UBLife Logo
Спорт

Хөлбөмбөгт Цэнхэр хуудас бий болох уу?

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Хөлбөмбөгт Цэнхэр хуудас бий болох уу?

Ц.Энхтүвшин, Таван цагариг сонин

Дэлхийн хамгийн нөлөөтэй спорт болох хөлбөмбөгийн дүрэмд өөрчлөлт орох бол яах аргагүй тэрбум тэрбумаар тоологдох хүмүүст "хамааралтай" асуудал л даа. Тиймээс ч аливаа дүрмийн өөрчлөлт бүр дуулиан шуугиан дагуулдаг. Энэ удаа "цэнхэр хуудас" хэрэглэж эхлэх тухай хөлбөмбөгийн ертөнцөөр нэг шуугиж эхэллээ.

Хөлбөмбөгт "шар хуудас", "улаан хуудас"-аар тоглолтын дүрэм зөрчсөн тоглогчдыг шүүгчид торгодог гэдгийг бүгд мэднэ. 1970 оны ДАШТ-ээс хэрэгжиж эхэлсэн зүйл л дээ. Ер нь хөлбөмбөгийн тоглолтын дүрэм өөрчлөлт, шинэчлэлт оруулдаг, түүнийг хариуцдаг The International Football Associatio Board (IFAB) хэмээх байгууллага байдаг. Англи, Уэльс, Шотланд, Умард Ирландын хөлбөмбөгийн холбоо багтдаг. Мань хөлбөмбөг өөрөө Англиас гаралтай учир Британийн орнууд ийн эрх дарх эдэлдэг. ФИФА-аас тусдаа бие даасан байгууллага. Хөлбөмбөгийн тоглолтын дүрэмд өөрчлөлт оруулахад IFAB, FIFA хоёр дөрөв дөрвөн саналын эрхтэй бөгөөд аливаа өөрчлөлт доод тал нь 6 санал авч байж албан ёсны болж хэрэгжинэ.

За одоо тэгвэл "цэнхэр жавтий" ямар учиртай эд болохыг тайлбарлая. Цэнхэр хуудсыг хоёр тохиолдолд хэрэглэх аж. Үүнд нэгд, тактикийн алдаа гаргасан тоглогчийг, хоёр шүүгчтэй хэт их маргалдсан тоглогчийг цэнхэр хуудсаар торгох бөгөөд ийм хуудас хүртсэн тоглогч 10 минут тоглолтыг орхих ёстой. Цэнхэр хуудсыг 2 удаа хүртвэл "улаан" болж, тоглолтоос хөөгдөх нь. Мөн өмнө нь шар хуудсаар торгуулсан тоглогч цэнхэр хуудас авах, эсвэл цэнхэр хуудастай тоглогч шар хуудас нэмж авбал бас шууд "улаан" болох нь.

Мэдээж шүүгчтэй илт маргалдах гэдэг ойлгомжтой.

Тэгвэл тактикийн алдаа гэж юуг хэлж буйг тайлбарлая. 

Тактикийн алдаа гэдэг нь эсрэг багийн аюултай довтолгоог, гоол оруулах боломжтой довтолгоог санаатайгаар, бөмбөгт хүрэх эрмэлзэлгүйгээр саад учруулж зогсоохыг хэлдэг. Энгийн жишээ нь эсрэг багийн тоглогчийг барих, өмсгөлөөс татах мэт. Англиар ийм алдааг cynical буюу маш үнэ цэнэтэй хэмээн ярьдаг. Ийм алдаа гаргасан тоглогч өмнө нь шар жавтий хүртээд л өнгөрдөг байв. Одоо тэгвэл 10 минут талбайг орхиж, энэ хугацаанд баг нь хүн дутуу тоглох нь.

Шүүгчтэй маргалдах бол түгээмэл үзэгдэл, аль ч спортод. Хөлбөмбөгт одоо шүүгчтэй зөвхөн багийн ахлагч "ярилцана". Бид өмнө нь бүгд л ийм дүрэмтэй гэж боддог байсан албан ёсоор дүрэмд байдаггүй, бэлгэдлийн чанартай байж. Харин одоо үүнийг тоглолтын дүрэмд албан ёсоор оруулах ажээ.

ФИФА шинэ дүрмийн тухайд эхлээд жижиг лигүүд, хүүхэд, залуучуудын тэмцээнд туршилт хийх ёстой гэж үзэж байгаа ажээ. Юу ч гэсэн энэ гуравдугаар сарын хоёронд болох FIFA, IFAB хоёр байгууллагын жил тутмын уулзалтаар бүүр тодорхой болох бизээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.