд дуу хийсэн. Тэр үедээ маш их зүйл ойлгосон. Хэсэг хугацаад завсарлаад, хоёр талаасаа эргэж уулзахдаа том болцгоосон, олон зүйл ойлгоцгоосон байсан. Бие биеэсээ тусдаа байсан учраас эргээд дуу хийхэд маш их сэтгэл хөдөлөж, үнэндээ тэр дуу хит болох эсэх нь ч бидэнд хамаагүй болсон байсан. Учир нь нэг нэгэндээ маш их хайртай болохоор тэр дуун дээр хүссэнээрээ байж, бас хэрэгтэй хүмүүс нь олж сонсоосой гэж хүссэн.

-Гадуур явахаар хүмүүс таараад “Vandebo байна шдээ” гээд таниад ирэхээр ямар санагддаг вэ? Анх мэдрэгдэж байсан сандрал одоо ч байдаг уу?

-Одоо ч сандардаг. Би ер нь олон хүмүүстэй газраар явах тийм ч дуртай биш. Урьд нь бол зарим хүмүүс биднийг хараад “Аа хоёр мангар бацаан” гэдэг байлаа. Гэхдээ одоо хүмүүс харьцангуй нээлттэй болчихсон санагддаг. Ирээд “Уран бүтээлүүдийг тань сонсдог шүү, дэмждэг шүү” гэхээр их гоё байдаг. Одоо бол хүмүүсийн анхаарч байгаа нь их гоё санагддаг. Хүмүүст хувь хүн талаа ч их ойлгуулж чадсан байх. Хүмүүсийн хүлээж авч байгаа нь маш элгэмсэг санагддаг. Бид хоёр ч ард түмэн, сонсогчдынхоо хайран дунд өссөн дөө.

-Фэнүүдээсээ авч байсан хамгийн гоё бэлэг эсвэл сэтгэлийн үг юу байсан бэ?

-Үнэнч байгаа нь хамгийн гоё. Хамгийн том бэлэг бол биднийг сонсоод, дэмжээд явж байгаа нь.   

-Хэрэв уран бүтээлээр яваагүй бол өдийд өөрийгөө юу хийж байх байсан гэж боддог вэ?

-Системийн аюулгүй байдлын инженер байх байсан байх. 

-Та өөрийгөө интроверт эсвэл экставертын аль нь гэж боддог вэ? Ер нь янз бүрийн зурхай, MBTI гэх мэт зүйлд хэр итгэдэг вэ?

-Би их дотогшоо, интроверт хүн. Гэхдээ 25 хүрснээсээ хойш ер нь хүмүүстэй их нээлттэй байх хэрэгтэй юм байна гэж боддог болсон. Өмнө нь бол юмнуудаа дотроо хураагаад л, өөрийнхөө ертөнцөд, хамаг цонхыг нь тоосгоор шавардаж битүүлээд ганцаараа сууж байгаа юм шиг л байдаг байсан. Одоо бол тийм байхыг хүсэхгүй байгаа. Илүү дээр хүн байхыг хичээж байгаа. Зурхай, одон орон судлал зэрэгт ч бас их итгэж, ач холбогдол өгдөг.

-Хүнд ерөөсөө байж болохгүй зан чанар гэвэл юуг хэлэх вэ? 

-Амьд амьтан, ургамал, ер нь амьтай гэсэн бүхнийг хайрлах зан чанарыг ээж минь бага байхаас сургаж байсан. Нэг байр түрээсэлдэг байх үед тэр орцны давхар болгонд цэцэг байдаг байсан юм. Анх очиход цэцэг нь тэр чигтээ хатчихсан байж байсан. Би өглөө бүр гарч усалдаг байсан. Бүх давхрын цэцгийг биш юм гэхэд дээд давхар, өөрийнхөө амьдардаг давхар хоёрын цэцгийг байнга усалчихдаг байсан. Намайг явахад нов ногоон болж өнгө ороод, бүр цэцэглэчихсэн байсан. Нүүх үедээ би хажуу айлынхаа хаалгыг тогшоод “Би нүүж байгаа юм аа. Өглөө болгон биш юм гэхэд хэд хоногтоо нэг удаа цэцэгнүүдийг усалж байгаарай. Усаа тавьж хонуулаад тэр усаараа усалдаг шүү” гээд хэлж байсан. Амьд бүхнийг хүн хайрлахаа хэзээ ч больж болохгүй. Цэцэг үхэхийг харах надад маш хэцүү байдаг. Энэ цэцэг ч амьсгалж байгаа, энэ ч бас энэ шим ертөнцийн нэг хэсэг шүү дээ. Хүн шиг байна гэдэг нь өөрөө ямар нэг зүйлийг, хэн нэгнийг хайрлахыг хэлнэ шүү дээ. Түүнийгээ л больж болохгүй. 

