UBLife Logo
NaraBara: Монгол хэл бол арга билиг адил эерүү, уран тансаг хэл
Хөгжим

NaraBara: Монгол хэл бол арга билиг адил эерүү, уран тансаг хэл

Өөрсдийн дуу хөгжим, хөг аялгуугаар хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөж, Монголын фенүүддээ бэлэг барин өөрсдийн тоглолтыг өнгөрөгч есдүгээр сард хийсэн "NaraBara" хамтлагийн дуучин Идэртэй хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. Тус хамтлаг дуучин, продюсер Идэр, даралтат хөгжимчин Аср, бөмбөрчин Житон Шү, гитарчин Суоти нарын бүрэлдэхүүнтэй билээ.

Гэрэл зургийг: Г.Ананд


-Та бүхэн Монголын урлагийн талаар ямар төсөөлөлтэй байдаг вэ?-Багаасаа бид язгуур урлагт суралцаж, сонирхож байсан. Монголын морин хуур, гоцлол болон найрал дуу хөгжим, цаашлаад хип хоп болон рок хөгжмүүдийг сонсож өссөн дөө. Тэгэхээр энэ тухай мэдлэг болоод ойлголтууд их байдаг. Харанга болон Алтан ураг хамтлагуудыг сонсож өсөж байлаа. Биднийг бага байхад Ар Монголын олон төрлийн хип хоп болон рок цомгууд орж ирж байсан. Сургуулийн радиогоор бүр хип хоп хөгжим нь явдаг байсан. Язгуур урлаг, хөөмий ихээр сонирхож, суралцаж байх үед Алтан ураг хамтлаг рок болоод язгуур урлагийг хослуулан гарч ирж байсан учир шимтэн сонссон.

-Өөрсдийн бүтээлийн гол онцлог, хүмүүст мэдрүүлэхийг зорьдог зүйл юу вэ?-Бидний уран бүтээлд язгуур урлаг үндэс нь болж байгаа бөгөөд нэмээд электро, жазз, “soul” төрлүүдийг нэмэн баяжуулдаг. Бид хэн нэгнийг шууд дуурайгаад, тухайн стилээр нь хуулбарлан явдаггүй. Өөрсдийн гэсэн өвөрмөц аялгуу, стилийг бий болгон түмэнд хүргэж, таниулах нь бидний зорилго. Энэхүү хөгжмийн явц, түүх дунд нэгэн салаа мөчир нь болъё гэж зорьсон юм. Бид “Хамт замын залуус” гэж цомог гаргасан. Тэрхүү цомгийн нэртэйгээ ижил бид урлаг, ажил, амьдралдаа ч тэр илүү сайхан руу хамтдаа тэмүүлэх санааг агуулсан байдаг.-Дуунууд нь их гүн утга агуулгатай санагддаг. Жишээ нь “Асуу” дууг сонсоход өөрөө өөрийгөө хайх, төөрөлдсөн мэдрэмжээсээ гарахаар оролдож буй тийм мэдрэмжийг авсан. Энэ мэтээр дуунууддаа ихээхэн гүн утга агуулга үргэлж шингээдэг байх?-Ардын аман ярианаас бид дуундаа нэмэн шингээж оруулах нь байдаг. Олон жилийн туршлага агаад амьдралын явцаас гарч ирсэн санаа агаад үгсийг эмхэтгээд олондоо хүргэж байгаа юм. Хүмүүсийн амьдралд дээшээ гарах ч үе байна, доош унах ч үе байна. Бид амьдралынхаа туршид олон олон явцыг туулж, өнгөрүүлдэг. Энэ болгоны мэдрэмжийг шингээх гэж оролдохоос гадна бид бурхан шашны ном сургаалыг сонсож, тэндээс гүн ухааны зүйлсийг яаж амьдрал дундаа шингээх вэ гэдэг дээр мөн анхаардаг. Жишээлбэл хүмүүсийн харцанд бид ямар ч байж болох ч өөрийн сэтгэхүйг хамгаалж, түүндээ үнэнч байх нь ямагт чухал. Урсгалыг дагаад хүмүүсийн замаар дагах бус өөрийнхөө үзэл санаагаар сөрж явах нь хамгийн чухал гэж бид боддог. Гэтэл одоо үед хүмүүс бусдын үгийг дагаж, нэг хүн түүнийг муу гэвэл бүгдээрээ муу гэж дайрах болсон. Хүн бүхэнд өөрийн үзэл бодол, сэтгэхүй байх ёстой. Тийм ч учраас ийм санааг шингээхийг, дуунууддаа оруулахыг зорьдог. Манай альбомын маань дуунууд ч мөн “Үг хүрэхгүй газар”-аас эхлээд явсаар “Самади” дуун дээрээ төгсдөг нь ч тийм учиртай билээ.

