Монголчууд бид XVII жарны "Тийн унжлагат" хэмээх шороон нохой жилээ үдэж, “Урвуулагч” хэмээх шороон гахай жилтэйгээ учран золгож байна. Цагаан сар тохиож, бэлгэ дэмбэрлээр арвидан байдаг энэ сайхан цагаар Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамцтай өрнүүн сайхан яриа дэлгэлээ. Та бүхэн таалан болгооно уу. -Танд айсуй сар шинийн мэнд дэвшүүлье. Монголчууд болж бүтээгүй хийгээд таагүй муу зүйлсээ хуучин онтойгоо үдэж, сэтгэл тэнэгэр шинэлдэг уламжлалтай. Сар шинээ утга төгөлдөр тэмдэглэх гэж хичээдэг бидний энэ бэлгэдлийн цаад утга учир нь юу бол?-Энэ жил их сайхан жил гарч байгаад бэлгэшээж байна. Гахай жил гарахад монголчууд сайхан жил болно гэж бэлгэшээн хэлэлцдэг. Монгол хүн бэлгэ дэмбэрлээ их боддог шүү дээ. Цагаан сар бол цаг хугацааны үргэлжлэл юм. Тийм болохоор өнгөрсөнд ямар ажил туурвисан нь хойт жилийнхээ суурь болж өгдөг. Ажил, амьдралаа алдаагүй, сайхан туурвисан бол дараагийн жилд ч сайн сайхан амьдрал, жаргал цэнгэл үргэлжлэх учиртай. Сууриа тавьж чадаагүй, гэр орноо бусниулсан, бузар булай байсан бол түүний үр дүн түүгээрээ үргэлжлэх жил болдог. Иймээс л Бурханы шашинт хүмүүс үйлийн үр гэдэг том сургаалийг дагаж амьдардаг.-Үйлийн үрээ гэтэлгэж, сэтгэлээ ариусгахын тулд цагаан сарын шинэдээр жилийнхээ засал номыг хийлгэдэг гэж ойлгож болох уу? -Орчлон ертөнц эргэлдэж байдаг болохоор шүтэн барилдлагын хууль гэж бий. Хүний бие дэлхийгээсээ шимийг нь авч, эхийн хэвлийд бүрэлдэн бий болдог. Хүмүүс гадаад ертөнцтэйгөө бие махбодиороо холбогддог. Одон гаригууд, нар сарны хөдөлгөөн зэрэг эргэлтийн нөлөөнд бий болж байгаа үйл явцын учир хүний биед нөлөөлдөг юм. Тиймээс л “Төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гариг” гэж ярьдаг. Үүнээс шалтгаалж хүний бие махбод гадаад ертөнцтэй таарахгүй байх, харшилдах, нэгдэх үйл явц байдаг гэж Бурханы шашны зурхайд үздэг. Энэ зурхайд үндэслэн хүний жилийн өнгийг тодорхойлдог. Мухар сүсэг бус шинжлэх ухаан талаас нь авч үзэх хэрэгтэй.-Зарим хүн засал номд нэг их ач холбогдол өгдөггүй, үүнийг мухар сүсэг гэж үзэх нь бий. Засал хийлгэх үйлийг Буддын гүн ухаанд ямар ач холбогдолтой гэж үздэг юм бол?