Урин дулаан цаг ирж, цэцэг навч дэлгэрлээ хэмээн баярлаж л явлаа. Саяхныг хүртэл... Цаг агаарт хулхидуулж, тэргэл сарны нөлөө, гараг эрхсийн буцалт, ухралт гээд юу юу ч болчхов. Нэг мэдсэн хамаг буруугаа хаварт бухчихсан, нусаа татаад сууж байх гэж... Ингээд хамтдаа хаврын улиралд мэдэрдэг зовлонгоо жагсаацгаая...

1. Сэтгэл зүй
Хаврын улиралд хүмүүсийн сэтгэл зүйн өвчин хөдөлдөг гэсэн утгатай юм ярьж яваад нэг л мэдэхэд өөрөө ч бас өнөө өвчиндөө өртчихсөн байсан. Сэтгэл зүй ямар ч тогтворгүй. Заримдаа дүүлэн нисмээр, заримдаа хөнжилдөө шигдээд өдөржин хэвтмээр эморлын өвчин туссан.

2. Догдлол ба салалт
Хавар хайр ирдэг гээд л ярьдаг. Гэхдээ энэхүү хайрын улиралд хагацал ирэх нь ч бас олонтаа. Маш хурдан дурлаж өдрөөс өдөрт нахиалах өвсний тоогоор догдолсон сэтгэл гэнэт л өндрөөс унаж салж байсан түүх танд ч бас байгаа гэдэгт итгэлтэй байна.
3. Ханиад
Өвлийн улиралд тэсэж үлдсэн дархлаанууд хавар болохоор л харь улсыг зорьчихдог юм уу, хаашаа юм. Хамар улайж, толгой өвдсөн хүмүүс ажлаар дүүрэн. Харшил ч хөдөлсөн юм уу, ханиад ч хүрсэн юм уу бүү мэд. Юутай ч хамтдаа дархлааныхаа эрэл сургийг гаргахгүй бол хэцүүдэх нь байна шүү.

4. Нойр ба нойргүйдэл
Маш сонин, хавар болохоор л өдөржин нозоорч нойрмоглодог хэр нь шөнө шар шувуу болж орхидог. Тэгснээ өглөө босох оо мэдэхгүй. Энэ хэмнэл лав хаврын буруу гэдэгт 100% итгэлтэй байна.

5. Мөнгө
Хаврын салхи хамаг мөнгийг минь аван одлоо гээд дуу зохиочихмоор... Хэдий бидний санхүүгийн байдал хувь хүний зохион байгуулалттай шууд холбоотой ч арай л зарлагатай улирал юм аа. Хавар болохоор л өнгөлөг хувцас өмсмөөр, гадуур хооллож, болзмоор санагддаг нь мөнгийг хуу хаман одох юм.
Гэсэн ч улирлын буруу гэж юу байхав дээ. Хүн төрөлхтөн бидний л сэтгэл зүйн асуудал юм даа. Иймд дархлаагаа дэмжиж, сайн унтаж амраарай. Бүгдэд нь хайр хүсье! Бид чадна аа!