UBLife Logo
Ako's review

Ako's review | Цаг хугацааны тайз

Ako's review | Цаг хугацааны тайз

Зохиолын эхлэл шиг “нэгэн нүгэлтэй бүгчим орой” үүнийг бичиглэн сууна. Оросын суут зохиолч Михаил Афанасьевич Булгаковын “Мастер Маргарита хоёр” хайр сэтгэлийн тухай бус хүний амьдрал, зэрэгцээ ертөнцөд болж буй үйл явдлуудын холбоо хамаарлыг тус хоёр шугамд зангидан бичигдсэнээрээ миний бахдалыг хамгаас их төрүүлдэг. Тухайн үеийн Москвад хэд хоног саатаад дараа нь Воландын тавьсан театрын жүжиг хөрвөж тайз нь солигдох шигээр I дүгээр зууны Иерусалимд зочлох боломжтой. 

Гётегийн “Фауст”-ын хэлсэнчлэн “Хэзээ ямагт мууг ёрловч, хэзээ ямагт буян үйлдэгч нэгэн хүчний элтэс” болох Воланд анхлан Хамбын цөөрмийн дэргэд утга зохиолын томоохон нэгдлийн захирагч /МАССОЛИТ/ Берлиоз, яруу найрагч Бездомный /жинхэнэ нэр нь Иван Николаевич Понырев/ нартай уулзаж ярилцахаас авахуулаад цусан улаан дотортой цагаан цув агссан Иудейн тавдугаар догшин захирагч Понтий Пилат, хамаргүй алуурчны хэн хэн нь дараачийн тэргэл саран хүртэл яруу найрагчийг зовоохгүйг Булгаков тунхаглах мөч хүртэл романд гарч буй бүхий л үйл явдлуудад уншигчид донтсон мэт татагддаг.

“Булгаков нь сонгодог зохиолч гэдэгтэй хэнч маргахгуй юм. Тэрээр өөрийн хосгүй орос хэлний хүчинд Пушкин, Гоголь, Толстой, Чеховтой нэг эгнээнд тавигдах болсон юм. Тэр их ядуу, наад захын хэрэглээний зүйл ч үгүй, түүний амьдрал аймшигтайгаар сүйрэн тэр олон зүйлээс татгалзах болсонч, түүнд ганц байсан зүйл бол түүний гайхамшигтай хэл байжээ. Тэр оросын уран зохиолд хэнээс ч илүү, ёстой нэг гайхуулах шиг бичдэг байв” гэж Оросын зохиолч Максим Кантор өгүүлсэн байдаг. Ёстой ганган хэлсэн байгаа биз. Үнэхээр Булгаков эл гайхалтай романыг ёстой нэг гайхуулах шиг бичсэнийг дэлхийн олон уншигчид нотлон өгүүлэх буй.

Романыг уншиж дуусгаснаас хэдэн хоногийн дараа шөнөжингөө буг, чөтгөртэй зүүд зүүдэлж билээ. Үүнээс өмнө В.Ерофеевийн “Москва-Петушки” /орч Д.Оюунчимэг/ хэмээх романыг уншчихаад өглөө нь яг л шартсан юм шиг сэрснээ санав. Тиймээс зүүд минь уншсан номтойгоо холбоотой мэт санагдахуйд үнэхээр “Мастер Маргарита хоёр”-ыг дэрлээд унтчихсан байж билээ. Ингээд хоёр болон гурав дахь шөнө романыг дараалан дэрлэж унтаад мөнөөх л буг, чөтгөрийн тухай зүүднүүддээ шумбав. Ингээд дөрөв дэхь өдөр нь дэрэн доороосоо мөнөөх номыг авч хаячихаад тавтай нойрсож хонолоо. Дахин шалгаж үзэхээр тав дахь өдрийн орой номоо дэрлэж унтахад ад, зэтгэрийн дүрүүд өмнө минь биежиж, романы хамгийн чухал хэсгүүдийн нэг болох “Оршуулга” -ын ёслолын зочид ухамсар үүрлэж, тойрон бүжиглэж байв. 

“Мастер, Маргарита хоёр” нь дэлхийн олон оронд дэлгэцийн бүтээл төдийгүй тайзнаа ч тавигдаж байсан билээ. Харамсалтай нь, бүх ард түмний хайр хүндэтгэл зохиолчийг нас барснаас хойш олон жилийн дараа ирсэн ба тайз дэлгэцийн бүтээлд Мастер болон Маргаритагийн дүрээр мөнхөрсөн алдартай жүжигчид хожим ижилхэн үхлээр бүгд өөд болцгоосон гэдэг. Бүхий л аюулгүйн арга хэмжээг дээд зэрэглэлээр авч жүжиг тоглогдож буй ахуйд гэв гэнэтхэн тайзны том улаан хөшиг шатсан гэх санаанд оромгүй баримт нотолгоо ч өчнөөн бий. Нэг ёсондоо энэ зохиол бол жинхэнэ зөн совингийн шинжтэй бүтээл. Далдын ямар нэгэн совин уран бүтээлчийг өдөөж агуу туурвилуудыг төрүүлдэг хэмээн шүүмжлэгч нар үздэг. Утга зохиолд бүр “зөн”, “зөн совинт уран бүтээл” гэх тусдаа судлагдахуунтай төрлүүд байдаг шүү дээ.