-Засал хийлгэнэ гэдэг нэг талаасаа сэтгэлийн их засал байгаа юм. Яагаад гэвэл шинэ жилийн эхэнд хүн бүхэн өнгөрснөө дүгнэж цэгнээд сайн сайхан амьдралын төлөө байх сэдлийг үүсгэн эрч хүч авдаг. Шашны номын ёсоор болбол “гүнлин” гэдэг. Гүнлин гэдэг нь “бөхөн өдлөг” гэсэн үг. Бөхөн өдлөг гэдэг нь бие, хэл, сэтгэл гурвыг хөдөлгөөд сэдлийг үүсгэдэг утгатай. Одоо цагийн хэлээр би “сэдэл” гэж хэлье. Хүн сэдлийг зөв тогтоох ёстой. Сэдэл буруу л бол болохгүй зүг рүү явчихдаг. Жишээлбэл, хүн архи ууя гэж олон дахин хүчтэй бодвол тэр нь сэдэл болчихдог. Энэ сэдэл нь тухайн хүнийг өөрийн мэдэлгүй архи руу хөтөлдөг. Энэ нь яван явсаар бүх муу үйлийг хийлгэхэд хүргэдэг. Эдгээр муу бүхэн сэдлээс л үүдэлтэй. Хуучны номонд “Чулуун дээр бичсэн бичээдэс шиг” гэсэн байдаг. Ийм л хатуу, чангаар сэдлийг үүсгэх учиртай. Цаасан дээр бичсэн ном, судар хэдэн зуун жил болоход хэчнээн нь бидэнд дамжин ирдэг билээ. Харин чулуу, хадан дээр сийлсэн бичиг хаа байсан хүй нэгдлийн үеэс арилж, балрахгүйгээр өдгөөг дамжаад ирсэн байдаг шүү дээ. Ийм л хатуу чанд сэдлийг шинэ оны эхэнд бодож, сэтгэлээ лут нот болгон жилийн 300 гаруй хоног түүнийхээ төлөө амьдарч чадвал сайн сайхан зүйлийг бүтээж чаддаг.
Жилийн байц нь өвгөдөд амгалан, залууст ширүүн, нялхаст машид ширүүн байна.
-Шороон үхрийн зурлагыг тухайн жилийн өнгийг тодорхойлогч хэмээн авч үзэх нь түгээмэл байдаг. Энэ жилийн шороон үхэр ямар шинжтэй харагдаж байна вэ?-Жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн шороон үхрийн зурлагат үхэр нь шар толгойтой, эвэр, чих, сүүл нь хөх, дөрвөн шийр нь цагаан, ногоон ходоодтой, цагаан омруу бүхий хөх зүсмийн, амаа ангайж сүүлээ зүүнтээ шарвасан байна. Үхэр хариулаач нь цагаан нүүртэй, улаан дээлэн дээр хөх бүс бүсэлсэн, гэзгээ чихнийхээ өмнүүр унжуулсан, зүүн гутлаа өмсөөд баруун гутлаа зүүн талын бүсэндээ хавчуулсан, олсон шилбүүр барьсан өвгөн үхрийнхээ зүүн талд алхаж явна. Дээрх зураглалаас жилийн байц нь өвгөдөд амгалан, залууст ширүүн, нялхаст машид ширүүн байна. Хур элбэг, хүйтэн бөгөөд бадган өвчин гарна. Жилийн дунд үеэр хур тунадас элбэг, сүүлчээр мөндөр буух магадлалтай. Их хүмүүн амгалан тайван. Улс орон ерөнхийдөө хямралтай, энгийн ардад айх мэгдэх явдал гарна. Төрийн хууль цааз чангарна. Мал адгууст муу хэмээн ажиглагдаж байна.
