UBLife Logo
Спорт

Монголын Үлэмж биет сүмог чимээгүйхэн орхилоо

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Монголын Үлэмж биет сүмог чимээгүйхэн орхилоо

Монголын Үлэмж биет, Анхны малчин сүмо зэрэг нэрээр алдаршасан манай сэкивакэ Ичиножёогийн зодог тайлах, магэ үстэйгээ салах ёслол энэ сарын 11-нд Токио хотын нэгэн зочид буудалд явагдлаа. Ирээдүйн озэки, ёкозүна гэгдэж байсан түүний ёслол уг нь Бөхийн өргөө Кокүгиканд болж, бөхийн барилдаан ч явагдах ёстой сон.   

Өнгөрсөн оны тавдугаар сард нурууны бэртлийн улмаас гэнэт “зодог тайлсан” Ичиножёогийн учир шалтгаан нь ояката багштайгаа тангараг тасарсан явдал байлаа. Өчигдөр болсон ёслолд Минато ояката болон тус дэвжээнийхэн нэг нь ч ирсэнгүй. Гэхдээ Ичиножёогийн үсэнд 400 хүн хайч хүргэсэн, Монголоос аав ээж, дүү нар нь ирж, монгол сүмочид олноор цугларсан байлаа. 

Хамгийн сүүлд ояката нь хайчлах ёстой магэ үсийг энэ удаад Тоттори Жёохокү сургуульд анх сүмо заасан багш Ишиүра нь гүйцэтгэлээ. 

Ичиножёо нулимс асгаруулан “Янз бүрийн юм толгойд орж ирээд тэссэнгүй уйлчихлаа” гэж сэтгүүлчдэд ярьсан. Зодог тайлснаасаа хойш есөн сар өнгөрч байгаа ч магэ үсээ авхуулах хүртэл дараагийн амьдралаа бодох зав байгаагүй гэнэ. Харин одоо цаашдын амьдралдаа орох цаг иржээ. 

2014 оны Хацү башёд макүшитагийн 15-аас барилдаж, тэр жилийнхээ Намрын тэмцээнд дээд зиндаанд ёкозүна Какүрюүг унагааж олныг гайхшруулсан бөх. Асар том бие, зан чанараараа олныг татаж, нэг хэсэг телевизийн сурталчилгаанд ч гарч байв. Дараагийн озэки, ирээдүйн ёкозүна гэгдэж байсан ч гэмтэл бэртлээс тойрч чадсангүй, ганц түрүүтэйгээр замналаа төгсгөлөө. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
12
2
6
0
7
2
2
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.