Хавар болоод олон асуудлууд бөөгнөрч, тархи толгой масллаад байгаа энэ үед тайвшрал бидэнд хамгийн хэрэгтэй. Тиймдээ ч бид ээлжит нийтлэлээрээ таван минутын дотор тайвшрахад тань туслах 5 энгийн аргыг хүргэж байна.
1. Амьсгал

Амьсгаа авахдаа тав хүртэл, буцаж гаргахдаа долоо хүртэл тоол. Энэ үйлдлийг дор хаяж таван удаа давтаад хийгээрэй. Энэ дасгал нь таныг түгших мэдрэмжээс чөлөөлөх болно.
2. Тэмдэглэл бич

Дотроо бугласан бүх мэдрэмжээ юу ч үлдээлгүйгээр тэмдэглэлийн дэвтэртээ бич. Сэтгэлийн түгшүүр, ажлын дарамт, хайр дурлалын асуудал, гомдол, уур бухимдал бүхнээ бүгдийг нь бич.Тэмдэглэлийн дэвтэр таныг шүүхгүй, бас нууцыг чинь хэн нэгэнд дамжуулахгүй. Болохгүй бол бичээд шатаачих. Үнэхээр үр дүнтэй арга шүү.
3. ЦэвэрлэгээСэтгэлээ цэвэрлэж байна гэж бодоод орчин тойрноо цэвэрлээрэй. Эргэн тойрон дахь бүх эд зүйлс тархай бутархай, эмх цэгцгүй байвал сэтгэл тань хэрхэн тогтуун, амгалан байж чадах билээ? Хөглөрсөн эд хогшлоо цэгцлэх нь сэтгэлзүйн эрүүл мэндэд тустай юм шүү.Цонхоо нээж, салхи оруул. Сэтгэл чинь цэлмээд л ирэхийг та анзаарах болно.
4. Төсөөл

Хааяа төсөөлөлдөө умбаж орчноос тасрах сайхан шүү дээ. Бодит амьдрал дээр юу ч бүтэхгүй бухимдаад байвал зүгээр л төсөөллийнхөө ертөнцөд бүгчих. Хязгааргүй уудам оддыг, өөрийн хүсдэг бүх зүйлээ төсөөлөөрэй. Учир нь төсөөлөл зүгээр ч нэг хийсвэр зүйл биш юм шүү. Төсөөлөл нь бидний хамгийн хүчтэй зэвсэг.
5. Үнэрт эмчилгээ

Байгалийн гаралтай ургамлын амин тосыг зориулалтын диффузорт дусаах нь сэтгэл түгших тавгүй мэдрэмжийг бууруулах шилдэг аргуудын нэг. Лаванда, жүрж, нимбэг, жасмин, зандан мод гэх мэт тайвшруулагч үнэр нь сэтгэлийн хөдөлгөөнийг зохицуулах үүрэгтэй тархины хэсэг болон хамрын хүртэхүйг зэрэг идэвхжүүлснээр стресс, түгшүүрийг арилгахад тусалдаг.