-Азийн улс орнуудад одон орон, зурхайн зурлагыг чухалд үзэж, төрсөн жил, нас, хүйс, төөрөг тавиланг шинждэг. Манай монголчууд зурхайгаа хэрхэн зурж, тооцдог вэ?-Аливаа сар 30 хоногтой гэж үзвэл шинийн нэгнээс эхлэн сар арвиддаг. Шинийн хоёрны сар нарийхан байдаг бол арвидсаар байгаад шинийн 8-нд тал дугуй болдог. Дахин нэмэгдсээр яг цэл дугуй болохоор шинийн 15 болдог. Цэл дугуй нь эргэн хомстсоор шинийн 22 болохоор тал дугуй, бүр багассаар 29-нд үзэгдэх төдий болоод битүүнд сар үл үзэгдэнэ. Сүүдэр сарыг бүтэн бүрхчихэж байгаа үзэгдэл юм. Монголчуудын зурхай сарны хэлбэрээр зурагддаг. Нүүдэлчин улс сараа хараад л шинийн хэдэн болж байгаагаа мэддэг учир нь энэ. - Монголчууд хаврын эхэн сарын шинийн 15-нд багтаж заслаа хийлгэж, ном уншуулахаар шавддаг нь ямар учиртай юм бэ? Зарим лам нар хэдийд ч заслаа хийлгэж болно гэх юм.-Жилийн эхэнд сэтгэлээ баттай, ноттой болгоод цаашдаа урам зоригтой ажиллаж, амьдрах хэрэгтэй. Монголчууд сар арвидаж, цэл дүүрэн болох хугацааг бэлгэдэн шинийн 15-нд багтаж заслаа хийлгэхээр шамддаг учиртай. “Дүүрэн билэгтэй, түвшин жаргалтай” гэж ярьдаг даа. Түүнээс биш засал номоо жилийн эхэнд хэзээ ч хийлгэж болно.-Цагаан сарыг бид хахир хүйтэн өвлийг өнөтэй давсны баяр хэмээдэг. Урин дулаантай золгох нь монголчуудын хувьд маш чухал үйл явдал байсан учраас сар шинийн баяр болж уламжлагдсан юм болов уу?-Бид цагаан сараар хоёр чухал өдрийг тэмдэглэдэг. Жилийн хамгийн сүүлчийн битүүний өдрийг үдэж, жилийн хамгийн анхны өдрөө угтан тэмдэглэдэг. Өөрөөр хэлбэл, өөрт байж болох хамгийн сайхнаараа өнгөрч буй ондоо хүндэтгэл үзүүлэн үдэж, жилийн анхны өдрийг угтаж буйн хэлбэр юм. 1937 онд Монголд 1000-аад сүм, орон хийд байлаа. Битүүний орой 11 цагийн үед орон хийд болгон Цэдэр Лхам хэмээдэг Лхам бурхан буюу Охин тэнгэр гэдэг бурханыг урин залж, хуучин оныхоо сүүлч, ирж буй оны эхлэлийг баяр баясгалантай, бэлгэ дэмбэрэлтэй тэмдэглэж, ирж буй жилийнхээ амьдрал ахуйг даатгадаг. Тийм ч учраас орон хийд болгон Лхам бурханыг тахиж, мөргөн залбирч, сүсэглэдэг. Айл бүхэн гэрийн тотгон дээрээ гурван мөс тавьж, Лхам бурханаа ундаалдаг. Шинэ жилээр өвлийн өвгөн ирдэг шиг Лхам бурхан айл бүхэнд битүүний өдөр зочилж, сайн сайхныг ерөөдөг бэлгэдэлтэй.

Гэрэл зураг: Сүнико
-Цагаан сараар бид бүхэн уламжлал ёсоор олон зан үйлийг хийдэг. Орчин цагт энэ бүхний бэлгэдлийг мэдэхгүй хүмүүс олширсоор л байна. Та энэ тухай энгийнээр тайлбарлаж өгөөч?