UBLife Logo
Спорт

"Астон Вилла" клуб 42 жилийн дараа Аваргуудын лигт оролцоно

У.Чинзориг
У.Чинзориг
"Астон Вилла" клуб 42 жилийн дараа Аваргуудын лигт оролцоно

Мягмар гарагийн шөнө  явагдсан Английн Премьер лигийн 34-р тойргийн нөхөн тоглолтод "Тоттенхэм" клуб талбайдаа "Манчестер Сити"-д 2:0-ээр хожигдсон тул "Астон Вилла" клуб сүүлчийн тойргийн үр дүнгээс үл хамааран ирэх улирлын Аваргуудын лигт оролцохоор боллоо.

Энэ нь тус клуб 1982-83 оны улирлаас хойш анх удаагаа Аваргуудын лигт тоглоно гэсэн үг. "Вилла" 1982 онд эл тэмцээнд түрүүлж байсан билээ.

Эмери 2022 оны 10-р сард Стивен Жеррардын үйл хэргийг залгамжлан "Вилла"-гийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон. Эмериг ажлаа хүлээн авах үед "Вилла" Премьер лигийн 16-р байрт бичигдэн, хасагдах бүсээс хоёр байрын заагт унах бүсээс дөнгөж л нэг оноогоор илүү байсан юм.

Гэхдээ Испани дасгалжуулагчийн удирдлаган дор тус клуб улирлыг 7-р байраар өндөрлүүлж, Европын конференц лигт оролцох эрхээ авсан нь 13 жилийн дараа анх удаагаа Европын тэмцээнд хүч сорихоор болсон гэсэн үг. 

Эмери эл багт ажилласан анхны бүтэн улиралдаа "Вилла"-г 41 жилийн дараа Аваргуудын лигт оролцох эрхтэй болголоо.

Эмери үүнээс өмнө Европын тэмцээнүүдэд амжилттай өрсөлдөж байсан агаад "Севилья"-г удирдаж гурван удаа, "Вильярреал"-ыг дасгалжуулан нэг удаа Европа лигт түрүүлж байв.

"Вилла"-чууд улирлын эхний тойрогт "Ньюкасл Юнайтед"-д 5:1-ээр хожигдсон төдийгүй тухайн тоглолтын үеэр хамгаалагч Тайрон Мингс бэртсэн нь тэднийг хүлээлтээс гадна үлдээсэн.

Гэхдээ Премьер лигт хийсэн дараагийн зургаан тоглолтынхоо тавд нь ялалт байгуулав.

Улмаар арванхоёрдугаар сард дөрвөн өдрийн дотор "Арсенал" болон "Манчестер Сити" клубүүдийг хожсон нь тэдэнд Аваргуудын лигт тоглоно гэсэн бодит итгэл үнэмшил төрүүлсэн байж магад.

Улирлын хагасыг "Вилла" гуравдугаар байраар Премьер лигийг тэргүүлэгчдээс ердөө гуравхан онооны зөрүүтэй давсан.

Гуравдугаар сард Аваргуудын лигийн эрхийн төлөө өрсөлдөж буй "Тоттенхэм"-д 4:0-ээр хожигдсон ч "Вилла"-чууд эцсийн мөчид Аваргуудын лигийн эрхтэй үлдэж чадлаа. Тэд энэ хавар "Арсенал"-ыг талбайд нь хожиж, "Челси", "Ливерпүүл" багуудтай тэнцсэн.

Харин "Тоттенхэм" клубийн хувьд, сүүлийн зургаан тоглолтынхоо тавд нь ялагдал хүлээсэн нь чухал байр сууриа алдахад хүргэжээ.

"Вилла"-гийн бүрэлдэхүүнээс довтлогч Олли Уоткинс энэ улирлын Премьер лигийн 36 тоглолтод оролцож 19 гоол оруулсан. Тэрбээр мөн 13 гоолын дамжуулалтыг бүртгүүлснээр энэ улирлын Премьер лигт хамгийн олон гоол бүтээсэн тоглогч болж байна.

"Вилла" ням гарагт "Кристал Палас"-тай тоглосноор энэ улирлыг өндөрлүүлнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.