Тэд орчин үеийн инновац бүхий монгол гэрт үйл ажиллагаа явуулдаг нийслэл Улаанбаатарын цорын ганц сургууль юм. Гадаах температур -20 хэмийг зааж, өвлийн хүйтэн агаар хацар жиндээж байхад гэрийн доторх агаар +24 хэмтэй угтлаа. Өвлийн утаа, бохирдлоос алс цэвэр агаарын бүсэд, байгальд ээлтэй “Эрдмийн гүүр” элит сургуулиар зочилж, дэд захирал Ч.Зулцэцэгтэй ярилцлаа.
-Өвлийн ид хүйтэнд “Эрдмийн гүүр” элит сургуулийн бага ангиуд монгол гэрт хичээллэж байгаа нь анхаарал татаж байна. Яагаад ийм шийдлийг сонгох болов, гэрт хичээллэх нь ямар давуу талтай байдаг юм бэ?
-Бид байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, зохицон амьдрах чадварыг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгыг сургуулийнхаа бүхий л үйл хэрэгт шингээн ажилладаг. Монгол гэр бол байгальд болоод хүнд хамгийн ээлтэй сууц. Тухайлахад, гэрт нарны гэрэл жигд тусдаг нь нүдний хараанд эерэг нөлөөтэй. Мөн агаарын зөв урсгалтай учир цэвэр агаар байнга сэлгэдэг, гэр өөрөө мод эсгий гээд амьсгалдаг материалаас бүтсэн зэрэг давуу талууд нь өөр ямар ч сууцтай зүйрлэшгүй хүүхдэд ээлтэй орчин гэдэг итгэл үнэмшлийг бататгадаг. Гэрийн дугуй хэлбэр таатай мэдрэмж төрүүлдэг шүү дээ. Бас сурагчдаа тойрог хэлбэрээр суулгадаг учраас багш, хүүхэд болгонд нэг бүрчлэн хүрч туслах боломжтой. Ингэхээр сурах үйл явцад ч тустай юм. Сүүлийн 100 жилд бид суурин амьдралд дасаж монгол ахуйгаасаа холдсоор бараг бидний үр хүүхдүүд маань гурав дахь үе дээрээ явж байна. Зарим хүүхдүүдийн хувьд монгол гэрт амьдарч үзэх боломж төдийлөн гарахгүй болсон гэхэд хилсдэхгүй. Харин орчин үеийн бүхий л тав тухыг шингээн инновацласан гэрийг бүхий л зориулалтаар ашиглаж болох боломж бүрдээд байна. Гэрт хичээллэдэг нь сурагчдынхаа бага насны дурсамжид нь монгол гэрт хичээллэж байсан гэдэг мэдээллийг кодолж өгөх зорилготой. Манай сургуулийн бас нэг давуу тал бол байрлал. Хүүхэд өдрийн ихэнх цагийг сургууль дээрээ өнгөрүүлнэ гэдэг нь тэр бүхий л хугацаандаа цэвэр агаарт сурч, хөгжих боломжтой гэсэн үг.
-Гэрт өв соёлын хичээлүүдийг заахад давуу талтай байх. Ер нь “Эрдмийн гүүр” элит сургуулийн сургалтын агуулгын онцлог талыг тодорхойлбол?
-Манай сургууль монгол өв соёл, уламжлалт мэдлэг, арга ухааныг хөтөлбөртөө шингээсэн гэдгээрээ онцлогтой. Бид ирээдүй хойч үедээ монгол хүн гэж хэн бэ, ямар байх ёстой, түүх соёлын онцлог, үндэсний ялгарал нь юу юм гэдгийг таниулж, өвлүүлэхийг зорьдог.
Манайх орчин үеийн завгүй эцэг эхчүүдэд зориулсан цагийн хуваарьтай анхны сургууль. Бага анги өглөөний 8:00-17:00 цагийн хооронд хичээллэдэг. Сурагчид ихэнх цагаа сургууль дээрээ өнгөрүүлж байгаа учраас бид тэрхүү цаг хугацааг нь үр ашигтай, өөрсдийг нь хөгжүүлэхэд зориулж байна.