-Цагаан сараар айлууд бурхан шүтээнээ дэлгэж, арц хүжээ уугиулж, зулаа өргөдөг. Зул өргөснөөр гэрэл гэгээ гийдэг. Азийн орнууд тэр дундаа монголчууд оюун ухааныг гэрэл гэгээтэй зүйрлэдэг. Хүний мунхагийн харанхуй арилж, ухаан улам дэлгэрч, гэрэл гэгээ цацардаг. Мунхагийн харанхуйг арилгаж, эрдэм мэдлэг арвижин буйг бэлгэдэн зул, хүж өргөдөг. Цагаан сараар зочныхоо нүдэнд сайхан дүрс өргөж байгааг бэлгэдэн гэр орноо цэвэрлэн чимж, дээл хувцсаа өмсөж, идээ будаагаа сайхан засдаг. Хүн нүдээрээ хамгийн сайхан зүйлсийг харах ёстой. Чихэнд нь сайхан дууг өргөж, буян ном хурж, ярих үгс нь дандаа бэлгэ дэмбэрэлтэй байдаг. Зул хүжээ өргөн, бүсгүйчүүд нь анхилам үнэртэн түрхэх зэргээр зочдынхоо үнэрлэх мэдрэмжид барьж буй хүндэтгэл юм. Амттай сайхан чихэр боов, идээ ундаа нь аманд нь барьж буй өргөл, амт. Хэв хадаг, даавуу сэлт нь хүний хүртэхүйд өргөж буй өргөл болдог. Ингээд үзэхээр хүний харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүртэх таван мэдрэхүйд нь барьж буй өргөл болдог юм даа.Шинийн нэгэн болоход бүгд эртлэн босоод бурхандаа, төрдөө мөргөн залбирч зүгээ гаргаад хамгийн ахмадаасаа эхлэн золгож, эв нэгдлээ илэрхийлдэг. Залуучууд алгаа дээш хандуулан ахмад хүндээ хүндэтгэл үзүүлж, амар мэндийг нь асуун золгодог. Алгаа дээш харуулж байгаа нь ахмадаасаа нас, буянаа хайрлаарай гэсэн утгыг илэрхийлдэг. Настнууд алгаа доош хандуулан залуусын гар дээр тавьдаг нь хармын сэтгэл үгүйгээр буян заяагаа хайрлаж буйн шинж, донж. Амьдралын энэ үйл явц нь хүний ухамсарт нөлөөлж, хэвшил болж нийгэмд нэг нэгнээ хүндлэх, аав ээжээ ачлан өргөх, ах дүүс эвтэй байх, хүүхэд залуус төлөв түвшин өсөж торних нөхцөл бүрддэг. Хууччуул энэ зүй тогтлыг мэдэрч, ийм сайхан зан үйлийг баяр ёслолдоо оруулж иржээ. Дараа ондоо сайн сайхан байхаа л бэлгэдэж чадвал цагаан сарын учир явдал гүйцэх юм. Монгол ёс заншлаа дээдэлж, үр хүүхдэдээ таниулж байгаа цагаан сар, үндэсний баяр наадмаа боломжийнхоо хэрээр өргөн дэлгэр, сайхан тэмдэглэх хэрэгтэй. Дээрээс нь бие, хэл, сэтгэл гурваараа сайхан байх хэрэгтэй. Хүн рүү зангаж, зандарч, хэрцгий балмад үйлдэл харуулахгүй их найрссан сайхан байхыг бодууштай. Тэр хэрээр нийгэм, гэр бүл найрсдаг.
Бие, хэл хоёр сэтгэлийн зарц юм. Сэтгэл засрахаар бие засарч, үг яриа сайн сайхныг хэлдэг.
-Бие, хэл, сэтгэл гурваа ариун сайхан байлгахын тулд хүн юу хийх ёстой вэ?-Бие, хэл, сэтгэл гурвын үйл гэдэг нь энэ ертөнц дээр амьдрахын зохицол юм. Амьдралд нэг нэгэндээ сайхан хандахад л баяр баясал үүсч, эхнэр нь нөхөрлүүгээ хараад сайхан хөхөрч инээхэд л тэнд эвцэл бий болж байдаг. Сэтгэлдээ сайхан үйл бодож, биеэрээ сайхан үйлдэл гаргаад бие биедээ уян хандаад эхлэхээр бусад нь ч уян зөөлөн, сайхан хандаад эхэлдэг. Тиймээс бие, хэл, сэтгэл гурвын үүднээс баяр ёслолын үеэр нэгэнтэйгээ зөв, сайхан харилц гэдэг юм шүү дээ. Энэ бүхэн цааш үргэлжлэн хүмүүсийг урмаар тэтгэж, нийгмээ зөв харж, бусдыг ойлгох, зөв харилцахын эхлэл нь болдог.-Та сэдэл хамгаас чухал тухай хэлсэн. Гэвч хүн гэдэг муу муухай зүйлд автахдаа, уруу татагдахдаа амархан. Сайн сайхан сэдэлтэй болохын тулд муугаа хэрхэн аргамжих вэ?
