УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнд бүрэлдэн бий болсон шинэ парламент анхны чуулганаа хийснээс хойш ажлын нэгэн долоо хоног өнөөдөр өндөрлөлөө. Монгол Улсын Ерөнхий сайд үүрэгт ажлаа хүлээн авах хүртэл хэд хэдэн чухал томилгоо хийгдсэнийг тоймлон хүргэе.
2024.07.02.
УИХ-ын шинэ гишүүн, шинэ спикер Д.Амарбаясгалан
УИХ-аас тамгаа гардсан анхны томилгоо мэдээж УИХ-ын дарга байлаа. 5 өөр нам, эвслээс бүрдсэн 126 гишүүний олонх нь Дашзэгвийн Амарбаясгаланг дэмжин түүний төлөө гараа өргөв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын 2016, 2020, 2024 оны сонгуульд МАН-ыг ялуулж, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх сонгогдох замыг зурсан МАН-ын генсек. Д.Амарбаясгалан хувь улстөрчийнхөө хувьд анхны сонгуульдаа өрсөлдөж, анхны ялалтаа авч, гишүүн болмогцоо парламентын дарга болж буй юм.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга болов
УИХ-д сонгогдсон Ардчилсан намын гишүүд энэ өдөр анх удаа хуралдаж, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээр бүлгээ удирдуулахаар болов. Энэ хурлын өмнө бүлгийн даргад өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байсан УИХ-ын гишүүн Х.Баттулга нэрээ татсанаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өрсөлдөгчгүй сонгогдлоо. УИХ-д хоёр удаа сонгогдсон О.Цогтгэрэл өмнөх парламентад УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажилласан туршлагатай.
АН-ын бүлгийн эл хурлаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг УИХ-ын дэд даргаар томилохыг бүлгийн гишүүдийн олонх дэмжсэн байна.
2024.07.03
Я.Содбаатарын залуу насны хүсэл биелэв
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгалан УИХ-ын дарга болсонтой холбогдуулан түүний оронд МАН-ын гал тогоог Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Я.Содбаатарт түр хариуцуулахаар томилсон байна. Энэ томилгоог МАН-ын Бага хурлаар жинхлэх юм. Я.Содбаатар улс төрийн карьерынхаа туршид МАН-ын хоёр дахь том албан тушаал ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах амбийцтай байсан боловч түүний залуугийн энэ мөрөөдөл биелэх боломж гарч байгаагүй юм. Энэ удаа л түүний хүсэл биеллээ.
ЕТГ-ын даргаар Г.Занданшатарыг томилов
УИХ-ын дарга Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилж, ажилдаа оржээ.
2024.07.05 Баасан
Х.Булгантуяа УИХ-ын эмэгтэй дэд дарга боллоо
МАН УИХ дахь бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг томилж, УИХ-ын дэд даргад Х.Булгантуяаг нэр дэвшүүлсэн тухай мэдээлэл энэ өдрийн өглөө Төрийн ордонд хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар баталгаажлаа. УИХ дахь МАН-ын бүлэг эдгээр томилгоог дэмжсэн юм.
БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханыг томилов
2020 оноос Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Ганбаатарын Жаргалсайханыг Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилжээ. Түүний өмнөх Засаг дарга Н.Баянмөнх УИХ-ын сонгуулийн наймдугаар тойрог буюу нийслэлийн Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшиж ялагдсаны улмаас улс төрийн хариуцлага хүлээж, Засаг даргын үүрэгт ажлаа өгсөн байна.
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хоёр дахь удаагаа Ерөнхий сайдаар томилогдлоо
МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал өнөөдөр шуурхай хуралдаж, сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж засгийн эрхийг үргэлжлүүлэн барих Ерөнхий сайдын болон бусад томилгоог эцэслэн баталлаа. Өмнөх Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг гүйцэтгэх засаглалын тэргүүнээр өрсөлдөгчгүй, мөн маргаангүй дэмжлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 103 гишүүн 100 хувийн саналаар Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилсноор үүрэгт ажлаа албан ёсоор эхлүүлэх эрх нь нээгдлээ. Түүний өмнө Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчлэх, АН, ХҮН-тай хамтран байгуулах ажил хүлээгдэж байна. Сайд нарын шинэ танхим ирэх даваа гаригт эцэслэн бүрдэх төлөвтэй байна.