UBLife Logo
Спорт

Н'Голо Кантегийн тухай сонирхолтой ЕСӨН баримт

Н'Голо Кантегийн тухай сонирхолтой ЕСӨН баримт

Тэгэхээр "Евро-2024" тэмцээний үеэр Францын багийн эхний хоёр ч тоглолтын шилдгээр дараалан шалгараад буй Н'Голо Кантегийн талаар таны мэдвэл зохилтой баримтууд энд байна.Н'Голо Канте өдгөө Францын шигшээ баг болон Саудын Арабын "Аль-Иттихад" клубт хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчаар тоглодог. Тэрбээр 1991 оны 3-р сарын 29-нд Францын Парис хотноо төрсөн агаад уйгагүй хөдөлмөр, тактикийн оюун ухаан, бөмбөг эзэмших чадвараараа алдартай, бүүр тодотговол дэлхийн шилдэг хагас хамгаалагчдын нэгт гарцаагүй нэрлэгддэг билээ.Канте хөлбөмбөгчний замналаа найман настайдаа эхлүүлсэн. Харин 2015 онд Английн "Лейстер Сити" клубт 5,6 сая фунт стерлингийн үнээр нэгдсэнээр дэлхий нийтийн анхаарлын төвд орсон юм. 2015-16 оны улиралд хэний ч санаанд багтаагүй "Лейстер" Премьер лигийн аваргаар тодроход Кантегийн нөлөө үнэмлэхүй байсан гэдэгтээ хэн ч маргахгүй болов уу.Кантегийн түүх тамирчин болохоор эрмэлзэж буй дэлхийн өнцөг булан бүрт байгаа бүхий л хүүхдүүдэд урам зориг өгөх нь гарцаагүй биз ээ. Түүний даруу төлөв зан, чимээгүй манлайлал нь хүн бүрийн хувьд даган дуурайх хамгийн ончтой үлгэр дуурайлалыг илтгэдэг. 


Канте яагаад Африкийн Мали руу очдог вэ?

Н'Голо Кантегийн эцэг, эх амьдрах илүү сайн боломжийг эрэлхийлж Малигаас Франц руу нүүжээ. Канте 1991 онд Парист төрсөн агаад тухайн үед аав нь чулуучин, ээж нь цэвэрлэгчээр ажилладаг байсан. Кантегийн эцэг эхийнх нь хийдэг байсан хүнд хүчир ажил түүнд өндөр ёс суртахуун, амжилтад хүрэх тууштай зан чанарыг төлөвшүүлжээ.


Нэрнийх нь гарал үүслийн тухайд

Н'Голо Кантегийн эцэг эх хүүдээ Бамбарагийн Эзэнт гүрний аугаа удирдагч Нголо Диаррагийн нэрийг хайрлажээ. Диарра залуудаа боол байсан бөгөөд эрх чөлөөнд хүрснийхээ дараагаар өмнөх дэглэмийг түлхэн унагаж, Бамбарагийн Эзэнт гүрнийг удирдсан түүхтэй. Тэрбээр 1766-1861 оны хооронд тус улсыг захирсан байдаг.

Харин Франц хагас хамгаалагчийн хувьд, Парисын гудамжнаас хөлбөмбөгийн агуу тоглогчдын нэг болтлоо өсөн дэвжсэн тул Кантегийн түүх Бамбарагийн аугаа захирагчийн түүхтэй мөнхүү төстэй юм.


1998 оны ДАШТ-ий үеэрх Францын ялалтын нөлөө

Долоон настайдаа Канте мэргэжлийн хөлбөмбөгчин болох няцашгүй хүсэл, мөрөөдөлд автжээ. 1998 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Францын шигшээ баг түрүүлэхийг харсан нь энэ спортод хөл тавих хүсэлд нь түлхэц өгсөн юм. Ялангуяа Зинедин Зидан, Тьерри Анри нарын цагаач гаралтай тоглогчид Францын багийн хамтаар өндөр амжилтад хүрч байгааг харсан нь түүнийг шийдвэр гаргахад маш чухал байсан. Гучин жилийн дараа буюу 2018 оны ДАШТ-д мөн л Францын баг түрүүлэхэд харин Канте өөрөө энэ багт маш чухал үүрэгтэй тоглогч нь байсан юм.


Хожим гялалзсан түүх

Канте өдгөө хөлбөмбөгийн алдартай тоглогчдын нэг болсон ч карьерийнх нь эхэн үед түүнийг ямар ч клуб онцгойлон анзаарч байгаагүй юм.

