Азербайжаны жүдо бөхийн холбооноос энэ сарын 19-24-нд АНЭУ-ын Абу Дабид явагдах ДАШТ-д оролцох бүрэлдхүүнээ зарлалаа.
Азербайжанаас 9 эрэгтэй, 2 эмэгтэй жүдоч хүч сорино. Гэмтэлтэй байгаа эмэгтэй 52 кг-ын Гюльтадж Мамедалиева, Айдан Велиева нараас гадна Саид Моллаи дэлхийн аваргад оролцохгүй болжээ. Эрэгтэй 81 кг-д Зелим Цкаев барилдсанаар Саидаас чансааны оноо дээгүүр гарч, Парисын олимпын наадамд улсаа төлөөлөх нь бараг гарцаагүй боллоо. Уг нь Цкаев сүүлийн тэмцээнүүдэд тааруу барилдаж, шигшээ багийн дасгалжуулагч нар хэн өндөр чансаатайг нь Парис явуулна гэж мэдэгдээд байсан юм. Зелим Цкаев 4311 оноотойгоор жингийнхээ чансааны 6-д бичигдэж байгаа бол Моллаи 3563 оноотой, 10-т байна.
Азербайжаны шигшээ баг: Лейла Алиева (48 кг), Ачелия Топрак (57 кг), Балабей Агаев, Туран Байрамов (хоёул 60 кг), Яшар Нажафов, Камран Сулейманов (хоёул 66 кг), Хидаят Гейдаров (73 кг), Зелим Цкаев (81 кг), Эльжан Гаджиев, Вугар Талыбов (хоёул 90 кг), Зелим Коцоев (100 кг).