Орос, Америкийн суут яруу найрагч Иосиф Бродский “Юутай ч, судлаачид шидэт реализмыг Латин-Америкаас эхтэй гээд байдагтай би заримдаа санал зөрмөөр болдог. Булгаковоор л төсөөлөөд үзэхэд, Оросын уран зохиолд шидэт реализмын үр хөврөл бойжиж байсан юм биш үү?” хэмээн уулга алдсан байдаг. Азозеллогийн өгсөн тосыг түрхээд нисч яваа Маргарита, ямаан туруут, хууз хоёрын суулгаж өгсөн машинтай сар хүртэл хөөрөх шөнийн нислэг, бугийн бүжигт их наадам, амьдрал дээр өөрийнх нь тухай зохиол бичиж буй учир нөгөө ертөнцөд амьдрагч Понтий Пилат хэн нэгнийг цаазаар авсан ч сэтгэл нь тайтгарахгүй байх, Варьете театрт тоглогдсон “Профессор Воланд тамын шид, түүний бүрэн тайлан тоглолт”, Армана муурын тайзан дээрх хүний толгой тасдан буцааж залгах үзүүлбэр, Мастер, Маргарита хоёр Воланд болон түүний туслахуудыг даган нөгөө ертөнц рүү зорчиж буй зэрэг ид шид, далд хүчний тухай гайхалтай дүрслэлүүдээр эл роман дүүрэн.

Харанхуйг гатлан явахдаа Армана муур туранхай шулман хиа болж, Азозеллогийн соёо, солир нүд нь алга болоод тэрээр хуурай цөлийн шулмын дүртэй болсон байхыг Маргарита ажих бөгөөд мастерт мөн идэрхэн шулмын дүрд хувирсныг харна. Харин өөрийгөө л тэр тольдож үл чадах ажээ. Энэ нь зүгээр л нэг өгүүлэмж төдий зүйлс бус юм. Мастер бол тухайн үеийн ялзрал, доройтолд автсан эрх чөлөөгөөр хавчигдмал нийгэмтэй тэрсэлдэж, үзэд бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ хасуулсан авьяаслаг зохиолч. Булгаков үүгээрээ өөрийгөө илэрхийлэн харуулсан нь маш тодорхой харагддаг. Тиймээс зохиолд Мастерийн үүргийг тодорхойлох өөр нэг оршихуйн дүр хэрэгтэй болсон нь Маргарита тийм. Тиймдээ ч тэр харанхуйг гатлан нисч байхдаа Мастерийг тодорхойлох авч өөрийгөө үл тольдож буй билээ. Нөгөөтэйгүүр эл романыг Булгаков бичсэн, романд дахь Понтий Пилатын тухай романыг Мастер бичдэг. Гэтэл энэ роман нэг л хүний гараар бичигдсэн зохиол бөгөөд яавч хоёр зохиолч байж болохгүй. Тиймээс Мастерийн дүр бол Булгаков гэж хэлэх бүрэн үндэс уншигчдад бий.

Булгаков өөрөө эмч мэргэжилтэй байсан бөгөөд амьдралынхаа хар бараан өдрүүдэд өөрийгөө зугаацуулах гэж эмчилгээний журмаар олгодог хар тамхинаас өөртөө хэрэглэдэг байсан гэнэ. Тиймээс ихэнх судлаачид энэхүү алдарт зохиолыг хар тамхины нөлөөн дор бичигдсэн гэж үздэг. Үүний дүнд түүний уран сэтгэмжүүд чөлөөтэй нисэлдэж, тархинд нь багтахгүй болоход үзгээ шүүрэхээс өөр аргагүйд хүрдэг байсан биз. Зохиолд гарч буйгаар Воландыг даган Москвагаас гарч харанхуйг гатлан яваа Мастер өөрийн бичсэн зохиол дотроо орчихдог. Тэнд очин Пилатыг чөлөөлж өгнө. Тэгэхээр Булгаков өөрийн уран сэтгэмжин дотроо цусан улаан дотортой, цагаан цув агссан Понтий Пилатын анд болчихдог байсан нь тодорхой байгаа биз.

