Арван долоо хүртэлх насныхны хөлбөмбөгийн ДАШТ 11-р сарын 10-наас 12-р сарын 2-ний өдрүүдээр Индонез улсад зохион байгуулагдаж байна.
Эхний тоглолтодоо Сенегалын багт хожигдоод байсан Аргентиний шигшээ 11-р сарын 14-нд анхны ялалтаа тэмдэглэлээ. Тэд хоёр дахь тоглолтодоо Японы багийг 3:1-ээр хожсон агаад тус тоглолтод гоолдсон нэгэн хүү олны анхаарлыг татаж байна.
Түүнийг Валентино Акуна гэдэг бөгөөд 2014 оны үеэр дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионел Мессигийн тухай баримтат кинонд Мессигийн бага насных нь дүрд зүүн хөлөөрөө цохих шилдэг ур чадвараараа сонгогдон тоглож байсан юм.
Тэрбээр Мессигийн адилаар Росарио хотод төрсөн бөгөөд мөн түүний тоглож асан залуучуудын клубт өдгөө тоглодог.
Японы эсрэг оруулсан гоол бол түүний олон улсын тэмцээнд бүртгүүлсэн анхны гоол нь юм.
Аргентиний шигшээ одоогоор хэсгийнхээ хоёрдугаар байрт бичигдэж байгаа агаад 11-р сарын 17-нд Польшийн багтай хэсгээс шалгарахын төлөөх чухал тоглолтыг хийх хуваарьтай байна.