Реннес, Лорьен, Сошо гэх мэт олон академиудаас татгалзсан хариу авч байсан нь Кантег намхан нуруутай тул үл тоомсорлодог байсны нотолгоо билээ. Түүнийг "Ж.С.Суреснес"-т байхад агуу Арсен Венгер хүртэл багтаа авахаас татгалзаж байсан.

Сонирхолтой нь, 2016 онд "Лейстер Сити"-д өнгөрүүлсэн гайхалтай улирлынх нь дараагаар Их буучид түүнийг авахаар оролдсон ч харин Канте "Арсенал"-ын мөнхийн өрсөлдөгч "Челси"-д очсон юм.


Нягтлан бодогч болох шахсан нь 

Н'Голо Канте мэргэжлийн замналаа эхлүүлэхийн өмнө нягтлан бодогчийн мэргэжлээр суралцаад амжсан. Түүний ярилцлагадаа дурдсанаар 9-р дивизионы "Булонь" багт тоглож байхдаа хөлбөмбөгийн карьертаа эргэлзэж байсан тул Коллежид нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр элсэн суралцжээ.

Үндсэндээ нөөц төлөвлөгөөтэй байсан агаад нягтлан бодох бүртгэлийн ажил ч өөрт нь таалагдаж, бас ч өөрийгөө эл ажилд дадамгай байсан гэдгээ хожим дурссан байдаг. Гэсэн хэдий ч түүний хөлбөмбөгийн авьяас нь эцэстээ үнэлэгдэж, Францад мэргэжлийн гараагаа эхлэхийн өмнө сонирхогчдын багуудад тоглож эхэлсэн.


Англид тоглохдоо улаан хуудас авч байгаагүй

Н'Голо Канте хатуу ширүүн уур амьсгалтай Премьер лигт тоглосон хугацаандаа ганц ч улаан хуудас авч байгаагүй нь олныг гайхшруулдаг. Хамгаалалтын хагас хамгаалагчийн байрлалд тоглодог, тэсрэлттэй чанараа ашиглан эсрэг багийн тоглогчдоос бөмбөгийг хурдан хугацаанд тасалж авах зэргээр цэвэрлэгээний ажилд ихэвчлэн оролцдог ч түүнд улаан хуудас авсан тохиодол нэг ч байдаггүй.

Түүний сахилгын байдал гайхалтай өндөр түвшинд агаад Канте "Лейстер Сити" болон "Челси" клубүүдэд нийтдээ 222 тоглолтод оролцохдоо 31 шар хуудсаар торгуулсан байдаг.


Цаг баримтлахдаа хамгийн тааруухан нь 

Зөв цагт, зөв газартаа байх нь түүний карьерийнхаа туршид баримталсан хамгийн чухал зарчим хэдий ч, харин "Лейстер Сити" болон "Челси" клубүүдэд тоглох хугацаандаа бэлтгэлээсээ үргэлж хоцордог байжээ.Гэвч сонирхолтой нь түүний цаг баримталдаггүй байдал ч хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмддэг. "Лейстер" дэх түүний багийн анд Жэйми Варди хэлэхдээ "Канте бэлтгэлдээ хоцорч ирснийхээ төлөө торгууль төлөхөөс татгалздаг. Учир нь түүний хувьд, мөнгөө Африкт байгаа хүмүүст туслахын тулд зарцуулах нь илүү утга учиртай" гэжээ.


Түүний тоглолтын төсөөтэй тал

Н'Голо Канте тоглолтын арга барилаа "Челси" болон Францын шигшээ багт тоглож байсан нутаг нэгт хоёр хөлбөмбөгчний тоглолтын хэв маягаас санаа авч, хөгжүүлсэн. Эхнийх нь Клод Макелеле юм. Мэргэжилтнүүд болон хөгжөөн дэмжигчдийн аль аль нь үргэлж л Кантегийн тоглолтыг түүнийхтэй харьцуулдаг. 

Түүний хувьд, үлгэр дууриалал авсан хоёр дахь тоглогч гэвэл Лассана Диарра юм. Зарим хүнд гэнэтийн нэр санагдаж магадгүй ч Диарра түүний хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэсэн талаар ярилцлагадаа дурджээ.


Дээд амжилтыг Кантонатай хамтран эзэмшиж байна

1992, 1993 онуудад хоёр өөр багт тоглож, Премьер лигт дараалан түрүүлсэн "Манчестер Юнайтед"-ийн домогт тоглогч Эрик Кантонагийн эл амжилтыг хожмоо Н'Голо Канте давтсан юм."Лейстер Сити"-тэй 2016 онд Английн Премьер лигт түрүүлсэн Канте дараа улиралд нь "Челси"-гийн хамтаар ахин түрүүлсэн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.