-Клип ямагт их бүтээлч байдаг. Санаагаа хэрхэн гаргаж, юунаас урам зориг, санаа шийдэл авдаг вэ?-Уран бүтээл хийнэ гэдэг ганцхан дуу хөгжмийн тал дээр ч бус олон зүйл дээр хоёр хүн нэг нэгнээ харилцан ойлгох, холбогдох тэрхүү нарийн мэдрэмж, дотнослоос үүсдэг. Юмыг хүчлэх шаардлага байдаггүй. Аливаа юм аясаараа бүрэлдэн бий болох сайхан. Өөр өөрийн онцлогоо бага багаар нэмэн шингээж, өөрийн хөгийг гитараар, бөмбөрөөр, үгээр оруулж өгснөөр нэгэн цул бүтээл болж гардаг.-Анх энэ хамтлаг хэрхэн бүрэлдэж, бий болсон бэ?-“Хамт замын хүмүүс” цомгоо хийж байх үед хамтлаг маань бүрэлдэж бий болсон гэх үү дээ. Гэхдээ хамтлаг болохоос ч өмнө биесээ мэддэг, хамтдаа нэг тайзан дээр гараад үзчихсэн, хамтран тоглож байсан хүмүүс. Жишээ нь, манай бөмбөрчин Германаас ирсний дараахан бид хамтарсан уран бүтээл дээр ажиллаж байлаа. Тэр үед Аср маань Өвөрмонголын нэгэн нэртэй дуучинтай уран бүтээл туурвиж байсан юм. Угтаа Аср бид хоёр арван жилийн өмнөөс биесээ мэдэх сайн найзууд л даа. Энэ мэт хамтлагийн гишүүн бүр хамтлаг болохоос ч өмнө биесээ мэддэг, хамт уран бүтээл туурвиж байсан хүмүүс. Ерөнхийдөө төдийгөөс өдий хүрсэн бидний зам мөр төстэй. Хэн хэн нь хөгжмийн урлаг, тэр дундаа электроник хөгжмийн урсгалаар уран бүтээл туурвиж, өөр өөр хамтлагт тоглож ирсний хувьд нэг л мэдэхэд уран бүтээлээрээ холбогдчихсон байсан. Товчхондоо “Хамт замын хүмүүс” гэх цомог бүрэлдэн бий болохтой зэрэгцээд “NaraBara” гэх хамтлаг ч бий болсон нь хувь тохиол мэт санагддаг.

