Туркийн Анталъя хотноо 93 улсын 628 жүдоч чуулж, Их дуулга тэмцээнд өрсөлдөж байна.
Өнөөдөр буюу тэмцээний сүүлчийн өдөр -100 кг-ын жинд зодоглосон Б.Гончигсүрэн Данийн Матиас Мадсен, өнгөрсөн жил эл тэмцээнд үзүүрлэсэн Даниэл Эйч нарыг ялсан ч, дэлхийн аварга Арман Адамианд уналаа.
Улмаар дагах барилдаанд ДАШТ-ий хошой хүрэл медальт Михаил Коррэлийг, хүрлийн төлөө Бразилийн Леонардо Гонзалвес нарыг ялж, хүрэл медаль хүртэв.
Тэрбээр Их дуулга ангиллын тэмцээнээс дөрөв дэх медалиа зүүсэн нь энэ.
Анталъягийн Их дуулга тэмцээнийг Монголын баг тамирчид хоёр хүрэл медальтайгаар өндөрлүүллээ. Тэмцээний эхний өдөр 48 кг-ын жинд зодоглосон Ганбаатарын Наранцэцэг мөн хүрэл медаль хүртсэн билээ.
