Ираны бөхийн холбооноос чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаа солилоо. Тус шигшээ багийг Парисын олимпод Мохсен Каве бэлтгэх болно. Каве 62 настай, өмнө нь шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан.
Ираны бөхийн холбооны тэргүүн Алиреза Дабир гурван жил шигшээ багийг удирдсан өмнөх дасгалжуулагч Пежман Доросткарт талархал илэрхийлээд “Пежманы үед Ираны чөлөөт бөхийн түвшин өссөн. Гэхдээ олимпын бэлтгэлийн чухал үед илүү туршлагатай дасгалжуулагч хэрэгтэй болсон” гэж сэтгүүлчдэд тайлбарлалаа.
Мохсан Кавегийн анхны тэмцээн нь Азийн олимпын эрхийн тэмцээн бөгөөд Ираны чөлөөт бөхийн багт гурван эрх л дутуу байгаа юм.