-“Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш, цаас хэдий нимгэн ч чичихээс нааш” гэж үг бий. Хүн нэг л буруутахаараа түүнийгээ гоё юм шиг санаад л алга болж өгнө. Сурган хүмүүжүүлж, зөвөөр ойлгуулж хэлэхээс нааш хүн буруу яваагаа мэдэхгүй. Залуу насанд аль бурууг нь дагачих гээд байдаг талтай. Тийм болохоор залуу байх тусмаа ухаантай байх хэрэгтэй шүү. Бурхан багш тэргүүтэй ертөнцийн бүх цэцэн мэргэд хүнийг зөв явуулахын тухай ном зохиол бичсэн байдаг. Эдгээр ном зохиолыг уншиж, өөрийн амьдралтайгаа жишин ялангуяа өвөг дээдсийг минь сайн сайхан амьдруулсан зам мөрөөр явах нь илүү чухал. Яагаад гэвэл монгол хүн өөрийн гэсэн дархлаатай байх ёстой. Монгол онцлог, шинж чанараа агуулж чадвал улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хамгаалж чадна гэсэн үг. Бурхан багш “Чи өөрөө өөрийнхөө итгэл нь, аврал нь шүү” гэж хэлсэн байдаг. Мөн “Нар бол дэлхий ертөнцийн бүхнийг гийгүүлж чаддаг. Хэнийг ч алагчлалгүй нарны гэрэл бүгд дээр тусдаг боловчиг уулын ард, хойшоо харсан нүхэн дотор хэзээ ч тусдаггүй юм аа” гэж айлдсан. Учир нь зөв үг хэлээд, сайн сайхан замыг заавч өөр зүгрүү яваад байгаа хүнд хэзээ ч сайхан амьдрал, сайхан ирээдүй ирж, гэрэл гэгээ тусахгүй. Тийм учраас л өөрийнхөө амьдралыг авч явахад амьдралыг зөв заагчийнхаа үгэнд орж, сургаалийг дагах ёстой. Ухаант хөгшид буурай, эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсох хэрэгтэй. Эцэс сүүлд нь өөрөө зам заагч болох явдал юм. Үүний хамгийн гол нь бие, хэл, сэтгэл гурав. Энэ гурвын хамгийн гол нь сэтгэл. Бие, хэл хоёр сэтгэлийн зарц юм. Сэтгэл засрахаар бие засарч, үг яриа сайн сайхныг хэлдэг.
- Сүүлийн жилүүдэд гэр бүлийн салалт ихэссэн статистик бий. Гэтэл аз жаргалтай амьдралын нэг хэсэг нь сайн хань ижилтэй байхад оршдог гэдэг. Ер нь хүмүүс хань ижлээ сонгохдоо юунд анхаарвал зохилтой бол?- Салалтын шалтгаан нь хань ижил, хүнээ буруу сонгосондоо гол биш. Хүн хэнтэй ч эвцэж, зохицож амьдарч чадна. Хөөрхөн, муухай гэдэг нь зөвхөн хүний л үзэл. Гоё нүд, хөөрхөн царайг харж амьдралаа сонгоно гэдэг инээдэмтэй биз дээ. Бие хаа, нүүр царай эрхэм биш. Хүн эцсийн бүлэгтээ дотоод мөн чанараас нь болж хүнийг хүндэтгэдэг юм даа. Ертөнцийн бүх хүн төгс гэгээрээгүй учраас ямар нэгэн өө бий. Өөнтөгч хүмүүс маш олон салж, нийлж явсаар сүүлдээ насны эрхээр нэг “юмтай” суугаад л насыг бардаг. Залуу зандан насны юу ч бодоогүй, сэтгээгүй, хүнтэй сайхан зохицож амьдрах бодол байхгүй, өөнтөгч, хувиа хичээсэн сэтгэлийн үйлээс л болж салж байгаа. Үр хүүхэд, сайхан танилцсан учралаа хэн хэн нь бодох хэрэгтэй. Аль алинд нь өө бий. Өөрөө хайрлахгүй байж хайрлуулах гэж оролддог, өөрийгөө хөөрхөн гэж бодчихоод нөхрөө хөөрхөн гэж хэлсэнгүй гээд уурлаад байдаг. Өдөр бүр хөөрхөн байна, хайртай гэж хэлээд байхгүй шүү дээ. Монгол хүний сэтгэлд нь жигтэйхэн их хайр нь нуугдаж байдаг. 70, 80 нас давсан улсад ээнэгшин дассан гайхамшигт сэтгэл байдаг. Нэгэндээ дасаж ээнэгшсэн гэр бүл нэгнийгээ мөрөөдөөд их ойрхон явчихдаг шүү. Ийм сайхан ээнэгшин дасаж, ханилж болж байгаа юмыг жаахан өөн дээр уурлаж, гэр бүлээ сарниулаад үр хүүхдээ өнчрүүлээд байдаг юм. Болохгүй биз дээ. Тиймээс бид нар өөр лүүгээ өнгийж, өөрсдийгөө л харах ёстой. Бие, хэл, сэтгэлийн үйлийг зөв болгох учиртай. Би өөрөө таалж байвал бусад нь ямар хамаатай юм гэж болохгүй. Бусдын хүч байхгүйгээр ганцаар амьдарна гэж хорвоод байдаггүй юм. Бусдыг бодох сэтгэл хамгийн агуу сэтгэлгээ юм.