Харин тэрсүүд үзэлтэн Э.Лимонов эл романыг тун залирхаг зохиол хэмээн тунхагласан байдаг. “Мастер Маргарита хоёр” бол нэгдүгээрт түүхэн романы пароди, хоёрдугаарт энэ бол залирхаг зохиол бөгөөд Ильфо-Петровскийн “12 сандал”, “Алтан тугал” хоёрыг тун их санагдуулдаг” хэмээсэн бөгөөд хүмүүсийн татаж буй далд чанар нь “Дээд хүчний талаар хужир нэмсэн, өөрөөр хэлбэл уран зөгнөл хольсонд байгаа юм” гэсэн нь давын өмнө залирхаг хэмээх үгнээс үүдэн зарим талаараа дэгс мэт боловч үнэн санагддаг. Мэдээж “12 сандал”, “Алтан тугал”, “Мастер Маргарита хоёр” романуудын аль аль нь хоржоонтой зохиолууд. Яг үнэндээ Воланд бол харанхуйн эзэн, буг чөтгөр. Гэвч тэр болж бүтэхгүй бүхнийг цээрлүүлж, ямагт сайныг үйлдэж буйгаараа Есүс Христийг бий болгож байна.

1920–30 аад он буюу Булгаковыг романаа бичиж байсан ид үед Сталины дарангуйлал маш хүчтэй байсан ба түүний зохиолыг шүүмжилсэн 200 гаруй өгүүллэг гарсан гэдэг. Тиймээс зохиолд библийн хэсгийг ашигласан нь хэд хэдэн учиртай болов уу гэж бодож байна. Юуны түрүүнд тухайн үеийн Москва хотыг Ерусалим хоттой зүйрлэн, тэр үеийнх (кесарийн засаг) дарангуйлал, хавчлага энд ч ноёрхож байгаа ба Назарийн Есүс буюу Иешуа Га Ноцрын үзэл санааг үхэл ч өөрчилж чадаагүйтай адил миний ч бодол санаа эрмэлзлэлийг энэ зовлон, мөрдлөг хавчлага өөрчилж чадахгүй гэж зохиолч харуулах гэсэн мэт. Гэвч зөвлөлт засгийн үеийн улс орон үүнд нь таатай хандаагүй нь мэдээж. Булгаков уг романы нэлээд хэдэн бүлгийг биччихээд шатаасан гэдэг. Гэвч зохиолч маань Армана муур, Азозелло, Коровьев нарын Патриаршийн цөөрөм, ёозгүй, 50 тоот байр, театрын тоглолт зэрэг чөтгөрийн зүггүйтэлүүд шиг шатсан гар бичмэлийн үнсэн дундаас сонгодог романыг гаргаж ирсэн билээ.

Романы хоёрдугаар хэсэг эхлэхэд уншигчдийн сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрдэг болов уу гэж би итгэдэг. “Уншигчаа миний хойноос! Хорвоо дээр жинхэнэ, үнэнч, үүрдийн хайр сэтгэл байхгүй гэж хэн чамд хэлсэн юм бэ! Тэр худалчийн шившигт хэлийг тас огтловол таарна! Уншигч минь миний хойноос, гагцхүү миний хойноос, тэгвэл би чамд тийм хайр сэтгэлийг үзүүлэмц.” Энэ мөрүүдийг уншаад үнэхээр залирхаг роман юм гэж бодогдмоор. Хүн төрөлхтний хамгийн гол сэдвийг тэдний сэтгэлд нийцүүлэн бичсэн жинхэнэ хайрын тухай хүмүүс уншихгүй байж чадна гэж үү? Магадгүй зохиолчийн бузар, худалч нийгмийг эсэргүүцэх сэтгэл нь хоёрдугаар хэсэг эхлэхэд дээд цэгтээ хүрсэн биз. “Нохойн зүрх”, “Үйлийн өндөг” зэрэг маш олон шог найруулалдаа ч нийгмээ буруушаасан байдгийг бид мэднэ. Нэг ёсондоо “Уншигчаа миний хойноос!” хэмээн зохиолч маань жинхэнэ хайр сэтгэлийг харуулах бус энэ нийгмийн ялзралыг арилгах, үүнээс гарах тод замыг зааж өгөхийн зорьж ийм уриаг бодож олжээ.

Сэмүэл Бэккэтийн “Годаг хүлээхүй” жүжгийн Эстроган, Владимир хоёр анхнаасаа байгаагүй шиг Мастер, Маргарита хоёр анхнаасаа Москвад байгаагүй мэт зохиол дуусдаг. Дахиад тэд зовохгүй, шаналахгүй болж нэг ёсондоо бидний дунд үгүй болно. Харин уншигчид баярлахад хэтэрхий эрт юм шиг санагддаг. Дараачийн тэргэл сар хүртэл л хэн ч дахиад хэнийг зовоохгүй. Харин дараачийн тэргэл сарнаар бугийн их наадам болж Маргарита нэртэй шулмын хатны сонгох үйл ажиллагаа дахин эхлэх болно. Бун, чөтгөр дахин ил гарахаа хүлээн бидний дунд амарч хэвтэнэ. Тийм үйл явдлыг бидэнд эл гайхалтай романаас ч илүүгээр дүрслэн үзүүлэх цусан улаан дотортой цагаан цув өмссөн Иудейн тавдугаар догшин захирагч, морин хүлэгт Понтий Пилатын анд энэ зуунд бидний дунд амьдарч яваа гэдэгт итгэнэм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.