Мөн хүүхдийг багаас нь шинжлэх ухаанд дурлуулах нь бидний дараагийн чухал зорилт. Шинжлэх ухаанч болж төлөвших гэдэг нь элдэв туршилт, нээлт хийнэ гэсэн үг биш юм. Аливаад ул суурьтай, тооцоо судалгаатай, бодитой хандлагыг хөгжүүлэх нь суурь боловсролын тэргүүний зорилт. Шинжлэх ухааны тухай зөвхөн ахлах ангид л сонсгох биш, багаас нь сонсгож, дасгах бас түүнийг амьдралтай холбоотой энгийн зүйл гэдгийг ойлгуулахыг зорьж байна.
Бид Шинжлэх ухааны академитай хамтарч ажилладаг. Ингэснээр манай хүүхдүүд бага ангиасаа жинхэнэ эрдэмтэн, судлаачидтай уулзаж, ярилцах, хамтдаа хичээллэх боломжтой. Өнгөрсөн сард гэхэд л Палеонтологийн хүрээлэнгийн судлаачид Монголоос олдсон үлэг гүрвэлийн яс, өндөг зэрэг бодит үзүүлэнтэй манай сургуулийн хүүхдүүдэд хичээл орсон. Ингэснээр сурагчид Монгол бол үлэг гүрвэлийн эх орон гэдгийг мэдэж авах жишээтэй.
-Нүүдлийн соёл иргэншлээс улбаатай түүх, соёлын ямар төрлийн мэдлэг, ухааныг сургуульд зайлшгүй олгох боловсрол гэж үзэж байгаа вэ?
-Монгол хүмүүс гүн ухаанч. Үүнийг маш арвин үгсийн сан, уран яруу зүйрлэл бүхий үг хэллэгтэй үргэлжилсэн үгийн үлгэр, зохиол, туульс зэргээс харж болно. Бас холбоо, хоршоо үгийг элбэг ашигладаг нь сэтгэлгээний онцлогийг тээдэг зүйлсийн нэг. Иймд эх хэлний мэдлэгт бид түлхүү анхаарсан бодлоготой сургууль.
Гэрт хичээллэдэг нь сурагчдынхаа бага насны дурсамжид нь монгол гэрт хичээллэж байсан гэдэг мэдээллийг кодолж өгөх зорилготой. Манай сургуулийн бас нэг давуу тал бол байрлал. Хүүхэд өдрийн ихэнх цагийг сургууль дээрээ өнгөрүүлнэ гэдэг нь тэр бүхий л хугацаандаа цэвэр агаарт сурч, хөгжих боломжтой гэсэн үг.
Бид хүүхдийн номын зохиолч Н.Эрдэнэбаяртай хамтраад “Бумбардай” ном, контентоор дамжуулж сурагчдадаа монгол өв, соёл, танин мэдэхүйн боловсролыг олгож байна. Уг ном уншихад хялбар, зураг дүрслэлээр баялаг, сонирхолтой сэдвүүдийн хүрээнд судалгаанд үндэслэсэн тайлбаруудыг агуулсан байдаг нь хүүхдүүдэд төлөвшил хүмүүжлийн өгөөжтэй төдийгүй танин мэдэхүйн мэдлэг олгодог.
Мөн бид “авдар” гэдэг үгийг аварч байгаа гэдгээрээ бахархдаг. Өдгөө хүмүүс шкаф, шүүгээ, локер гэхчлэн ярих болж “авдар” гэх үгний хэрэглээ багассан. Гэрт хичээллэж байгаа хүүхдүүдийн маань хичээлийн хэрэгсэл, номоо хийдэг сав нь “авдар” учраас эл үгийг идэвхтэй ашигладаг.
-Ерөнхий суурь хичээлүүдээс гадна хүүхдийн авьяас, чадварыг нээн хөгжүүлэхэд чиглэсэн ямар нэмэлт хөтөлбөрүүд байдаг вэ?