-Өөрийнхөө тухай олж мэдсэн ямар нэг шинэ зүйлээсээ хуваалцаач?

-Би хэвтэх үнэхээр дуртай юм билээ.    Би өөрөө анзаардаггүй байсан ч тоглолтын бэлтгэл гээд өглөөнөөс орой болтол маш завгүй явах үед амсхийхээрээ л нэг газар очоод хэвтчхээд байгаа юм чинь.   Би чинь нээрээ их хэвтдэг төрлийн хүн юм байна шүү гэж анзаарсан. Нуруу чилэх юм бол нөгөө тийшээ хараад л, дахиад чилж мэдрэгдвэл буцаад өөр тал руугаа харж хэвтээд л. Боломж л олдвол хэвтчих гээд байна лээ шүү.

ЗурагТайлбар




-Ямар нэг зүйлтэй өөрийгөө зүйрлээч гэвэл?

-Муур шдээ, би. Хүнд гай болохгүй, өөрийнхөө тухтай газруудад очиж хэвтээд л. Дуртай юмаа хийж, гоё хоол байвал идээд л, хөгжим байвал сонсоод л, ерөөсөө байгаа байхгүй нь мэдэгдэхгүй. Ойр дотнын хүмүүс маань дандаа намайг “төвөгтэй хүн биш” гэж хэлдэг. Байгаа нь ч мэдэгдэхгүй, байхгүй нь ч мэдэгдэхгүй, хүнд ерөөсөө гай болдоггүй.   

-Таны хувьд “хангалттай” амьдрал гэж ямар амьдралыг хэлэх вэ?

-Эрүүл байх. Уншигч нартаа хандаж хэлэхэд хамгийн хэцүү зүйл бол дотнын хүнээ алдах. Хэрвээ ямар нэг хүслийг минь биелүүлж өгье гэвэл би дотнын хүмүүсээ алдмааргүй байна л гэж хүсэх байсан. Алдар нэр, мөнгө төгрөг, асар их харуусал байлаа гээд хэзээ ч тэр алдсан орон зайг нөхдөггүй юм билээ. Тийм болохоор би уншиж байгаа бүх хүнд эрүүл байхыг л хүсэж байна. Гаднаасаа ч дотроосоо ч эрүүл байх хэрэгтэй. Хайртай дотнын хүнээ алдсан мэдрэмж маш хүнд. Эдгэхэд маш урт хугацаа шаардлагатай байдаг юм билээ.

-Энэ зуныг ямар байгаасай гэж хүсэж байна вэ?

-Тоглолтоо амжилттай хийж чадвал нутаг руугаа явна. Би эмээ өвөө хоёр дээрээ Завханд өссөн. Хоёр жилийн өмнө би эмээгийнхээ газар дээр очсон. Энэ жил хэрэв би санасандаа хүрч чадвал эмээгийнхээ газар дээр очоод “Хүү нь уруудаж доройтож явахдаа ирсэнгүй ээ. Яг асаж явж байгаа үедээ тань дээрээ ирлээ” гэж хэлэхийг хүсэж байна. Ер нь хөдөө л баймаар байна.

-Багадаа ямар хүүхэд байсан бэ?

-Ийм л байсан даа. Дарханы залуучууд маань ч мэддэг дээ. Би нэг их өөрчлөгдөөгүй, яг ийм л хүүхэд байсан. Хүнтэй цэгцтэй ярьдаг, хичээлдээ маш сайн хүүхэд байсан. 10 жилээ алтан медальтай төгссөн. “B” авч үзээгүй. Найзуудынхаа сайн найз, зааж зөвлөж чадах зүйл дээрээ тус болдог байсан. Миний хүүхэд насны ихэнх цаг хугацаа Завхан аймгийн Нөмрөг суманд л өнгөрсөн дөө. Хонь хариулаад, жимсэнд яваад л өссөн дөө.

-Аав ээжээсээ авсан, сурсан хамгийн үнэтэй, гоё зүйл юу вэ?

-Хариуцлага. Манай аав эмч хүн, ээж багш хүн болохоор би их хариуцлагатай айлд өссөн. Надтай харилцаж үзсэн байгууллагууд, маркетингийн ажилтнууд маань ер нь мэднэ дээ. Үнэхээр чадахгүй боломжгүй үе байдаг ч би аль болох ойлгуулж, зөв илэрхийлэхийг хичээдэг. Тоглолттой болоод өмнө нь тохирсон байсан газартаа дуулах боломжгүй болчихвол “Найз аа, би тоглолттой болоод, манай зохион байгуулалтын багийнхан дуулуулахгүй гэж байна. Би тоглолтоо дуусгаад бүр гоё эвент хийж өгье. Илүү олон дуу дуулаад, яаж тэр эвентийг илүү гоё байлгах талаас нь би анхаарч өгье, энэ удаа намайг ойлгоорой” гэж ойлгуулж хэлдэг. Шууд таг алга болох биш учир шалтгаанаа ойлгуулж, ярилцах ёстой л гэж боддог. 

