UBLife Logo
Спорт

Роналдуг харахаар Ираны хөгжөөн дэмжигчид зочид буудал руу нь дайран оржээ

Роналдуг харахаар Ираны хөгжөөн дэмжигчид зочид буудал руу нь дайран оржээ

Саудын Арабын "Аль-Насср" клубийн бүрэлдэхүүнд багтан Азийн Аваргуудын лигийн тэмцээнд Ираны багтай тоглохоор Тегеранд ирсэн дэлхийн хөлбөмбөгийн хамгийн том оддын нэг Криштиано Роналдуг харахын төлөөнөө хөлбөмбөгийн олон зуун хөгжөөн дэмжигчид тэдний байрласан зочид буудал руу дайран оржээ. 

"Роналду, Роналду" хэмээн хашхирах түүний шүтэн бишрэгчид цагдаа нарын хоригийг үл тоон, "Espians Palace" зочид буудлын коридор,талбайг бүхэлд нь эзэлсэн юм. 

Иранд олон улсын том багууд эсвэл өндөр зэрэглэлийн хөлбөмбөгчид зочлох нь ховор байдаг тул энэ нь тэдний сэтгэлийг маш ихээр хөдөлгөж, улс орон даяар догдлол, баяр баяслыг мэдрүүлжээ.

"Аль Насср" клуб өнөө шөнийн 02:00 цагаас Азийн Аваргуудын лигийн хэсгийн шатнаа Ираны "Персеполис" багтай тоглоно. Тэдний хариу тоглолт 11-р сарын 27-нд Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо явагдах юм. Өнөө шөнийн тоглолтод үзэгч оруулахгүй. Азийн хөлбөмбөгийн холбооны эл хориг хөлбөмбөг сонирхогчдын урмыг маш ихээр хугалаад байна. 

Роналду Саудын Арабын клубүүдэд тоглохын тулд өндөр мөнгөн дүнтэй гэрээ байгуулсан хэд хэдэн алдартай тоглогчдын анхдагч нь билээ. Газрын тосны нөөцөөр баялаг тус улс спортын хувьд хүчирхэг гүрэн болохын тулд олон тэрбум долларыг зарцуулж байна.

Transfermarkt.co.uk сайтад мэдээлснээр Саудын Арабын клубүүд энэ зуны солилцоо наймааны цонхоор цэвэр 891 сая еврог тоглогч худалдан авахад зарцуулсан нь тус улс дэлхийн хөлбөмбөгийн хүчирхэг төв болох хүсэл эрмэлзлээ тодорхой илэрхийлсэн явдал юм. Бразилын Неймар, Францын Карим Бензема, Сенегалын Садио Манэ нар Саудын Арабын Про лигийн клубтэй их хэмжээний мөнгөн дүн бүхий гэрээ байгуулсан томоохон оддыг тэргүүн зэргийн төлөөллүүд билээ.

2016 онд Саудын Араб шиит шашны алдартай ламыг цаазалсныг эсэргүүцэн Иран дахь Саудын Арабын дипломат төлөөлөгчийн газар руу довтолсноос үүдэн тус хоёр улс олон жилийн туршид найрсаг харилцаагаа таслаад байв. Гэхдээ энэ оны эхээр тэд Хятадын зуучлалтайгаар дипломат харилцаагаа сэргээсэн юм. 

Саудын Араб болон Ираны багууд хамгийн сүүлд 2015 онд л хоорондоо тоглож байлаа. Роналду Ираны нутаг дэвсгэрт анхны тоглолтоо хийхээр зэхэж байна.

Өдгөө 38 настай Роналду Манчестер Юнайтед, Реал Мадрид, мөн Португалийн шигшээ багт гялалзсан карьераа өнгөрөөж, "Аль-Насср" клубтэй жилийн 200 сая ам.долларын цалин бүхий гэрээг байгуулсан. 

Иранд хөлбөмбөг маш их алдартай бөгөөд шигшээ баг нь хөлбөмбөгийн ДАШТ-д зургаан удаа оролцсон. 2006 оны Германд болсон ДАШТ-д Португалын шигшээ Ираныг хожих үед Роналду гоолдож байсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.