-Ямар ямар хөгжмийн зэмсэг ашигладаг вэ? Бас дуундаа нэмэлтээр оруулдаг дуу, чимээ, сонирхолтой өнгө аясаасаа хуваалцаач?-Би хувьдаа дуулахын хажуугаар морин хуур, модон цуур, товшуур болон жижиг цохилуур хөгжмүүд тоглодог. Тэгээд мэдээж электроник хөгжмийн арга техник, зэмсгүүдийг давхар ашигладаг. Ер нь хамтлагийн гишүүн бүр 1-2 хөгжмийн зэмсэг бүрэн эзэмшсэний дээр электроник хөгжмийн арга техник ашигладаг.-Үг хүрэхгүй газар дуун дээр “Борооны дараа бодол ариусна” гэж үг гардаг. Монголд анх ирэхэд нь бид бороотой үеэр уулзаж байсан. Анх бороо тосон авсан нь ямар мэдрэмж төрүүлж байсан бэ?-Хувьтай хүн хурнаар гэдэг шиг үнэхээр сайхан санагдсан. Ер нь Монголд ирэх бүрт халуун дотно байдаг. Миний бие Хөлөнбуйрт төрж өссөн. Хөлөнбуйр аймаг Монголтой хил залгаа болохоор ч тэр үү Монгол орон, монголчууд, Монголын урлаг соёлын ертөнц хэзээд сэтгэлд ойр байдаг. Тэгээд дээл хувцас, өв соёл гээд бүхий л зүйл адилхан.Бага сургуульд сурч байх үедээ Монголын хамтлаг дуучдыг маш их сонсдог, сонирхдог байв. Харанга, Хурдаас өгсүүлээд хип хоп хамтлагууд ч бидэнд маш их нөлөөлсөн. Монгол хамтлаг дуучдаас авсан тэр зүйлс биднийг хөгжмийн урлаг руу хөтлөн оруулсан ч гэж болно. Түүнчлэн өвөг дээдсээс өвлөж ирсэн язгуур урлагийн төрөл зүйлсийг орчин үеийн хөгжмийн урлагтай уялдуулж, өөрсдийн өнгө төрх бүхий уран бүтээлийг дэлхий дахинд хүргэхийг хүсдэг.

-Та бүхний хувьд хөгжмийн ертөнцөд өнгөрүүлсэн он жилүүдэд тохиосон хамгийн том эргэлтийн цэг хэзээ байсан бэ?-Миний хувьд 2000-аад оны үед амьд хөгжим сонирхож эхэлсэн. Тухайн үед бага сургуулийн сурагч байлаа. Тухайн үед дэлхий дахинд амьд хөгжим илүүтэй эрчийг авсан байсан мэт санагддаг. Түүнээс хойш амьд хөгжим, хип хоп, электроник гээд хөгжмийн ихэнх урсгал чиглэлийг сонирхон судалсаар иржээ. Одоо бол язгуур урлагийн гайхалтай өвүүдээ дэлхий дахин сонсдог орчин үеийн хөгжмийн урсгалуудтай уялдуулах, уран бүтээлчийн хувьд энэ бүхнийг өөртөө бүрэн цогцлоох хүсэлтэй байна. Үүнийг л гол болгон ажиллаж байна даа.-Хамгийн адал явдалтай байдлаар бүтэж байсан дуу аль нь вэ?-“MaMo” гэж дуугаа хэлнэ. Энэ дуунд африк гитарын өвөрмөц дуугаралтыг шингээхийг зорьсон юм. Зүүн Африкийн Мали үндэсний хөгжим, дууг сонсож байхад уртын дуутай төстэй зүйл олон таардаг. Африкийн өргөн уудам тал Монголын тал нутагтай адил болоод ч тэр үү үндэсний дуу хөгжим нь монгол ардын дуу, уртын дуутай төстэй санагдсан. Тиймдээ ч Мали болон Монгол гэдэг үгсийн эхлэлийг нийлүүлж дуугаа нэрлэсэн хэрэг. Мали гитарын онцлог нь маш их эрх чөлөөг мэдрүүлдэг. Африк нутгийн ахуй амьдрал яг л манай өвөг дээдсийн нүүдэлчин ахуйтай адил аливаа юманд аажуу тайван хандахаас өөр аргагүй, тийм амар амгалан дунд оршдог болохоор дуу хуур нь төсөөтэй байдаг байх. Тиймдээ ч цомогт маань Африкийн язгуур урлагийн элементүүд багтсан хэрэг. Угтаа африкийн язгуур урлаг гэвэл асар олон төрөл зүйл байгаа шүү дээ. Тэр дундаас африкийн хуучны дуу хөгжим монгол ардын дуу, уртын дуутай адил төстэй учир нийлэмжтэй байдаг.

