UBLife Logo
Спорт

"Фенербахче" клубийн удирдлагууд Супер лигээс гарах эсэх асуудлаар санал хураана

У.Чинзориг
У.Чинзориг
"Фенербахче" клубийн удирдлагууд Супер лигээс гарах эсэх асуудлаар санал хураана

"Фенербахче" клуб Туркийн Супер лигээс гарах эсэхээ өнөөдөр буюу мягмар гарагт зарлагдсан ээлжит бус чуулганаар шийднэ. Тэд Супер лигт 19 удаа түрүүлсэн амжилттай клуб билээ.

Өнгөрсөн сард "Трабзонспор" клубтэй хийсэн тоглолтын төгсгөл хэрд олныг хамарсан үймээн дэгдсэн төдийгүй эл үйл явдлаас үүдэн "Фенербахче"-гийн зүгээс Супер лигээс гарах талаар дотооддоо хэлэлцэхээр шийдсэнээ мэдэгдээд буй.

Тодруулбал, Трабзон дахь Папара Парк цэнгэлдэхэд "Фенербахче" 3:2-оор хожсон агаад тус клубийн тоглогчид ялалтаа тэмдэглэж байх зуур эсрэг багийнх нь хөгжөөн дэмжигчид талбай руу дайран орсноор тоглогчид болон хамгаалалтын албаныхантай ширүүн тэмцэл өрнүүлсэн юм.

Тоглолтын 87 дахь минутад Миши Батшуайи хожлын гоол оруулсны дараагаар эсрэг багийн дэмжигчид талбай руу юм шидэж, улмаар хурцадмал байдал даамжирчээ.

Туркийн хөлбөмбөгийн холбооноос "Фенербахче" багийн гурван тоглогч, мөн клубийн хоёр албан тушаалтныг энэхүү зодоонд оролцсон хэмээн буруутгаж, шийтгэл оногдуулахаар Сахилгын зөвлөлд мэдэгдээд байгаа юм.

"Блэкпүүл", "Куинз Парк Рейнжер"с багуудад тоглож байсан Нигерийн жигүүрийн тоглогч Брайт Осайи-Самуэл талбай руу дайрсан дэмжигчдийн нэгийг өшиглөн газар унагасан бол Батшуайи өөр нэг дэмжигчийг өшиглөсөн байна.

Туркийн Дотоод хэргийн сайд Али Йерликая "Уг хэрэг явдалтай холбогдуулан 12 хөгжөөн дэмжигчийг баривчилсан" гэж мэдэгдсэн юм.

Туркийн лиг энэ улирлыг багагүй үймээн самуун дунд үргэлжлүүлж байна.

Тухайлбал, Арванхоёрдугаар сард шүүгч Халил Умут Мелерийг "Анкарагучу" багийн ерөнхийлөгч Фарук Кожа мөргөж, үүнээс улбаалан Супер лигийн тоглолтууд завсарлахад хүрсэн билээ.

"Фенербахче" клуб одоогоор Супер лигийг тэргүүлэгч "Галатасарай"-гаас 2 оноогоор хоцорч, хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байна. Тэд лхагва гарагт талбайдаа "Адана Демирспор"-той тоглох хуваарьтай байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.