UBLife Logo
Newsfeed

UB.LIFE-ийн түүхүүд | Сарын тэмдгийн айдас, бэрхшээлээ хуваалцаж буй ОХИДЫН ТҮҮХ

Г.Сүрэн
Г.Сүрэн
UB.LIFE-ийн түүхүүд | Сарын тэмдгийн айдас, бэрхшээлээ хуваалцаж буй ОХИДЫН ТҮҮХ

Эмэгтэй хүний "жам ёсны" өгөгдлийн нэг бол сарын тэмдэг. Бид сарын тэмдгийн тухай ил ярихаас ичингүйрдэг, бяцхан охид сарын тэмдэгтэй холбоотой асуудлаа хүнд хэлэхээс эмээж, яахаа мэдэхгүй сандарч, дотроо ганцаараа шаналдаг байх учиргүй. Ub.life-ийн түүхүүд энэ удаа энэ сарын 20-нд тохиох Дэлхийн Хүүхдийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран охидоос сарын тэмдгийн айдас бэрхшээлийнх нь талаар асуун, бусдад хэлэхийг хүссэн түүхийг нь хуваалцаж байна.   

Мөн өнөөдөр Дэлхийн Нойлын өдөр тохиож буй бөгөөд дэлхийн өнцөг булан бүр дэх охидод эрүүл ахуйн шаардлага хангасан нойлын хүртээмж, тав тух маш чухал болохыг олон нийтэд таниулахад бид хамтдаа нөлөөлж чадах билээ. Ил ярилцахаас ичдэг биш, нэгнээ ойлгон, тусалж дэмждэг нийгмийг бүтээхийн тулд хамтдаа хичээцгээе. (Охидын хүсэлтээр нэрийг нь өөрчилсөн болно)

#1 Дүүрэн ангийнхны өмнө шууд босоод хэлж чадахгүй суугаад л байсан...

Манай ангийнхнаас хамгийн эхэнд миний сарын тэмдэг ирсэн. Ээж, эгч хоёроосоо сарын тэмдгийн талаар мэддэг байсан ч үеийн охид, найзуудаас хэнд нь ч ирээгүй болохоор анх "юм" ирэхэд их сандарсан. Ядаж байхад бүр яг хичээлтэй байж таараад, аягүй ууртай багшийн хичээлийн үеэр доошоо гэнэт халуун оргиод цус урсчихсан. Би яахаа ч мэдээгүй. Сарын тэмдэг гэдгийг нь бол зөнгөөрөө мэдсэн. Гэртээ байсан бол ээж эгч рүүгээ шууд хэлэх байсан ч хичээл дээр, дүүрэн ангийнхны өмнө шууд босоод хэлж чадахгүй суугаад л байсан. Хичээл завсарлах болдоггүй. Багшид "нойл оръё" гээд хэлчихвэл босох хэрэгтэй болно, босвол юбка нойтон болчихсон нь шууд мэдэгдэнэ гэхээс уйлмаар санагдсан. Тэгээд би давсаг хагарах шахсан ч тэвчээд суусаар байгаад хичээл тарж, хүүхдүүд бүгдээрээ ангиас гарсны дараа л өндийсөн. Маш муухай санагдсан. Өөрийн эрхгүй уйлаад гэртээ ороход ээж маань тосож аваад намайг өрөвдөөд бас уйлах шахсан (инээв). Тэгээд ийм байдалд орвол ичих ёсгүй, ядаж найзууддаа хэлээд тусламж авах хэрэгтэйг хэлсэн. Би лав одоо найзуудынхаа царайг нь хараад л хэцүү байгаа эсэхийг нь заавал асууж байя гэж шийдсэн. 

12 настай, Хүслэн

#2 Бүр сүүлд нь өөрөө Google-ээс хайж байж л мэдсэн

Намайг арай бага байхад сарын тэмдгийн талаар хэн нэгэн хэлж, зөв зүйтэй ойлгуулсан ч болоосой гэж би хүсдэг. Би одоо наймдугаар ангийн сурагч. Анх ангийн охидын биеийн юм тав зургаадугаар ангид ирсэн бол минийх саяхан ирсэн. Эрүүл мэндийн хичээлд энэ тухай огт заадаггүй ч ангийн багш маань зургаадугаар ангид хичээлийн дараа охидыг үлдээгээд бүгдэд нь сарын тэмдгийн үеэр ямар арга хэмжээ авах тухай хэлж өгч байсан. Гэхдээ зарим охидынх эрт, заримынх нь арай дараа нь ирж болдгийг хэлээгүй. Би хэрвээ минийх одоо болтол ирээгүй гэвэл ямар нэг "асуудалтай" болчих юм шиг санаад тэр үед ангийн охидын дунд асууж зүрхлээгүй. Гэтэл одоо бодохнээ охин бүрийн биеийн онцлогоос хамааран өөр өөр хугацаанд ирдэг юм байналээ. Энэ тухай бүр сүүлд нь өөрөө Google-ээс хайж байж л мэдсэн. Одоо арай өөртөө итгэлтэй болоод, найзуудтайгаа энэ талаар нээлттэй ярьдаг болоод хэзээ юм нь ирсэн тухайг ярилцахад надтай адилхан саяхан ирсэн, эсвэл огт ирээгүй хүүхэд ч хэд хэд байсан. Хэрвээ би тэр үедээ очвол багшдаа шууд хэлээд зөвлөгөө авч, дотроо ганцаараа удаан шаналж явахгүй байсан байх... Ингэж бодоод одоо бага ангийн дүү нартайгаа сургуулийн коридорт таарахаараа энэ талаар нээлттэй ярилцахыг хичээдэг. Гэхдээ л дотогшоо, ичимхий, өөртөө итгэлгүй охид олон байдаг болохоор хичээлээр нь нээлтэй хэлж ойлгуулдаг байгаасай гэж хүсдэг. 