-“Хамт замын хүмүүс” цомгийн дуунууд үнэхээр дулаан мэдрэмж өгөхийн зэрэгцээ дотоод руугаа ихээхэн өндийх боломжийг өгч байсан нь таалагдсан. Энэ цомгоороо та бүхэн юуг илэрхийлэхийг зорьсон бэ?-Хэн бүхэн амьдралынхаа хань нөхрийг олоосой, хамт замын хүмүүстэйгээ учраасай гэж хүссэн учир цомгоо ингэж нэрлэсэн. Уран бүтээлүүддээ ч энэ үзэл санаагаа шингээхийг хичээсэн.-Монгол хэлний хамгийн үзэсгэлэнтэй зүйл нь та бүхний хувьд юу вэ?-Монгол хэл түргэн хэллэг, зүйр цэцэн үгс гээд хэл зүгшрүүлэх үг хэллэгээр баялаг шүү дээ. Манай өвөг дээдсийн үнэт өв болсон сургаал номууд ч хэдхэн үг, өгүүлбэрт багтсан нь бий. Тиймдээ ч монгол хэл бол уянгалгийн дээр арга билиг адил эерүү, уран тансаг хэл.-Тайзан дээр гарах үедээ тэс өөр хүн шиг болж хувирдаг уу? Хөгжим тоглож байх үедээ ямар мэдрэмжид хөглөгддөг вэ?-Хэдийгээр тайзан дээр “NaraBara” гэх нэрээр хамтлаг болон гардаг ч аль болох өөр өөрийн хувь хүн, хувь уран бүтээлчийн онцлогийг гаргахыг зорьдог. Тэрхүү өөр өөрийн энерги, долгионыг нэгтгэж уран бүтээлээрээ үзэгч сонсогчдодоо хүргэхийг хүсдэг. Хамгийн сайхан зүйл нь энэ юм уу даа.

-Өөрсдийн амьдралдаа баримталж явдаг, байнга өөртөө хэлдэг үг болон үзэл бодлоосоо хуваалцана уу.-Миний хувьд цаг цагаараа байдаггүй гэдэг шиг амьдралд юу ч тохиолдсон аль болох уужуу тайван хандахыг эрхэмлэж, хичээж явдаг. Үхэх төрөх гэдэг эрт орой хэн бүхэнд тохиох энэ мөчлөг дунд аль болох амгалан тайван байхыг хичээж, бусдад хайраа түгээхийг л хүсдэг. Товчхондоо хүн хүндээ хайртай байхыг уриалж, эрхэмлэж явдаг.

-Шинээр гаргасан "Dab Hi" цомгийнхоо тухай сонсогчдодоо мэдээлэл хүргэнэ үү. 

-Нэгдүгээр сарын 26-нд бид шинэ цомгоо гаргасан. Тус цомогт багтсан "Dab Hi" дуугаараа нэрлэсэн байгаа. “Хамт замын хүмүүс” цомгийн аялан тоглолтоо Европоор хийж байх үед бүтсэн цомог. Нийт дөрвөн дуунаас бүрдсэн бөгөөд жазз, фолк урсгалын, африк хөгжмийн зэмсэг ашиглан бүтээсэн дуунуудтай. Ингэснээр дуунууд маань илүү баялаг дуугаралттай болж өгсөн. Сонссон хүн бүрд өөрийг мэдрүүлэх байх.

-Монголын сонсогчдод хандан сэтгэлийн үгээ хэлнэ үү.-Хөгжим бол энерги, хүмүүсийг холбодог энерги шүү дээ. Хил хязгааргүй энэ энерги биднийг холбож байдаг гэдэгт итгэдэг. Монголын үзэгч, сонсогчидтойгоо уулзаж, уран бүтээлээрээ холбогдож байгаадаа баяртай байна. Бас биднийг халуун дотно хүлээж авсанд баярлалаа. Шинэ уран бүтээл гаргах бүрийд сонсон таашааж, урам хайрлаж байдаг та бүхэндээ баярлалаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.