-Манайх орчин үеийн завгүй эцэг эхчүүдэд зориулсан цагийн хуваарьтай анхны сургууль. Бага анги өглөөний 8:00-17:00 цагийн хооронд хичээллэдэг. Сурагчид ихэнх цагаа сургууль дээрээ өнгөрүүлж байгаа учраас бид тэрхүү цаг хугацааг нь үр ашигтай, өөрсдийг нь хөгжүүлэхэд зориулж байна. Тухайлахад, “сонор мялаах олбогтой цаг” гээд хүүхдийн сонсох мэдрэмжид төвлөрсөн хөтөлбөрийг онцолж болох юм. Хүүхдүүд үдээс өмнө үндсэн хичээлдээ хамрагдаад үд гэхэд унтаж амардаг. Түүний өмнөх арван минутад хүүхдүүддээ Б.Шарав, Н.Жанцанноров, Моцарт гээд Монголын болон дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс сонсгодог. Үндсэндээ сонгодог хөгжмийн алдартай бүтээлүүдийг багаас нь таниулж, хоногшуулах, хөгжмөөр илааршуулж, анагаах зорилготой хөтөлбөр юм. Гоо зүй, танин мэдэхүй, эрүүл мэндийн ач холбогдол бүхий эл хөтөлбөрийн нөлөөгөөр хүүхдүүд хөгжим сонссоныхоо дараа илүү тайван унтаж, амардаг. Унтаж сэрээд бусад дугуйлангийн хичээлүүддээ хамрагддаг. Тэдгээрт, морин хуур, ширээний теннис, дүрслэх урлаг, уран зураг, англи хэлээрх жүжиг зэрэг олон төрлийн сургалт бий. Урлагийн боловсрол яагаад чухал вэ гэвэл хүүхэд мэдрэмжээ илэрхийлж сурахаас гадна танин мэдэхүй, гоо зүйн боловсролыг олж авдаг.
-Одоогоор танай сургуульд хэчнээн хүүхэд суралцаж байна вэ?
-Энэ жил бага бүлгийн 1-5 ангид 28 хүүхэд суралцаж байна. Угтаа гэрт хичээллэх бага сургууль маань 100 хүүхдийн багтаамжтай. Сургуулийн маань 1-12 ангийн нийт багтаамж бол 400-500 хүүхдийнх.
-Боловсролын чанар нь сургуулиудын хувьд чухал зорилт байдаг шүү дээ. Та орчин үеийн элит иргэн гэж ямар боловсролтой хүнийг хэлэх вэ?
-Манайх 2009 оноос Хятадын топ сургуулиуд, тус улсад байдаг Англи, Америкийн шилдэг сургуулиудын салбаруудтай хамтын ажиллагааг эхлүүлсэн. Өдгөө анхны төгсөгчид маань Хятадын топ сургуулиудад тэтгэлгээр суралцаж байна.
Бид сурагчдаа дэлхийн хаана ч үнэлэгдэх боловсролтой, эрүүл жаргалтай амьдрах, эрдэм чадалтай хүн болгон төлөвшүүлэхийг эрхэмлэдэг. Хөтөлбөрийн дагуу хүүхдүүд бага ангиасаа англи, хятад хэлийг академик түвшинд үзэж байна. Гэхдээ бид англи, хятад, солонгос, канадын иргэн бэлдээгүй. Эх орондоо амьдрах, эх орондоо хэрэгтэй хүн бэлдэж байгаа гэдэг үзэл санаагаар ажилладаг.
Элит иргэн гэж мэдлэг боловсролтой, аливаад ул суурьтай, шинжлэх ухаанчаар ханддаг, дэлхий ертөнцтэй танилцсан, эх орондоо хайртай, нийгэмдээ тустай зүйл хийж чаддаг хүнийг хэлнэ. Мөн өөрийнхөө түүх, өв соёлоо мэддэг, хэн гэдгээ мартдаггүй, бусдын ялгаатай байдлыг ойлгодог байх нь чухал.
Боловсрол тэгш хүртээмжтэй байх ёстой. Хүүхэд бүр өөрийн онцлогтой. Эцэг эх, сургууль, багш гэсэн гинжин холбоог сайтар бэхжүүлж аль аль талдаа үүрэг хариуцлагатай хандах нь хүүхдийн төлөө хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт. Бүх зүйл харилцаанаас эхэлдэг. Иймд “бусдыг өөрийн адил эрхэмлэ” гэдэг зарчмаар бид ажилладаг. Бид хүнээр хүн бэлдэх учраас өөрсдөө хэн байх, ямар үлгэр дуурайл үзүүлэх, ямар хандлага зарчимтай байх ёстой бэ гэдэгтээ чухал ач холбогдол өгч ажилладаг.
*Энэхүү нийтлэл нь "Гэрэг" сэтгүүлийн Нью-Йорк Таймстай хамтарсан "Turning Points 2024" дугаарт нийтлэгдсэн болно.