-Битүүлэг зөөх, айл саахалтаараа явж бэлэг авах зэргээр хүүхэд насны цагаан сартай холбоотой сайхан дурсамж их. Та хүүхэд насныхаа цагаан сарын дурсамжаас хуваалцаач? -Цагаан сар болохоор бөөн баяр болно. Монгол айл бүр үйлдвэрлэгч байлаа шүү дээ. Одоогийнх шиг бүх зүйл нь бэлэн, зарж борлуулдаг юу ч байхгүй. Буузаа хийнэ, ул боовоо хайрч, ууцаа чанаж, идээ будаагаа бүгдийг өөрсдөө хийнэ. Энэ бүгд жаргал байсан даа. Боов хийх гээд л бурханы ширээнээсээ хэвнүүдээ гаргаж задлаад сайхан цэвэрлэж, сүүлээр тослоод л эхэлнэ. Бэмбийнээс нухалцах гэхээр эжий аав цаашаа гэж загнана. Тэгэх тусам нь хийх гэж хорхойсно. Самран боов хийх гэж гурилаа ганжинд хэлбэж, хөөрхөн хайчилж хайраад тавагны голдоо тавина. Энэ мэтчилэн хүүхдүүд ажил сурч, амьдралд дөр суудаг байлаа. Хүүхэд байхад ээж аав минь цагаан сардаа бэлддэг тэр завгүй өдрүүдийн онцгой сайхныг юугаар илэрхийлэх билээ. Миний хийсэн самран боовыг аав хараад л “Миний хүү ёстой сайхан хийж” гэж магтан хэлээд зогсож байсан дүр зураг сэтгэлээс ер гардаггүй юм. Айл хэснэ ээ. Жижигхэн боов, ёотонтой ч юм уу янз бүрийн л бэлэг авна. Бурханы шашинд “Өглөг өгснөөр өөрөө эд баялагтай болдог” гэсэн логик байдаг. Ер нь өглөгч хүн хэзээ ч юмаар дутдаггүй практик байна шүү дээ. Цагаан сараар өөрийн чадлын хэрээр л хүнд бэлэг өгдөг. Цагаан сараар хүнд бэлэг өгсөн төдийхнөөр айл мөнгө төгрөггүй болчихно гэж юу байх вэ. Ядарч зүдэрнэ ч гэж үгүй. Монголчууд хэдэн зууны турш ингэж амьдраад л ирсэн шүү дээ.-Сар шинийн баярын уламжлалт ёс, ухаарч дагах учиртай зан үйлийн тухай дэлгэрэнгүй ярьсанд баярлалаа. Танд эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Та сар шинэдээ сайхан шинэлээрэй.-Баярлалаа. Шороон гахай жилдээ монголчууд даяараа аз хийморь, буян хишиг нь дэлгэрч, энх тунх, эв эетэй, насан хутаг оршин улс орны минь хөгжил дэвшил улам бүр дэлгэрэн бадрах болтугай хэмээн ерөөл өргөж байна. Ум сайн амгалан болтугай.