-Өөрийгөө ер нь ямар аав болно гэж боддог бас найддаг вэ?

-Аймаар үглээ л аав болох байх даа. Жаахан яхир ч юм уу. Гэхдээ гайгүй байх өө. Би чинь бас гайгүй шдээ.   

-Амьдарч байгаа улсынхаа төлөө хүсэж явдаг хамгийн том өөрчлөлт чинь юу вэ?

-Хувь хүний хөгжил юм болов уу даа. Хүмүүс нь арай дээр хүн байхыг хичээдэг байгаасай гэж хүсдэг. Илүү дээр амьдралтай биш, илүү дээр хүмүүс байхыг хичээдэг байгаасай. Өөрийгөө илүү дээр хүн болговол илүү дээр амьдрал нь өөрөө хүрээд ирнэ гэж боддог. Илүү дээр амьдралыг өөрсдөө босгож чадна гэж боддог. Нийгэм рүү эсвэл амьдрал руугаа чичлэхээс өмнө эхлээд өөрсдийгөө хараад, арай дээр хүмүүс байхын төлөө их ажиллаасай гэж хүсдэг. Гэхдээ би үүнийг ямар нэг байдлаар дайралт шиг, эсвэл муухайгаар хэлээгүй шүү. 

-Ойрын үед хамгийн ихээр догдлон хүлээж байгаа зүйл чинь юу вэ?

-Зургаадугаар сарын 3-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд ганцхан удаа “Зуны зугаа” тоглолт болох гэж байна. Энэ тоглолтдоо маш их ач холбогдол өгч, баг хамт олноороо хичээн ажиллаж байна. Тоглолтын ерөнхий продюсероор манай Даваасүрэн ах буюу Халзаа ах маань ажиллаж байгаа. Ерөнхий ивээн тэтгэгчээр Тек Пак ХХК ажиллаж байна. Бид энэ жил ариун цэврийн өрөө, хөгжим, гэрэлтүүлгийн асуудлууд дээр маш их ач холбогдол өгч байгаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хамгийн том асуудал нь ариун цэврийн өрөө байдаг. Энэ жил үзэгчдээ яаж илүү тээргүй, тухтай байлгах вэ гэдэг тал дээр их ажиллаж байгаа. Бид хоёр огт дуулагддаггүй, сонсогч нарын нандигнан сонсдог хуучны дуунуудыг сэтгэлд нь хүртэл дуулахаар мэрийн бэлдэж байгаа. Миний таамаглаж байгаагаар тоглолт дээр маань маш олон хосууд ирэх байх. Болзооных нь нэг оройг “Зуны зугааг үзэхэд аймаар гоё байсан тэ?” гэж дараа нь нэлээн удаан хугацаанд дурсаж ярихаар байлгахаар хичээн бэлдэж байгаа. Тасалбарын тухай болон бусад бүх мэдээлэл манай пэйж дээр байгаа. Нийт 24 уран бүтээлч урилгаар хүрэлцэн ирж тоглоно. Тоглолтын хаалга 16 цагт нээгдэж, албан ёсоор 18 цагаас нээлтийн үйл ажиллагаа эхлэх байгаа. Та бүхнийг хүрэлцэн ирээрэй хэмээн хүсэж байна.

-Тоглолтонд нь амжилт хүсье! Бидэнтэй ярилцсанд маш их баярлалаа.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
60
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (6)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ц.Буянхишиг 2023.05.28 202.9.46.132

Шавь нартаа их АМЖИЛТ хүсьe

0 Хариулах


Зочин 2023.05.26 59.153.113.40

Ёстой өөр өнцөг бнаа.Их зөв бодолтой санагдлаа

0 Хариулах


Зочин 2023.05.26 66.181.160.40

Iim zaluus mash ih boloosoi . Zuv huuhed mundag bn. Baharhaj bn shuu . Ulam amjilt eruul enkh, setgeliin jargal huseye huud . Goooood luck

0 Хариулах


зочин 2023.05.26 66.181.176.85

амжилт хүсэе хүү минь сэтгэл дулаацаад нэг таньдаг хүн маань ч юм шиг сэтгэгдэл төрлөө баярлалаа

0 Хариулах


Зочин 2023.05.25 59.153.86.86

Сайн хүн болгож өсгөжээ аав ээж нь

0 Хариулах


Иргэн 2023.05.25 192.82.90.69

мАН

5 Хариулах