15 настай, Амирлан

#3  "Ийм том юм хийчихдэг юм уу?", "Наадхыг чинь томчууд л хийдэг биз дээ" 

Эгч надад сарын тэмдгийн аяга хэрэглэхийг зөвлөөд би хэрэглэдэг болсон юм. Тэгээд найздаа үнэхээр амар, үнэр гарахгүй, байгальд ч ээлтэй гээд ярьж байтал ангийн бусад охид хальт сонсчхоод намайг шоолоод байсан. "Ийм том юм хийчихдэг юм уу?", "Наадхыг чинь томчууд л хийдэг биз дээ" гээд жуумалзах маягаар онцгүй өнгө аясаар муухай хэлсэн. Нээрээ л анх харахад эвгүй харагдсан ч эгчийн маань хэлснээр анхны юм нь ирж байгаа охид ч хэрэглэж болдог, цэвэрхэн гэдгийг тэд нар ойлгоогүй. Харин сошиал сүлжээн дээр сарын тэмдгийн аяганы талаар гоё гоё зурагтай постууд харагдах болсон болохоор би лав санаа зовохоо больчихсон. Ангийн охиддоо хэрхэн яаж ойлгуулахыг мэдэхгүй л байна. Гэхдээ яваандаа хэрэглэдэг болно байх аа. 

16 настай, Зул

#4 Бид худлаа "баашилддаггүй" юм шүү 

Юм ирэхээр маш их өвддөгийг хүмүүст ойлгуулмаар санагддаг. Мэдэхгүй хүнд юм ирснээрээ шалтаглаад "баашлаад" ч байгаа юм шиг харагддаг байх. Гэтэл миний лав юм ирсэн эхний өдөр доошоо маш хүчтэй хатгуулж, дуусан дуустлаа дөрвөн өдөр бие сульдаж, их хүнд байдалтай явдаг. Зарим охидынх юу ч болоогүй юм шиг өвддөггүй ч заримынх нь үнэхээр өвддөг учир худлаа "маяглаж" байна гэж битгий хараасай.

15 настай, Мандах

#5 Хуанли хөтлөөд, цүнхэндээ хэрэглэлээ байнга авч яваад л сурчихвал тийм ч "аймар" зүйл биш шүү дээ

Зуны амралтаараа гутлын дэлгүүрт ажил хийхээр болоод эхний өдрөө дэлгүүрийн эгчээс бараагаа хүлээж аваад сууж байтал гэнэт юм ирчихсэн. Бүсэлхий давсан хар цамцтай байсан болохоор нэвтэрсэн ч нэг их мэдэгдээгүй. Sunday төвийн харалдаа эгнэсэн олон гутлын дэлгүүр байдаг даа. Тэнд дэлгүүрүүдийн захад дундаа нэг нийтийн нойлтой байсан юм. Тэгээд нойл орчхоод нойлын эгчээс "хэрэглэл" асуусан ч байгаагүй. Эхний өдөр их ачаалалтай байсан болохоор дэлгүүр орчхоод ирье, юм ирчихлээ гэж хэлж чадахгүй нойлын цаас ороогоод хийчихсэн. Гэтэл бараагаа хүлээж авч тэмдэглэлийн дэвтэрт тэмдэглэж сууж байгаад бостол хуванцар сандал цус болчихсон байсан. Үнэхээр ичсэн. Тэгтэл дэлгүүрийн эгч аймар чангаар "Энэ хэний цус вэ", "Ямар заваан юм бэ", "Пүү паа" гээд шууд над руу "Энэ завааруулсан юмаа цэвэрлэ" гэж аймар уурласан. Би маш их ичиж, гомдоод уйлчихсан ч намайг улам ихээр загнаад л байсан. Маргааш нь тэр ажилд ахиж очоогүй ээ. Одоо би насанд хүрсэн ч тэр эгч арай жаахан "хүний эрхийн мэдрэмжтэй" байсан бол гэж хүсдэг. Намайг бодвол том хүн шдээ. Яагаад намайг ойлгож болоогүй юм болоо гэж гайхдаг. Бас өөрөө тийм эгч болохыг хүсэхгүй байна. Би лав одоо хажууд жаахан охин эвгүй байдалд ороод айж ичээд суувал хэрэгтэй зүйлийг нь авч өгч, тайвшруулаад сарын тэмдгийн хуанли хөтлөх, хэзээ ирэхийг нь хэрхэн тааварлаж болохыг зөвлөх болноо. Хуанли хөтлөөд, цүнхэндээ хэрэглэлээ байнга авч яваад л сурчихвал тийм ч "аймар" зүйл биш шүү дээ. 

22 настай, Тунгалаг

Та хүүхдийн эрхийг дээдэлдэг, хамгийн мэдрэмжтэй, күүл "ах эгч" байгаарай   

Холбоотой нийтлэл: Охидод чиглэсэн, охидын санаачилсан "ид шид" мэт НАЙМАН санаачилга

Illustrations: @juliaveldmanc

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.